Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд нар АН-ын удирдлагыг бүхэлд нь залуу үедээ шилжүүлэхийг уриаллаа
Уриалга
Монголын ард түмэн, эх орноо ардчилал эрх чөлөөний замаар хөгжүүлэхийг эрмэлзэгч иргэд ээ Ардчилсан намын гишүүд дэмжигч нар аа Бид, Монголын ардчиллын тулгын чулуу болж анх байгуулагдсан гурван намын анхны дарга нарын хувьд та бүхэндээ хандаж байна. Бид, өнөөгийн АН болж нэгдсэн тэргүүлэх гурван намын анхны албан ёсны тэргүүний хувьд та бүхэнд хандаж байна. Бид, ардчиллын зарчмыг эх орондоо анх тунхаглалцаж, улс төр нийгмийн амьдралыг шинэ зүгт эргүүлэлцсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан та бүхэндээ хандаж байна. Ардчилсан намын гишүүд, ардчиллын зүтгэлтнүүд, амь насаараа дэнчин тавин тэмцэж шинэ цагийг авчралцсан баатруудаа! Нийгмийн шинэчлэлийн төлөө өөртөө хариуцлага ногдуулж, ардчиллын тугийн дор амьдарсан найз нар аа! Ардчилсан нам УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь АН-д ардчиллын зарчмаар зохих үнэлгээ өгсөн сонгогчдийн шийдэл, намын удирдлагадаа гутарсан гишүүдийн дургүйцэл, ардчиллын төлөөх үзэл санаандаа эргэлзсэн дэмжигчдийн санал сэтгэгдлийн нэгдэл байсан гэж бид үзэж байна.
Одоогоос 26 жилийн тэртээ Монгол улсын засаг төрийн эрхийг хэмжээгүй эзэгнэсэн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд буюу төрийн дархлагдсан удирдагчдийг огцруулахын төлөө тэмцэж, ардчилсан хувьсгалын баатруудын тэмцэл, ард түмний халуун дэмжлэг, тухайн үеийн МАХН доторх эрүүл саруул хүчний зөв алхамтай нэгдэн амжилтад хүрч байсан билээ. Харамсалтай нь 26 жилийн дараа Ардчилсан нам маань өөрөө шат шатандаа дархлагдсан суудалтай “Улс төрийн товчоо”-той, дээд удирдлага нь нийт гишүүдийн санаа бодлоос ангид, агаар салхи ордоггүй, цус сэлбэгддэггүй байгууламж болон хувирлаа. Яг л 28 жилийн тэртээд хуучин МАХН-ын гишүүд Улс төрийн товчоондоо ямар хүн нэмэгдэж хасагдсныг сонсгол мэдээнээс уншиж танилцдаг байснаас огт ялгагдахгүй боллоо. Сүүлийн хэдхэн жилд АН нь Монголын хамгийн хаалттай улс төрийн хүчин болж хувиран, ялангуяа түүний удирдах баг нь намаасаа бүрэн тусгаарлагдсан мафи маягийн бүтцэд шилжин орлоо. Ардчиллаар овоглосон энэ нам сүүлийн арваад жилд их хурлаа хийсэнгүй, сүүлийн хэдэн сонгуулийн хугацаанд удирдах бүлгээ шинэчилсэнгүй.
Удирдлагын мафижсан бүтцээ дагаад намын анхан шатны байгууллагууд нь овгийн байгуулал, феодалын нийгмийн үеийн хошуу ноёны албатуудын зохион байгуулалтад оржээ. Тэд үүнийгээ “бүлэг”, “фракци” гэж нэрлэн харилцан ашигтай хуйвалдаанаар төр ба намын удирдах албан тушаалтны томилгоог шийдэж байна. 2012 онд АН-аас намын нэрээр парламентад суудал авах хүмүүсийн жагсаалтыг гишүүдийн саналаар бус, энэхүү ханлиг, ванлигуудын толгойлогч нарын тохиролцоогоор шийдэж байсан. 2016 онд нэр дэвшигчдийн жагсаалтыг батлахдаа, хуулийн хугацаа дуусахаас хэдэн минутын өмнө мөнөөх ханлигуудынхаа нэгдсэн саналыг үзүүлж “Бөөнөөр батла”, үгүй бол “АН-аас нэг ч хүн хуулийн хугацаанд нэр дэвшиж амжихгүй” гэсэн хувилбараар тулгаж батлуулсан. Үнэнч хамсаатны сүлжээ, төрөл садны хэлхээс болсон намын байгууллагаа эвдэхгүйн тулд шинэ гишүүн элсүүлэх, намаа өргөжүүлэх ажлыг бүрэн зогсоожээ.
Өнгөрөгч сонгуулийн үеэр нэр дэвшигчид өөрийг нь дэмжиж ирсэн олон зуун хүнийг намд элсүүлэх гэтэл намын анхан шатны байгууллагын дарга нар батлах бичиж өгөхөөс татгалзаж булзсан явдал нэг биш гарсан байна. Энэхүү тогтоцыг нь өөрчилж, АН-ыг шинэчлэх, ардчиллын зарчмыг аврах оролдлого хийсэн гишүүдийн эсрэг өөрийн мэдэлд авч, үнэнч хамжлага нарынхаа гарт атгуулсан хууль хяналтын байгууллагыг турхирч, хүссэнээ хийлгэдэг болсныг олон түмэн ч харж байна. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж УИХ дахь намын бүлгийн ахлагч, АН-ын дарга, УИХ-ын дэд дарга зэрэг албыг өөрсдийн сонирхолдоо нийцүүлэн томилж буйгаа ичгүүргүй зарлаж байна. Энэхүү хууль бус тохироогоо гүйцэлдүүлэхээр улайрч, ҮЗХ-ын хурлыг явцуу хүрээнд долдугаар сарын 18-нд хийж, товлосон шийдвэрээ гбатлуулахаар зэхэж байна. Намын өмнөөс сонгогдсон гишүүдийн ажил албаны хувь заяаг намын гишүүдийн оролцоотойгоор, тэдний хүсэл зоригийн дагуу шийдэх ёстой гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй, Ардчиллаар овоглосон намын удирдлагыг гартаа төвлөрүүлж, нийгэмд хамгийн аюул учруулсан улс төрийн байгууламж болгон хувиргасан, сүүлийн үеийн дарга удирдагчид намын өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй болохыг нийт гишүүдэд сануулж байна.
Улс төрийн намгүйгээр ардчилсан тогтоц оршихгүй, Монголын голлох улс төрийн хүчин болох АН-гүйгээр Монголын улс төрийн тогтоцыг төсөөлөх аргагүй. Эцсийн дүндээ төрийн ариун байдал нь намын ардчилал, тунгалагшлаас эхтэй. Харамсалтай нь мафийн бүлгийн тогтолцоотой намын бүлэглэл бүхирдсон улс төрчдөө төрд илгээж, бохир үйл ажиллагаагаа батжуулдаг, тэр хэрээр төр бохирддог. Ийнхүү нөлөө бүхий феодалын хэмжээгүй эрх дор хураагдсан хошуу, ханлиг, ванлигийн тогтоцтой АН нь Монголын төрийн хамгийн өнгөтэй өөдтэй шинэтгэлийг санаачлагч атал төрөө хамгийн их бохирлогч болон хувирч байна. Энэ байдал нь Монгол орны хэвийн хөгжлийг гацаагаад зогсохгүй, улс төрийн ардчилсан тогтоцыг нурааж, дарангуйллын систем рүү хөтлөх аюултай гэж бид үзэж байна.
Иймээс: Ардчилсан намыг аврахын тулд,
Нэгдүгээрт, Намын удирдлагад бугшсан алдаа дутагдал, өнөөгийн байдалд дүгнэлт хийж, хариуцлага тооцох;
Хоёрдугаарт, Намын өнөөгийн удирдлагыг үндсээр нь өөрчилж, удирдлагыг шинэ залуу хүчинд шилжүүлэх;
Гуравдугаарт, Намын дүрмийг цаг үетэй нийцүүлэн шинэчлэх, намын амьдралын өдөр тутмын мөрдлөг болгох;
Дөрөвдүгээрт, Итгэл үнэмшлээрээ сонголт хийсэн хүн бүрийн өмнө намыг нээлттэй болгож овог аймгийн тогтолцооноос салгах; Юун түрүүн эдгээр алхам яаралтай хэрэгтэй байна. Ийм шинэчлэл нь АН-ыг үргэлж шинэчлэгдэн тэлж, удирдах бүлэглэл нь шинэ үеийн залуу улс төрчдөөр байнга сэлбэгдэн, ардчиллын зарчмыг түгээн дэлгэрүүлэгч улс төрийн хүчирхэг нам болгон хувиргах болно. Намын удирдах албыг гишүүдийн сонголтоор бус бүлэглэл хоорондын тохироогоор шийддэг “хар уламжлалыг” зогсоож, Ардчилсан намын доторхи ардчиллыг сэргээхээс ажлаа эхлэх ёстой.
Энэ ажлыг эхлүүлэхийн тулд АН-ын ҮЗХ-ны гишүүд долдугаар сарын 18-нд болох хуралдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, намаа улс төрийн ялагдалд хүргэсэн дарга нар, “фракцийн удирдагч” гэгч нарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. ҮЗХ-ны гишүүдийг намын мянга мянган гишүүдийн өмнөөс төдийгүй, үндэсний хэмжээний намын өмнөөс үндэстнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлахыг уриалж байна. Улмаар ойрын гурван сард багтаан намын их хурлыг зарлан хуралдуулахыг ҮЗХ-ны гишүүдэд уриалж байна. Намын их хурлын төлөөлөгчдийг намын бүх гишүүдийн хурлаас сонгож ирүүлэхийг уриалж байна. Намаа шинэчлэх, ардчиллын зарчмыг авран үлдээх шинэчлэлийг дэмжин хамтрахыг АН-ын бүх гишүүдэд уриалж байна. Ардчилсан хувьсгалын анхдагчид, ардчиллын үйл хэргийг халуунаар дэмжсэн гишүүд, дэмжигчид, эх орноо гэсэн монголчуудынхаа халуун дэмжлэгт бид найдаж байна.
МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл
МСДН-ын анхны дарга Баабар
МҮДН-ийн анхны дарга Да.Ганболд
URL: