Хятадын тал Өвдөгийн боомтоо хаажээ
Дорнод аймгийн Халхгол сумын Баянхошуу болон БНХАУ-ын Өвдөгийн боомтоор “Перочайна дачин тамсаг” компани олборлосон газрын тосоо урагш гаргадаг. Энэ сарын 3-ны өдрөөс Хятадын талаас хилийн боомтоо тодорхойгүй шалтгаанаар хаасан байна. Хэдийгээр Монголын талын Баянхошуу боомт хэвийн ажиллаж байгаа ч Хятадын Өвдөгийн боомтоор цааш нэвтрүүлэхгүй байгаа аж. Тус боомтыг 2013 оноос байнгын ажиллагаанд шилжүүлэх тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас гаргасан байдаг. Ингэснээр Баянхошуу боомт нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга Зүүн хошууны Амгаланбаатар хотын Өвдөг боомттой хиллэдэг хоёр талын зориулалттай байнгын ажиллагаатай боомт болсон юм.
Хэдийгээр боомтыг цаашид тогтмол ажиллуулах уу, түр горимоор байх уу гэдгийг тохиролцох хүсэлт, саналаа манай талаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-д илгээсэн боловч одоогоор хариу ирүүлээгүй төдийгүй өөрийн боомтыг хаасан байна.
“Петро чайна Дачин Тамсаг” компани нь Дорнод аймгийн Тосон уул-19, Тамсаг-21, Буйр-22 талбайгаас 1998 оноос хойш газрын тос олборлон одоогоор дөрвөн сая орчим тонныг экспортолжээ. Зөвхөн 2016 онд нэг сая 300 мянган тонн түүхий тос олборлох төлөвлөгөөтэй ажиллаж, Баянхошуу боомтоор Тамсаг-21 талбайгаас олборлосон 1600 гаруй тонн тос гаргасан байна. Мөн 2009 онд Баянхошуу–Өвдөгийн боомтын чиглэлд 210 км хатуу хучилттай зам барих хөрөнгөө баталж, хоёр удаа тендер зарласан ч оролцсон компаниуд шаардлага хангаагүй учраас 104 км замын ажлыг БНХАУ-ын “Дачин Ойлфийлд” компаниар хийлгэсэн бол үлдсэн зам барилгын ажлуудын Монголын компаниудаар хийлгэхээр замын суурийн далангийн ажил эхэлснийг өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайдад танилцуулсан юм.
Эх сурвалж: www.assa.mn
URL: