Хууль зөрчигсөд хэдий болтол “Даам гарах” вэ

Хууль зөрчигсөд хэдий болтол “Даам гарах” вэ

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо бидний нэрлэж заншсанаар Сансрын аюулгүйн тойргоос хойшихноо уламжлалт анагаах ухааны нэгдсэн төв эмнэлэг, “Оточ Манрамба” их  сургууль, Манба дацан хийд байрлаж,  1990 оноос хойш өв уламжлал, эмчилгээ, сургалт, эм үйлдвэрлэл, судалгаа шин­жилгээг цогцоор нь үзүүлж эхлээд багагүй хугацааг үдсэн. Тэгвэл  сүүлийн хагас жил гаруй хугацаанд  тус цогцолбор барилгын дулааны шугам бүхий нутаг дэвсгэрт  эзэн нь үл мэдэгдэх обьект хууль бусаар  баригдаж эхэлсний улмаас эмнэлэг, сургуулийн барилга дулаанаа авч чадахгүйд хүрч болзошгүй нөхцөл байдал үүссэн талаархи гомдол  манай сонинд ирсэн юм. Энэ дагуу тус газрыг зорилоо. Биднийг очиход хаяа хэсгээ хайргаар манаж, бүргэд хаалга, вакум цонхтой, машин орох зориулалтын хаалга бүхий  улбар шар өнгийн барилгын ажил бараг дууссан харагдав. Барилга цоожтой, хэн ч байсангүй. Тиймээс Манба дацан уламжлалт эмнэлгийн менежер М.Гэрэлтуяатай уулзаж, үүссэн нөхцөл байдлыг тодруулснаа дор сийрүүлье.

Хэрэг ингэж эхлэв

Угтаа “Эрчим хүчний тухай хууль”-ийн 33 зүйлийн нэгд “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг.

Тэгвэл 2016 оны зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө хэсэг залуус энэ хуулийг зөрчин БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Манба дацан хийдийн урд буюу дулааны шугам сүлжээ бүхий хэсэгт газар ухаж, зургаан ширхэг төмөр багана босгосон байна. Ингэхдээ авто зам, дулааны шугамны гадуурх хамгаалалтын лоткиг цоолон гэмтээж, “Ундрам” авто сервис, Цома, Илд Бамбай зэрэг байгууллагуудын цахилгааныг тасалж,  н.Содбилэг гэгч хүний захиалгын дагуу ажлыг гүйцэтгэж буйгаа хэлжээ.

Улмаар захиалагчтай нь  холбогдон баганыг дулааны шугам дээр босгосон,  мөн байгууллагын цахилгааныг тасалсан талаар хэлэхэд, “Хүн хөлсөлж хийлгэж байгаа юм. Би хотоос гадуур байна. Барих ёстой газраасаа наана барьчихсан юм шиг байна. Одоо зохицуулаад учрыг нь олчихно. Цахилгааныг нь залгана” гэж хариулсан байх юм. Гэвч зургадугаар сарын 12-ноос хойш Содбилэг гэгч холбоо тасарч, төмөр багана өнөөх газартаа байрласан хэвээр байжээ. Тухайн үед сонгууль, наадам, зуны амралт ч таарч.

Тэд шөнөөр ажилладаг

Харин  есдүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 02:00 цагийн үеэс дутуу босгосон төмөр каркасыг битүүлэн ажиллаж эхэлсэн байна. Иймд “Илд Бамбай”, “Бимекс”, “Манба дацан” зэрэг байгууллагын ажилтнууд зогсоохыг оролдсон  хэдий ч бүтэлгүйтсэн тул   хуулийн дагуу асуудлыг шийдүүлэхээр Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны алба, БЗД-ийн Засаг дарга, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Нийслэлийн МХЕГ зэрэг холбогдох бүхий л байгууллагад ханджээ. Энэ хугацаанд өдрийн цагаар нам гүмхэн байх обьект  шөнийн цагаар   баригдсаар л байсан гэнэ.

Тухайн үед “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хариуцсан байцаагч  инженер нөхцөл байдалтай танилцаж үзээд, обьект эрчим хүчний тухай хууль, техник ашиглалтын дүрмийн холбогдох заалтыг зөрчиж буй тул холбогдох хяналтын газарт хандаж, үйл ажиллагааг нь зогсоож, дулааны шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байх юм. Үүний дараа Нийслэлийн МХГ-ын байцаагчид үүссэн нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр холбогдох бичиг баримтгүй зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох акт үйлдэж, эзэн холбогдогчийг нь тогтоож, эрх зүйн баримт бичгийг татан шалгах ёстой гэсэн дүгнэлт гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, барилгын эзэн холбогдогч нь хэн, газар хэнийх эсэхийг тогтоох шаардлагатай болж. Гэтэл барилга барьж буй ажилтнуудын тухайд шөнөөр ажлаа явуулж, холбогдох байгууллагад худал мэдээлэл өгч, хоног хугацаа аргацаасаар байсан төдийгүй  сонгуулийн дараа төрийн байгууллагуудад  бүтцийн өөрчлөлт орсны улмаас нэлээд хугацаа алджээ.

Бүтцийн өөрчлөлт БЗД-ийн өмч, газрын харилцааны албанд ч явагдаж, асуудал цэгцэрсэн хойно нь дахин хандахад, обьект баригдахаас гурван сарын өмнө буюу “2016 оны гуравдугаар сарын 23-ны өдөр БЗД-ийн иргэн Б.Бат гэгч хүний  нэр дээр тухайн газрыг шилжүүлсэн тухай Засаг даргын захирамж гарсан” байгааг  уламжилсан байна. Өөрөөр хэлбэл, тэрхүү дулааны шугам бүхий газар эзэнтэй, иргэн Б.Оюунцэцэгээс Б.Батад эрхийг шилжүүлэн авсан байна гэсэн мэдээ иржээ.

500 сая гаруй төгрөгийн өртөг бүхий дулааны шугамыг өргөтгөх  үед тухайн газар нийтийн эзэмшлийнх байжээ

Хамгийн сонирхолтой нь Манба дацан хийд 2011 онд төвийн дулааны шугамыг өргөтгөж, 150-ын өргөнтэй том шугамыг өөрийн хөрөнгөөр буюу 500 гаруй сая төгрөгийн өртөгөөр   тавих үедээ холбогдох байгууллагаас техникийн нөхцөл авсан байна. Тэр үед тухайн хэсгийн газар эзэнгүй буюу нийтийн эзэмшлийнх байжээ.

Техникийн нөхцлийг олгохдоо холбогдох газрын алба болон Дулааны сүлжээ ТӨХК зэрэг байгууллагууд  ямар нэг маргаан үүсгэхгүйн тулд холбогдох  баримт бичгийг тулгаж үзсэний үндсэн дээр 2011 оны есдүгээр сарын 1-нд дулааны шугам татаж болно гэсэн зөвшөөрөл олгосон байна.

Зураг төсөл нь ч  Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт дулааны шугамтай гэж тэмдэглэгджээ.  Гэтэл асуудал үүсэх үед тухайн хэсгийн газрыг Засаг даргын захирамжгүйгээр  2001 онд Б.Оюунцэцэгт олгосон байжээ. Харин 2016 оны гуравдугаар сард буюу барилга баригдахаас гурван сарын өмнө иргэн Б.Батад шилжүүлж, Засаг даргын захирамж гаргасан байх юм.

“Бид ингэж л ажилладаг” гэж томорчээ

Манба дацан хийдийн тухайд хувийн хөрөнгөөр тавьсан дулааны шугам, цэвэр усны ирэх буцах шугамыг хуулийн дагуу хамгаалуулж, үйлчлүүлэгсдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандсанаа хэлж байлаа. Цагдаагийн байгууллага ч дуудлагын дагуу очиж, хэд хэдэн удаа багаж төхөөрөмжийг нь хурааж, үйл ажиллагааг нь зогсоосон ч, төд удалгүй дахин шинэ багаж авчран барилгын ажил үргэлжилсээр байжээ.

М.Гэрэлтуяа менежер “Нэгэн удаа шөнийн 03:00 цагийн үед цагдаагийн газраас залгаж, тус барилгын захиалагч Н.Содбилэг гэгчтэй ирж уулзахыг хүссэн. Тэр дагуу очиход миний гурван сарын өмнө утсаар ярьсан залуу мөн байсан” гэж бидэнд ярилаа. Харин өмнө нь асуудлыг шийднэ хэмээн утсаар эелдэг хариулт өгч байсан залуу “Бид ингэж л ажилладаг. Хүмүүс хэл ам гаргадаггүй. “Бимекс” “Илд бамбай” танайх яасан их хэл амтай юм. Барилгаа барьсан хойноо бичиг баримтаа гаргуулаад авчихдаг.

Та нар ингээд ямар ч нэмэргүй” хэмээн басамжилсан байх юм. Хамгийн ноцтой нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 9-нд барилгын хаалга онгорхой байхтай Манба дацан эмнэлгийн инженерийн нэг ажилтан таарчээ.  Тэгээд хэсэг ажилтнуудын хамт дотор нь ороход газрыг доош ухаж,  дулааны шугамны хамгаалалтыг хуулсан байдалтай байж. Гаднаас нь харахад л үйлчилгээний зориулалттай обьект гэмээр уг барилгын захиалагч магадгүй  дулааны шугамын хамгаалалтыг хуулснаараа бохир, цэвэр усаа  мөн л хулгайгаар авахыг санаархсан бололтой.

Хэрэв тэд ийн дураараа авирлахдаа дулааны шугамыг гэмтээвэл Манба дацан уламжлалт эмнэлэг, сургууль, хийдийн халаалт зогсохоос гадна өндөр даралт бүхий том шугам учир бойлуур гэмтэх аюулгүй аж. Энэ мэт хэсэг увайгүй нөхдийн амин хувиа бодсон өчүүхэн ашиг сонирхлын улмаас бүхэл бүтэн цогцолбор барилга дулаан авч чадахгүйд хүрч магадгүй нь.

Тус барилгын доогуур мөн тухайн хэсгийн орон сууцны бохирын шугам ч байрлаж буй гэнэ. Хэдийгээр Манба дацан хувийн хөрөнгөөр шугамыг өргөтгөсөн ч,  хуульдаа бусад хувь хүн байгууллага хүсвэл  тохиролцсны үндсэн дээр хамтран эзэмших үүрэгтэй байдаг байна. Гэтэл захиалагч нь тэдэнтэй уулзах нь бүү хэл, хэн ямар зориулалтаар барьж буй нь тодорхойгүй ийн нэгэн барилга эдүгээ ашиглалтад орох дөхжээ. Түүнчлэн, шөнийн цагаар хэсэг залуус ирж, багаж дуугарган ажлаа гүйцэтгэдэг тул тус барилгад юу болж, хэрхэн дураараа дургиж буйг тааж хэлэхэд ч бэрх юм.

Тэдэнд хууль үйлчилдэггүй

Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг зорилоо. Тэнд дулааны шугам дээр барьсан хууль бус барилгын ажлыг зогсоох чиглэлээр сүүлийн гурван сар гаруй хугацаанд ажиллаж буй Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.Алтансүхтэй уулзлаа. Тэрбээр “Шөнийн цагаар хүмүүс дотор нь ажил хийгээд байдаг. Газар дээр нь очоод ямар учиртай болохыг тодруулахад худал мэдээлэл өгдөг. Түр зогсоох акт үйлдэж, шаардлага тавьсан ч биелүүлдэггүй.

Тийм учраас хуульд заасны дагуу барилгын эзэн холбогдогч нь тодорхойгүй учраас газар эзэмшигчийг тодруулахаар Нийслэлийн Газрын албанд албан бичиг явуулсан. Хариу нь 2016 оны аравдугаар сард манайд ирсэн. Ингэхэд, Б.Оюунцэцэгээс иргэн Б.Батад 500 м.кв газрыг шилжүүлсэн нь тодорхой болсон. Ингээд Б.Батын нэр дээр барилга угсралтын ажлыг түр зогсоох акт гаргаж, түүнийгээ иргэн Б.Батад танилцуулж гарын үсгээр нь баталгаажуулж авах гэхээр ирдэггүй. Б.Батын оршин суугаа хаягийг тодруулахаар нэлээд хайсны эцэст БЗД-ийн 15 дугаар хороонд байр авсныг нь илрүүлсэн.

Улмаар тэр хаягийнх нь дагуу мэдэгдэх хуудас наасан ч, утсаар тодруулсныхаа дараа биеэр ирээгүй. Сүүлдээ утсаа авахаа ч больсон. Арга бараад Нийслэлийн Газрын албанд дахин очиж, тодруулсан” гэлээ. НМХГ, БЗД-ийн цагдаагийн хэлтэс бол төрийн эрх бүхий байгууллагууд. Гэвч дулааны шугам дээр дураараа дургин барилга баригчид, газар  эзэмшигчийн хувьд “жижигдэж” буй бололтой. Хэнд ч хардах эрх нь нээлттэй шүү дээ.

Б.Бат хууль бусаар газрын гэрчилгээ авсан байх магадлалтай

Ц.Алтансүх байцаагчийн хэлж буйгаар Нийслэлийн Газрын албанд өөрийн биеэр очиж, холбогдох баримт бичигтэй танилцах үедээ нэг зүйлийг илрүүлжээ. Тодруулбал, 2001 онд тус газрыг эзэмшиж байсан гэх иргэн Б.Оюунцэцэг газраа өмчлөх үедээ Манба дацан хийдээс хойно байрлах Дарь Эхийн 1-76 тоот газрыг өмчилж авсан байдаг юм байна.

Гэхдээ иргэн Б.Батад шилжүүлсэн гэх газрынх нь гэрчилгээнд Дарь Эхийн 1-33 тоот  газар гэж тусгасан байх аж.  Гэтэл үнэн хэрэгтээ  тус хаяг дээрх газрыг шалгаж үзэхэд, 2008 онд 87 онд төрсөн хүн өмчилсөн байсан нь ил болжээ. Архивын баримтаас үзвэл, Б.Оюунцэцэг газар эзэмших эрхийг Б.Батад шилжүүлэхийн хүссэн өргөдлөө өгснөөс хойш ердөө 10 гаруйхан хоногийн дараа асуудал шийдэгдэж,  газрын гэрчилгээ нь гарсан байв.

Тус гэрчилгээг Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Н.Батсүх олгосон байх бөгөөд нэгж талбар нь бичигдээгүй байх аж. Энэ мэтээр асуудал товчхондоо тун ч эмх замбараагүй өрнөсөн байх юм. Нэг талаар, иргэн Б.Оюунцэцэг нь Дарь Эхийн 1-76 тоот газрыг өмчлөх үедээ өмнөх эзэмшиж буй газрынхаа гэрчилгээг хураалгаагүй. Улмаар тэрхүү гэрчилгээгээ Б.Батад шилжүүлсний улмаас хууль бус асуудал үүссэн байх магадлалтай гэж хардаж болохоор байгаа юм.

Нөгөө талаар, хууль хяналтынхан мэдэгдэх хуудас өгсөөр байтал өөрийн биеэр ирж уулзахгүй байгаа Б.Бат газрын гэрчилгээ хуурамч гэдгийг өөрөө мэдэж байх магадлалтай.  Ямартай ч, Б.Батын гэрчилгээ хуурамч, Манба дацан хийдийн өмнөх дулааны шугам дээр баригдаж буй будаг нь ханхалсан барилга ч хууль бусаар баригдаж буй нь хэнд ч тодорхой боллоо.  Гэтэл эзэн холбогдогч нь тодорхойгүй, хууль, хяналтынхны шаардлагыг биелүүлдэггүй “Даам” гарагсдад ямар хариуцлага ногдуулах вэ.

Нийслэлийн МХГ-ын тухайд газар эзэмшигчийн нэр дээр барилга угсралтын ажлыг түр зогсоох акт гаргаж, гарын үсгээр нь баталгаажуулан холбогдох газарт шилжүүлснээр үндсэндээ тус байгууллагын гүйцэтгэх үүрэг нь дуусах аж. Харин цаашид БЗД-ын цагдаагийн хоёрдугаар хэлтэст холбогдох баримт очиж, мөн  шүүхээр асуудлыг шийдвэрлүүлсний дараа л хэргийн учиг тайлагдах бололтой.

Тэр болтол өнөөх хууль бус барилга үйлчлүүлэгчдээ хүлээн аваад эхэлчих юм биш байгаа. Бүр муугаар бодоход дулааны шугам гэмтэж, хагас тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө үнэгүйдэх юм юм биш биз. “Манба Дацан” төвийн менежерийн хувьд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт ч албан хүсэлт илгээсэн гэдгээ хэлсэн. Тиймээс Нийслэлд хууль үйлчилдэг л бол хууль зөрчигсөд, “Даам гарагсад”-д холбогдох хариуцлагыг ногдуулж, хууль бус барилгыг албадан нурааж, мянга мянган хүний эрх ашгийг хамгаалах болов уу. Асуудал хэрхэн шийдэгдэхийг хүлээх л үлдлээ.

mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих