М.Үүрцайх: Удган болсноор аялгууг илүү гүн мэдэрч байна

9854“Чамайгаа оллоо”, “Чиний хайранд” зэрэг олон дуугаараа нэгэн цагт сонсогчдын сэтгэлийг булгилуулж явсан Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар уран бүтээлээ хэсэг завсарласнаар дуэт дуучдын орон зай эзгүйрээд байсан. Гэхдээ тэд дахин хамтрах аж. Энэ тухай дуучин М.Үүрцайхтай ярилцсанаа хүргэе.

Бид зураачдын урлан байрладаг Урчуудын эвлэлийн хорооны “А” байранд уулзсан юм. Тэрбээр зураач Сэргэлэнтэй уран бүтээлээрээ холбогдсон учир энд дуудсан аж. Шар хэвлэлийнхэнд сайн, муугаараа хэдэнтээ цоллуулсан болоод ч тэр үү, тэрбээр ярих хэлэхээ цэгнэж, илүү үг унагасангүй. Дотор руу нь өнгийх оролдлого хийх бүрт тавьсан асуултад товч тодорхой хариулчихаад дүрлийтэл ширтэж, хаалт тавиад байлаа.

-Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Өнгөрсөн оны сүүлчээр “Хөх нар”, “Зул сар” гэсэн хоёр дуу бичүүлж, дүрсжүүлснээ саяхнаас цацлаа. Шинэ онд зураач Сэргэлэн ахын үг, аяыг нь зохиосон дуунуудаас дуулахаар төлөвлөсөн. Цагаан сарын өмнөхөн хоёрыг нь дүрсжүүлнэ. Дуунуудаа үзэгчдэд тодорхой хэмжээнд хүргэж байж, дараа дараагийн алхмаа хийж, цомог гаргах бодол бий. Мөнхбаттай хамтарсан хоёр дахь цомгоо энэ онд гаргахаар ярилцсан.

-Уран бүтээлээ хэсэг завсарлаж байснаа 2012 онд та хоёр дахин хамт дуулж, цомог гаргахаар төлөвлөж байсан санагдана.

-Тийм ээ. Тухайн үед 10 гаруй дуу бичүүлсэн ч Мөнхбатынх шинэ хүнтэй болж, би ч хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлээд хоёр талд хувийн амьдралаа зохицуулах болсон. Тэр бүтээлүүд дээрээ хоёр, гурвыг нэмээд цомгоо хэвлүүлнэ дээ. Бид 2016 онд хамтарч хэд хэдэн арга хэмжээний үеэр дуулсан.

-Өнгөрсөн хугацаанд өөр юу хийсэн бэ?

-Би хүү, охинтой болсон. Тэднийгээ хараад л нам жим амьдарч байлаа.

-Та ер нь нууцлагдмал хүн үү. Фэйсбүүк хуудсандаа зургаа хийдэггүй, сэтгэгдлээ ч бичдэггүй юм билээ.

-Хов живээс холуур явж, онц шаардлагагүй бол фэйсбүүк ашигладаггүй ээ.

-Түр хугацаанд урлагийн амьдралаасаа хөндийрчихөөр найзын хүрээлэл багассан уу. Амьдралд тань ямар өөрчлөлт гарсан бэ?

-Би угаасаа тийм ч олон найзтай хүн биш. Тоотой хэдэн дотнын найз минь бий. Нэгэнт хувийн амьдралдаа анхаарал хандуулах замыг сонгож явсан болохоор хэн холдож, ойртож, өөрчлөгдсөнийг анзаарсан ч үгүй. Тухайн үед би хүүхэд байсан учир мэдээж одоо олон зүйл өөрчлөгдөлгүй яах вэ. Амьдрал зохиогоод, дотроо бодолтой, доороо суурьтай болчихоор ирээдүйгээ өөрөөр харна. Урьд нь зөвхөн амин хувиа боддог байсан бол өдгөө хоёр хүүхдийнхээ ирээдүйд санаа тавина шүү дээ.

-Гэртээ суухад ийм тийм уран бүтээл хийх сэн гэх буцалсан мэдрэмж үе үе төрнө биз?

-Яг үнэнийг хэлэхэд нялх нойтон хүүхэдтэй зууралдаж байхад уран бүтээлийн тухай бодол орж ирдэггүй юм билээ. Одоо тасралтгүй уран бүтээл хийхээр шийдсэн учраас гэртээ өнгөрүүлсэн цаг хугацаандаа харамсдаггүй.

-Урьд нь Мөнхбаттай хоршин дуулдаг байсан бол одоо ганцаараа уран бүтээл хийж эхэлжээ. Хэр их ялгаа байна вэ?

-СУИС-ийн эстрадын дуулаачийн анги төгссөн, мэргэжлийн дуучны хувьд ганцаараа уран бүтээл хийж үзэх юм сан гэж олон жилийн өмнөөс битүүхэн мөрөөддөг байлаа. Саяхнаас хүслээ биелүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Мөнхбаттай хамт дуулдаг гэдгээр минь хүмүүс хүлээгээд авчихсан болохоор ганцаараа дуулснаа бусдад хүргэх тийм амар биш болов уу.

Түүний тэр орон зайг дүүргэж дуулахад их хөдөлмөр шаардана байх. Ямар ч байсан Мөнхбаттай хамт гаргасан хит бүтээлүүд шигээ чанартай дуунуудыг хүмүүст хүргэе гэж бодож байгаа. Би бас бүх жанрын дуу дуулж үзэх сэн гэж мөрөөддөг байсан. Үүнийгээ ч биелүүлэхээр олон төрлийн дуу сонгосноо бүтээл болгохоор бэлтгэл хийж байгаа.

-Амжилт олох болов уу гэсэн эргэлзээ, айдас төрж байна уу?

-Хоёрын хооронд гурвын дунд дуу хийж цацаад “Хүмүүс сонсох болов уу” гэж эргэлзэх байсан бол гаргаад ч хэрэг байхгүй л дээ. Сонсоно гэж бодсон учраас л дуулж байгаа шүү дээ.

-Хоёр дахь цомгийн дуунууд та хоёрын оюутан байхдаа хит болгосон бүтээлүүдийн хэмжээнд хүрэх болов уу?

-Хоёр дахь цомогт багтсан дуунуудын заримыг биднийг оюутан байхад дуулуулахаар зохиож байсан юм. Ямар ч байсан чанартай бүтээлүүдийг сэтгэлээсээ дуулж чадвал тухайн бүтээл өөрөө хүний сэтгэлд хүрэх замаа олдог.

-Урьд нь хамтлаг дуучид “UB palace” зэрэг олон мянган хүний суудалтай концертын танхимд тоглолтоо хийдэг байсан бол одоо клуб, ресторанд уран бүтээлээ тайлагнадаг болжээ.

Таны бодлоор манай рок поп урлаг хөгжөөд байна уу, уруудаа юу?

-Сүүлийн үед нээгдэж буй клубүүд чанартай тоног төхөөрөмжтэй, тоглолт хийхэд тохирсон гоё орчныг бүрдүүлдэг болсон. “UB palace”, Соёлын төв өргөөнд тоглолт хийх болбол өчнөөн хүн цуглуулах

шаардлага гарна. Хэсэг фэнтэйгээ нэг үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд заавал том танхимын хэрэг байхгүй болов уу.

-Та клуб, ресторанд дуулдаг уу?

-Түрүүн дурдсан Сэргэлэн ахын байгуулсан “Хас” хэмээх амьд хөгжмийн хамтлагт өнгөрсөн жилээс дуулдаг болсон. Бид өөрсдийнхөө бүтээлийг, Монголын 1970, 1980-аад оны болон орос, англи дууг лоунж, ресторанд үе үе толилуулдаг.

Сэргэлэн ахыг урьд нь зураач гэдгээр нь л таньдаг, дуу хуурын тухай яриа өрнүүлдэггүй байсан юм. Нэг удаа дэвтэр дээрх шүлгүүдийг нь уншаад “Зарим нэгийг нь дуу болгож байсан уу” гэж асуусан. Аз болж бүгдэд нь өөрөө ая зохиосон юм билээ. Тэгээд л “Таны дуунуудаас сонгож дуулъя” гээд бид уран бүтээлээр холбогдсон.

Зураач хүн болоод ч тэр үү, түүний шүлгүүд цаанаа л өөр, гүнзгий утга агуулгатай байдаг. “Хөх нар” л гэхэд хайрын сэдэвтэй хэрнээ үүнийг өөр өөр өнцгөөс харуулсан, сонсогчид өөрсдийнхөөрөө ойлгохоор гоё шүлэгтэй.

-Урьд нь таныг кинонд тоглуулах ч юм уу сонирхолтой санал хэр их ирж байв?

-Нэгдүгээр дамжаанд байхдаа “Нокиа” гар утасны сурталчилгаанд тоглосон. Өвөрмөц санал ирж байсныг санахгүй юм. Тухайн үед танихгүй хүмүүсээс дуудлага их ирнэ. Намайг хүндэтгээд дугаарыг минь зорьж олоод сэтгэгдлээ хэлдэг байсан болохоор танилцахгүй ч гэсэн тэдэнтэй аятайхан ярилцаад утсаа тасалдаг байсан.

-Таныг удган болсон гэж дуулсан. Үнэн үү?

-Тийм ээ, болоод удаж байна. “Тийм зүйл байдаггүй юм” гэж эсэргүүцэж таван жил зугтсан. Удган байх хэцүү шүү дээ. Зарим хүн бөөгийн шашныг бүр бизнес болгочихжээ. Би удмынхаа онгод, сахиусыг залж буулгаад, гэр бүл, хамаатнуудаа хамгаалж, харж ханддагаас биш, мөнгөөр өөр хүмүүст “үйлчилдэггүй”.

-Удган болсноор таны ертөнцийг үзэх үзэл хэр өөрчлөгдсөн бэ. Уран бүтээлд тань нөлөөлдөг үү?

-Аливааг их эргэцүүлж, тунгаадаг, бүх зүйлийг хэд хэдэн өнцгөөс нь хардаг болсон. Удган болсноор дууны аялгууг илүү гүн мэдэрч байх шиг санагддаг.

Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих