Эрүүл мэндийн тогтолцооны “гажиг”-ийг шүүмжлэх биш засах хэрэгтэй

“Эрүүл хүн ихийг бүтээдэг” гэдэг дээ. Гэтэл манай иргэдийн дийлэнх нь эрүүл мэндээ бүр “хаячихсан” гэхэд хатуудахгүй биз. Амьдралын боломж, мэдээллийн хүртээмж, эмнэлгийн үйлчилгээ зэргээс шалтгаалан иргэд эрүүл мэндээ зөвхөн эдийн засгийн нүдээр харж байна. Эрүүл хүн ажлаа илүү сайн хийнэ. Тэр хэрээр санхүү нь нэмэгдэж, амьдрал нь дээшилдэг жамтай. Бодоод үзье л дээ. Айлд нэг л өвчтэй хүн байхад тухайн өрхийн гишүүд олсон хэдэн цаасаа бүгдийг нь шахуу өвчтэй нэгэндээ зориулна. Бүр хүрэлцэхгүй бол нэмээд өр зээл тавина. Улсын гэх тодотголтой өнөөх хэдэн эмнэлгээ бараадад очиход асуудал үнэхээр их. Уртаас урт дараалал, хүнд суртал, эмч ажилчдын ёс зүйгүй, хүнлэг бус харилцаа, “гар харсан” үйлчилгээ гээд маш олон бухимдал биднийг угтдаг. Бодит байдал ийм болохоор эдийн засгийн боломжтой цөөн хэсэг нь үнэтэй ч гэсэн үйлчилгээ сайтай хувийн эмнэлэг, эсвэл хилийн чинадыг зорино. Үүнийг далимдуулж өвөрмонгол, солонгос, тайланд, хятадууд хэдийнээ монголчуудад зориулсан эмнэлэг байгуулж, биднийхээ эрүүл мэндийн “манаанд” хүчин зүтгэж буй.

Манай улсын эрүүл мэндийн салбар 10 гаруй жилийн өмнө хүн төвтэй тогтолцоонд шилжих зорилт тавьж байсан ч өнөөг хүртэл эмнэлэг төвтэй, ор хоног, төсөв, тоон үзүүлэлтэд ач холбогдол өгдөг, хүн рүүгээ хандаагүй, зах зээлийн өөрчлөлтгүй хэвээр байгааг нийгмээрээ, салбарынхан нь ч шүүмжилдэг. Энэ бүхэнд бид бодлого тодорхойлогчдыг буруутгасаар өнөөдрийг хүрчээ. Салбарын сайдыг нь солиогүй биш сольж л байсан, эмч нарын цалинг хангалттай биш ч гэсэн нэмж л байгаа. Гэтэл мэдрэгдэхүйц үр дүн бага л байна. Сайдыг нь солиод, эмч нарыг нь тодорхой хэмжээнд дэмжээд байхад энэ салбарт олигтой ахиц гарахгүй байгаа нь асуудал тогтолцоондоо байна аа гэдгийг харуулж байгаа хэрэг биш гэж үү. Наад зах нь хувь, “хувьсгал” нь тодорхойгүй, арван мянган хүнд ногдох эмч нарын тоогоороо хөгжсөн орныхоос ч давсан үзүүлэлттэй атлаа тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь нь хоцрогдсон, нийгмийн даатгалын тогтолцоо нь хуучин нийгмийн үзэл санаанд тулгуурласан, өрсөлдөөнгүй, эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй зэрэг хөндүүр асуудлууд урхагшсан байна.

Энэ бүхнийг тодорхой хэмжээнд шийдвэрлэх зорилгоор төсвөөс эрүүл мэндийн салбарт багагүй хэмжээний мөнгө хуваарилдаг ч  хуучны байшин барилгын засвар, дулаан цахилгааны төлбөрт өгөөд л таардаг аж. Жил бүр шат шатны байгууллагынхан цугларч тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн асуудлаар хуралдаж, салбарын яам нь дэмжээд л оролцож байгаа харагддаг. Харин бодит ажил хомсхон байна. Нийслэлийн хүн ам ихэссээр байхад эмнэлгүүд хүрэлцэхгүй, эхчүүд хүүхдүүд эрүүл мэндийн суурь үйлчилгээнээс гээгдмэл байгааг яаж засч залруулах вэ? Тогтолцооны “гажиг”-аа өөрчлөхгүйгээр энэ салбар шинэчлэгдэж чадахгүй ээ. Энд улстөржилт хамгийн том тээг дараа болж буй. Сонгууль, нам дагаж томилогддог удирдлагын систем дөрвөн жилийн дараа хийсэн ажлаа булаалдсан, хийснээ үгүйсгэсэн улстөржилт л болоод дуусдаг.

Зөв шийдэл юу вэ?

Хүн амын 20 орчим хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, өвдвөл хэвтэж л эмчлүүлдэг гэсэн үндсэн ойлголттой, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэлгүй гэж хэлж болно. Тэгэхээр нэн тэргүүнд хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох нь хамгийн зөв шийдэл. Мөн салбарын бүтэц зохион байгуулалтыг сайжруулахад анхаарал хандуулах шаардлага бий.

Нийгмийн баталгааг нь сайн хангаснаар эрүүл мэндийн ажилтнууд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэх учиртай. Ингэхгүйгээр энэ салбар улам л доройтно. Тиймээс санхүүжилтийн шинэчлэл яаралтай шийдвэрлэх асуудал мөнөөсөө мөн. Нөгөөтэйгүүр хүний нөөцийн хангалтыг сайжруулж, чадавхийг дээшлүүлэхээс гадна өрсөлдөөнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өдгөө иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хүнсний чанарын асуудал. Хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой. Энэ асуудалд одоо байгаагаас хэд дахин өндөр хэмжээнд төрийн зүгээс ач холбогдол өгч, үүнд чиглэсэн байнгын бодлого явуулах зайлшгүй шаардлагатай байна.

TIME.mn сайтын сэтгүүлч: Г.Долгорсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих