Агаарын бохирдлын үед хэрхэн хооллох вэ?
Бидний минут, секунд тутамд амьсгалж буй агаар эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай бодохоос ч аймаар. Хэдийнэ гамшгийн хэмжээнд хүрсэн Улаанбаатарын агаарын бохирдлыг багасгахаар Засгийн газраас гэр хорооллын айлуудын эрчим хүчний шөнийн тарифыг тэглэж, хотын удирдлагууд зарим айл өрхөд цахилгаан халаагуур тарааж байна. Шийдвэр гаргах төвшинд агаарын чанарыг сайжруулах боломжийг эрэлхийлж буй энэ үед хүн бүр байгаа боломжийг ашиглан, үр хүүхдээ утаанаас хамгаалах нь зүйтэй. Амьсгалын замаар дамжин бие махбодид орж ирэх хорт бодисын нөлөөг идэж, хэрэглэж буй хоол хүнсээр дамжуулж хэрхэн сааруулах боломжтой вэ?
Уушгиар дамжин биед шингэсэн хорт бодис дархлааны системд довтолж, улмаар биеийн эсүүд чөлөөт радикал үйлдвэрлэж эхэлдэг. Тэгвэл анти-оксидант үйлчилгээтэй хүнс хэрэглэснээр агаарын бохирдлоос өөрийгөө бага ч болов хамгаалж чадах юм.
ВИТАМИН С:
Анти-оксидант буюу хүний биед хорт бодис ороход дархлаа тогтолцооны хамгаалалт үүсгэх үйлчилгээтэй витамин. Усанд уусдаг энэхүү витамин чөлөөт радикалтай эрчимтэй тэмцдэг. Насанд хүрсэн хүн өдөрт 40 мг витамин С хэрэглэх шаардлагатай байдаг.
- С амин дэмийн өдрийн хэрэглээгээ авах хамгийн энгийн арга бол хоёр ширхэг нимбэгийн шүүс уух.
- Яншуй, байцай, цагаан манжингийн навч зэрэг хүнсний ногоонд витамин С их хэмжээгээр агуулагддаг.
- Мөн цитрусын төрлийн жимсэнд их хэмжээгээр агуулагддаг.
ВИТАМИН Е:
Тосонд уусанд энэ амин дэм нь хүний эд эсийг гэмтэхээс хамгаалдаг.
- Хамгийн энгийн хэрэглээ бол ургамлын гаралтай тос. Тэр тусмаа наран цэцгийн тос, гүргэмийн тос (safflower oil гэдэг), будааны хивэгний тос нь Е витаминаар баялаг. Мөн канолагийн тос, самрын тос, оливийн тос хэрэглэх хэрэгтэй.
- Алмонд самар болон наранцэцгийн үрэнд Е витамин агуулагддаг. Үр, самар нь илчлэг өндөртэй хүнсний бүтээгдэхүүн тул өдөрт 30 грам орчмыг хэрэглэхэд тохиромжтой.
- Яргай, могой загас, мөн загасны улаан түрсэнд Е витамин агуулагддаг.
- Нунтаг улаан чинжүү, амтат чинжүү, сармис, орегано, базилик, яншуй зэрэг амтлагчийг хоолондоо түлхүү хэрэглэх. Амин дэмийн агууламж хэдий бага ч тогтмол хэрэглэснээр үр дүнтэй.
БЕТА-КАРОТИН:
Анти-оксидант үйлчилгээ үзүүлдэг тул биеэс хор гадагшлуулахад онцгой үүрэгтэй. Биед махбодид орсны дараа А витамин болж хувирдаг.
- Шанцай, бууцай, салатны навч зэрэг навчит ногоон ургамал нь бета-каротины агууламж өндөртэй.
- Лууван болон цагаан луувангийн навчинд мөн агуулагддаг.
ОМЕГА-3:
Зүрх судас, тунгалгийн тогтолцоог агаарын бохирдлын хорт нөлөөнөөс сэргийлнэ.
- Самар, хушга, чиа үр, маалингын үр. Тэдгээрийг тарганд хольж, эсвэл коктейлэндээ найруулж ууж болно.
- Гичний үр, ногоон навчит ургамалд мөн омега-3 агуулагддаг.
URL: