Н.АЛТАНХУЯГИЙН “ГАЛЗУУ ТӨЛӨВЛӨГӨӨ” БУЮУ АН-ЫН ҮЕИЙН ӨР

6654

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Ардчилсан нам ҮЗХ хуралдуулах гэж  чамгүй удаан маргалдаж мэтгэлцсэн. Харин дараа нь Их хурлаа нам гүмхэн хийсэн.  АН-ын  фракцын зодоон дээд цэгтээ хүрсэн эгзэгтэй цаг үед намын дарга таван сум атгуулсан таван нэр дэвшигчийн сонголоо. Намын даргын сонгууль орон даяар эхлэхтэй зэрэгцэн буюу өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 8-аас шинэ гишүүдийн бүртгэл эхэлсэн. Ингэхдээ  хуучин бүртгэлтэй гишүүд бус шинэ гишүүд нь АН-ын даргад нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх ёстой байх тухай шийдвэр гарсан.

Гэвч АН-ынхны хувьд санаанд оромгүй үр дүнг хүлээж аваад байгаа. АН-ынхан 180 мянган гишүүдтэй, нийт ард түмний тал хувь нь биднийг дэмждэг хэмээн цээжээ дэлддэг. Гэвч тэд зүүдэлж байж. Учир нь АН яг одоо 18 мянгахан гишүүдтэй нам болон хувирав. Шинэ гишүүдийн бүртгэл маргааш дуусна. Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын зүгээс “Гишүүдийн бүртгэлийг сунгаагүй” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү 20 мянга хүрэхгүй гишүүдээс санал авахын тулд АН-ын таван фракцын төлөөлөл Монгол Улсын тойрон аялах нь.

Энэ зуур өнгөрсөн дөрвөн жилд тэдний эхлүүлсэн их өрийн давалгаа Монгол орныг хөмөрч байна.

УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан нам олон суудал авсны дараа Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн ялалт байгуулсан. Үүний дараа “Шинэчлэл”-ийн хэмээх Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ийм амлалт өгчээ.

Н.Алтанхуяг: Монгол Улсыг ирэх гурван жил “Галзуу” хөгжүүлнэ

Манай Засгийн газар энэ улс орны төлөө чардайж ажиллаж байна. Харин бидний хийж байгаа зүйлийг үгүйсгэж, муухай харагдуулах гэсэн оролдлого хаа сайгүй гарч байна. Тэгээд муухай дээр нь улцан гэгчээр валютын өсөлт гараад ирлээ. Үүн дээр тоглолт хийж, улстөржих гэсэн хүмүүс олширсон. Угаасаа шатахуун, татварын үнэ нэмэгдэхгүй. Энэ Засгийн газрын хийсэн сайн зүйлүүдийг яагаад ярьж болохгүй гэж. Ер нь бол манай Засгийн газар энэ Монгол Улсыг үлдсэн гурван жилд “галзуу” хөгжүүлнэ. Санаа зовохгүй байж болно.

/ 2013 оны 8 сарын 22 /

Энэ бол 2012 оны арванхоёрдугаар сард 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх үнэт цаасыг гадны зах зээлд худалдаалах ажлыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар хийж байсан үеэс нэг жилийн дараах үг.  Харин нэг жилийн дараа Монгол Улсын төсөв нэг их наяд 500 тэрбумын алдагдалтай, эдийн засгийн хямралд орсоноор Н.Алтанхуягийн галзуу төлөвлөгөөний эхлэл тавигдаж байв.

Тэгвэл өнөөдөр Монгол Улс дампуурлаа зарлах  эсэх нь цаг хугацааны асуудал болчхоод байна. Харин энэ байдалд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж явсан бодлого тодорхойлогчид дараагийнхаа эрх мэдлийн төлөө дайтаж явна. Н.Алтанхуягийн тэргүүлж байсан “Шинэчлэл”-ийн Засгийн газрын үеийн “галзуу төлөвлөгөө” Монгол Улсад өнөөдрийн өдрийг бэлэглэв. Энэ зуур Н.Алтанхуяг АН-ыг галзуу хөгжүүлэх дараагийн төлөвлөгөөгөө боловсруулж Монгол орныг гороолж байна.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих