Дональд Трамп “Тоёота” компанийг “дарамталжээ”
АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп гэнэтийн, хачирхалтай мэдэгдлүүдээ хийсээр байна. Тэрбээр саяхан “Тоёота” компанийг “дарамталсан” утга агуулгатай мэдэгдэл хийжээ.
Трамп “Тоёота компани шинэ үйлдвэрээ Мексикт биш Америкт барих хэрэгтэй. Ингэхгүй бол бид тэдэнд гаалийн өндөр татвар оногдуулах болно. Өөр сонголт үгүй” гэж жиргэсэн байна.
Энэхүү мэдэгдлийн дараа Нью-Йоркийн биржид тус компанийн хувьцааны ханш 0.5 нэгжээр буурч, 120.45 ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, “Тоёота” компани Трампийн мэдэгдлийн улмаас 5 минутын дотор хөрөнгийн биржээс 1.2 тэрбум ам.доллар алдав.
Японы үйлдвэрлэгч Мексикийн Бажа хотод 1 тэрбум ам.долларын өртөгтэй үйлдвэр байгуулахаар болсон юм. Барилгын ажил өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан ёсоор эхэлжээ.
“Тоёота” компанийн АНУ дахь төлөөлөгчийн газраас Ерөнхийлөгч Трампийн мэдэгдэлд сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн байна.
Мэдэгдэлд “Тоёота компани 60 жилийн турш АНУ-ын соёлын нэгээхэн хэсэг байлаа. Мексикийн Гуанажуатод шинэ үйлдвэр байгуулах нь Америк дахь ажилчдаа халж цомхотгоно гэсэн ойлголт биш юм. Бид АНУ-д 21.9 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийж, 10 үйлдвэр байгуулж, 1500 гэрээт диллер ажиллуулж, эдгээрт нийт 136 мянган хүн ажиллаж байна. Тоёота компанийн хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хүндэтгэж Трампийн засаг захиргаа бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ.
Дональд Трамп авто машин үйлдвэрлэгчдэд өндөр шаардлага тавьж байгаа юм. Тэрбээр “General Motors” компанийг Мексикт үйлдвэрлэсэн “Chevy Cruze” загвараа АНУ-д борлуулж байгаад өндөр татвар оногдуулна гэж жиргэсэн билээ. Тэрчлэн, “Ford” компанийг Мексикт биш АНУ-д үйлдвэр байгуулж 700 хүний ажлын байр бий болгох гэж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Т.Мунаа
time.mn
URL: