Оюутолгойгоос болж Монгол Улсад итгэх итгэл унах аюултайг сэрэмжлүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд болон УИХ-ын дэд дарга нар, намуудын бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзан цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Ерөнхийлөгч “Оюутолгой бол Монгол Улсын том бүтээн байгуулалт. XX зууны их бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэр гэдэг бол XXI зууны хамгийн том бүтээн байгуулалтыг би Оюутолгой байна гэдэгт итгэдэг. Бидний авч буй цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойтой холбоотой гэж харах хэрэгтэй.
Оюутолгой ашиглалтад орох тэр цагт манай улс дэлхийн зах зээл дээрх том тоглогч болно” гээд Оюутолгой дагасан дэд бүтцийг яаралтай бий болгох шаардлагатай байгааг Эрдэнэтэд хивсний үйлдвэр байгуулсан жишээгээр тайлбарлалаа. Мөн тэрбээр асуудал байгаа бол ярилцаад шийддэг байхыг зөвлөөд өөр өөр газар аар саар мэдэгдэл хийдгээ болих хэрэгтэй. Оюутолгойн талаарх аливаа шийдвэр Улаанбаатарт л гарч байх ёстой гэдгийг анхааруулсан нь гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл унах аюултайг сэрэмжлүүлсэн хэрэг байв.
Ерөнхийлөгч үргэлжлүүлэн “Оюутолгой бол Монгол Улсын эдийн засгийн баталгаа. Манай улсын нэрийг дэлхийд сайнаар ч, саараар ч гаргаж чадах том төсөл. Улс төрчид үндэснийхээ эрх ашгаас уяатай байж, том эрх ашигт хүлэгдэж ажиллах учиртай” гэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ уулзалтын үеэр хэлсэн үгэндээ хөрөнгө оруулагч тал Монгол Улсын Засгийн газрын тавьж байгаа асуудалд хүндэтгэлтэй хандаж байгааг онцолж байв. Засгийн газрын тэргүүн цаг үеэ олсон ач холбогдолтой уулзалт болж байгааг тодотгоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
“Оюутолгой төслийн асуудал, уг төслийн Монгол Улсын эдийн засагт өгөх үр өгөөжийн талаар бид байнга ярьж байх ёстой. Оюутолгой төсөл эдийн засаг, санхүүжилтийн хувьд тасалдахгүй явж байж бодит үр дүнгээ Монголын ард түмэн ирэх жилээс өгөх учиртай” гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд хэлсэн. Мөн УИХ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан тогтоолын дагуу тодорхой заалтуудыг дурдаад хөрөнгө оруулагч талд санал тавьсан, хөрөнгө оруулагч тал Монгол Улсын Засгийн газрын тавьж байгаа асуудалд хүндэтгэлтэй хандаж байгааг хэллээ. Мөн хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж байгааг энэ үеэр мэдэгдлээ.
TIME.mn сайтын сэтгүүлч: М. Хангал
URL: