Доголон төлөвлөгөө, дорой тэмцэл
Дэлхийн газрын зураг дээрх Монгол Улсын өнгө хүйтний улиралд өөрчлөгддөг болоод арван хэдэн жил өнгөрчээ. Цэлийсэн уудам нутагт улаан өнгийн ганц цэг тодрох нь хүн амынх нь талаас илүү хэсэг төвлөрсөн нийслэл буюу манай улсын утааны голомт. Энэ өнгө хүйтний эрч чангарсан ид үед бол бүр тодорч, хүрэн улаан болж хувирдаг. Гагцхүү салхины аясаар л тэрхүү өтгөн өнгө шингэрч нил ягаан, улбар шар болно.
Харин бохир агаараар манайхтай үе үе үзүүр түрүү булаалддаг хятадууд, энэтхэгчүүд салхи саатан морилохыг хүлээхээ хэдийнэ больжээ. Агаарын чанарыг илтгэх өнгө өтгөрөх бүрт нэгдсэн зохион байгуулалтад ордог болов. Энэ зохион байгуулалтын зорилго тодорхой.
Богино хугацаанд иргэдийнхээ эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор уршгийг нь багасгах. Энд урт хугацааны төлөвлөгөөний талаар яриагүйг эрх биш анзаарч буй биз. Он гарсаар Хятад улс агаарын бохирдлын түгшүүрийн улаан гэрлээ асаалаа. Гуанжоу, Чэнду болон Ханжоу зэрэг хотын агаарын чанар ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс давсан тул төрийн төмөр нүүрийг харуулсан дотоод системээ ашиглаж эхэлжээ.
Хувийн автомашинуудын хөдөлгөөнийг 50 хувь хязгаарлаж, үйлдвэрүүдийг хааж, барилгын үйл ажиллагааг зогсоогоод байна. Цаашлаад байгаль орчны цагдаа нараар автомашины хорт утааны ялгарал, зам дагуух тоосжилт зэргийг багасгахад хяналт тавиулахаар илгээгээдэхэв. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад богино хугацааны арга хэмжээ авах ёстой гэдэгт дарангуйлагч төртэй Хятад, ардчилсан засаглалтай Англи ч ялгаагүй ижил ойлголттой.
ӨНГӨӨР СЭРЭМЖЛҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНД
ДЭМБ-аас баталсан агаарын чанарыг илтгэх зургаан өнгө бүхий загварыг гишүүн орнууд ашигладаг. Манай мөрддөг индекс ч мөн ялгаагүй. Агаарын чанар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байвал ногооноор тэмдэглэж, цэнхэр агаар хэмээн нэрийддэг. Цэнхэр агаарын индекс 50 хүртэлх тоонд хэлбэлздэг.
Харин индексийн өөрчлөлт 51-100 болоход шар өнгөөр илэрхийлж, агаарын чанарыг хэвийн гэж ангилдаг. Гэхдээ агаарын чанар ийм байгаа тохиолдолд нарийн ширхэглэгт тоосонцорын нөлөөллийн улмаас хэт мэдрэг хүмүүст астма болон амьсгалын замын бусад өвчин илрэх магадлалтай. Тиймээс тэдэнд зориулсан сэрэмжлүүлэг, анхааруулга холбогдох байгууллагаас гаргадаг юм байна.
Энэхүү шар өнгө улбар болон хувирч, индекс нь 250 хүртэл нэмэгдвэл агаарын чанарын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө хүрээгээ тэлдэг. Амьсгалын замын өвчтөнүүдээс гадна зүрх судасны өвчтэй хүмүүс горыг нь амсаж эхэлдэг байна. Ийм үед агаарын чанар дахин муудахаас сэргийлсэн арга хэмжээнүүдийг авч эхлэх ёстойг олон улсын протоколд заажээ. Наанадаж л шүүлтүүргүй эх үүсвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээ авдаг.
Харин агаар дунд зэргийн бохирдолтой буюу индекс нь 400 хүрэхэд нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрч эхэлдэг байна. Энэ нь эргэн тойрон 50 метрээс дотогш үзэгдэх орчин хязгаарлагдаж байна гэсэн үг. Тийм учраас бохирдолд өртөмтгий эмзэг бүлэг болох хүүхэд, хөгшчүүдээ нэн түрүүнд анхаардаг жишиг бий. Тухайлбал, Шанхай хот ийм үед сургууль, цэцэрлэгийг хаах зэргээр эмзэг бүлэгт чиглэсэн хөл хорио тогтоодог байна.
Тэгвэл агаарын чанарын индексийн өнгө хүрэн, улаан болоход нийт хүн амын эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Тиймээс гадаа удаан хугацаагаар байхыг хориглодог. Ер нь агаарын чанарын индекс 300-гаас дээш гарахад л гадуур гүйх зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийхийг шууд хориглодог зөвлөмж бий. Энэ зөвлөмжийг АНУ, Европын холбоо, Канад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Хятад, Их Британи, Сингацур гээд ихэнх оронд хэрэгжүүлдэг аж.
ГАМШГААС УРЬТАХ ГАРЦ
Агаарын бохирдол нэмэгдлээ, одоо юу хийх вэ гэдгийг дээрх ангилал маш тодорхой заагаад өгчихөж. Гол нь ямар арга замаар хэрэгжүүлэх вэ гэдгээ дээр дурдсан орнууд эрх зүйн баримт бичгээр зохицуулсан байдаг юм байна. Бүр тодорхой хэлбэл, Энэтхэг, Хятадад мөрддөг цэнхэр, шар, улбар шар, улаан гэсэн түгшүүрийн өнгөний систем тэрхүү эрх зүйн баримт бичгийн нэг илрэл. Хятад улс агаарын бохирдлын түгшүүрийн өнгөний системийг 2014 оноос хэрэглэж буй.
Манай улс ч мөн ийм баримт бичигтэй байсан бол гамшиг зарлая, үүнтэй холбоотой тухай хууль тогтоомждоо өөрчлөлт оруулая гэсэн шахалт цэвэр агаараар амьсгалахыг хүссэн олон нийтээс ирэхгүй байсан биз.
Улаанбаатарын утаа үнэхээр гамшиг зарлах хэмжээнд хүрсэн, эсэхийг тодорхойлох эрх зүйн үндэслэл тун бүдэг бадаг. Манай Гамшгийн тухай хуульд агаарын бохирдлыг гамшигт тооцдоггүй. Мөн олон улсын стандартын дагуу бохирдлын хэмжээ ДЭМБ-ын баталсан хүлцэх хэмжээнээс 10 дахин их түвшинд 24 цаг үргэлжилсэн тохиолдолд гамшигт тооцдог гэдгийг БОАЖЯ-ны Агаарын бохирдол бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн А.Оюун хэлсэн юм. Тиймээс ч гарц, шийдлээ олохын тулд энэ долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөн бүрэлдэхүүнээр хуралдах гэж буйг албаныхан ярилаа.
Үнэндээ хүндрэлийг’ ийм хэмжээнд хүртэл нь юу ч хийгээгүй, сэргийлэх арга хэмжээгээ тодорхой болгоогүй явсан нь бидний том алдаа. Энэ нь ч дээрх улсуудын жишээнээс харагдаж буй. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар “Бусад улс орон агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс дээш гарвал нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, авах арга хэмжээгээ тодорхой болгодог юм байна. Гэтэл манайд агаарын чанарын индекс хүн бүрийн эрүүл мэндэд аюултай түвшинд хүрчихээд байхад яах ёстой нь тодорхойгүй” хэмээв. Нийслэл хотын хэмжээнд 15 цэгт байрлуулсан агаарын чанарыг хэмжих суурин харуул, agaar. mn цахим хуудсаар тогтмол гардаг мэдээлэл нь зөвхөн бохирдлын хэмжээг тогтоосон төдий үзүүлэлт биш. “Агаарын бохирдол бизнес болсон” гэх занал зүхэл ч өнгөрсөн хугацаанд дээрх платформуудыг “амь оруулж” чадаагүйнх. Цаашлаад утааны уршгаас олон түмнээ сэргийлэх далайцтай ажил хийж чадаагүйн гор гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой биз. Богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ эрх зүйн орчинд нь бүрдүүлээд өгвөл иргэдийн хариуцлага ч дээшилнэ.
Утаагүй зуух гэхэд өнөөдөр л ад болоод байгаа болохоос тухайн үедээ үр дүнтэйг нь авсан хүн бүр хэлж байсантай маргах аргагүй. Лабораторийн туршилтаар утааг 90 хувь багасгаж, түлшинд 30 хувь хэмнэлттэй гээд олон давуу талтай нь батлагдсан. Харамсалтай нь, тараасан утаагүй зуухны 50-иас илүү хэсэг нь байхгүй болсон гэх албан бус мэдээлэл бий. Авсан айлууд нь зааврын дагуу галладаггүй, идшээр сольсон гээд утаагүй зуухны ид шидийг сэгсэрчихсэн жишээ олон. Утааг даам гаргаж буй иргэдийн энэ мэт хариуцлагагүй байдлыг цэгцлэхэд төр төмөр нүүрээ харуулахаас өөр сонголт бидэнд үлдсэн гэж үү. Хэдийнэ ассан галыг унтраахын тулд өрх бүрт нөлөөлөх эрсдэлтэй алхам хийхээс аргагүйг Б.Цогтбаатар анхааруулав.
Мөн Агаарын тухай хуульдаа ч иргэн, аж ахуйн нэгжийн эрх. үүргийн талаар маш тодорхой, нэмэлт өөрчлөлт оруулах нь ус, агаар мэт хэрэгтэй байгааг салбарын мэргэжилтнүүд зөвлөсөн юм.
З.ЦЭЛМЭГ /ЗГМ/
URL: