Халуурах нь антибиотик уух шалтгаан биш
Хүн амын дунд амьсгалын замын халдварт өвчин их байгаа энэ үед мэргэжлийн байгууллагаас дараах тодруулгыг авлаа.
Халдварт өвчний тандалт урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүх: Ханиад томуугийн сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах шаардлагатай
-Салхин цэцэг өвчнийг ханиадтай андууран эмчлэх дур мэдэн эмчлэх тохиолдол гарлаа. Элдэв халдварт өвчин, ханиад зэргийг яаж ялгах вэ?
-Ханиад томуу ч гэсэн амьсгалын замаар халддаг халдварт өвчин. Нийтлэг нэг шинж бий. Халуурах, ханиах, нус гоожих, толгой өвдөх гэх зэрэг байдаг. Салхин цэцэг бол онцлогтой шүүслэг тууралттай өвчин. Өвчний эхлэх шинж тэмдэг нь хоёулаа халуурснаар илэрдэг. Тиймээс андуурах тохиолдол гарч байна. Халуурлаа гээд л эцэг эхчүүд хүүхэддээ антибиотик өгөөд эхэлдэг. Энэ нь эрүүл мэндийн мэдлэг муугаас үүдэлтэй өвчнийг улам хүндрүүлэх шалтгаан болж байна. Тиймээс хүүхдээ өөрөө оношлож дур мэдэн эмчилгээ хийхээсээ илүү харъяа дүүргийн өрхийн эмнэлэгтээ хандах нь зөв.
-Агаар, орчны бохирдол их энэ үед амьсгалын замын халдвар намдахгүй байна уу?
-Тийм. Ханиадны дэгдэлтийн үе гэж бий. 10 сараас 04 сар хүртэл агаарын бохирдол, агаар дуслын замын халдварууд үргэлжилдэг. Энэ үед нь эмчид хандан зөв эмчилгээ хийж байх ёстой. Мөн хүүхэддээ дархлаажуулалт, чийрэгжүүлэлтийн арга хэмжээг байнга авч байх хэрэгтэй. Томуу томуу төст өвчин гэж бий, ямар ч халдварт ханиад төрлийн өвчин цочмог өвчлөлөөр эхлэдэг.
-Өвчилж байгаа хүүхдүүдийг өрх дээрээ үзүүлэхээр хүүхдийн мэргэжлийн эмч байдаггүй, тиймээс хүндрээд байна уу?
-Өрхийн эмч бол хүүхдийн ханиад, халуурах, суулгалт, халдварт өвчин гээд бүгдийг нь цогцоор нь шийдсэн “Хүүхдийн өвчлөлийн цогц менежмент”–р судалсан байдаг. Бүгдэд нь энэхүү хичээл орсон дадлага, туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд байгаа. Өрхийн эмч нар хамгийн анхан шатны оношоо тавьж эмчилгээ эхлүүлээд дараа дараагийн шатанд нь шилжүүлэх нөхцлийг бүрдүүлдэг.
-Одоо ханиадны дэгдэлтийн ид үед ханиад томуугаар өвчлөхгүй байх хамгийн энгийн гаргалгааг та зөвлөөч?
-Хүүхдийн суурь өвчин юу байгаа эсэхийг сайн мэдэж байх ёстой. Дархлаа сул, цус багадалттай, сульдаатай, асаргаа муутай хүүхдүүдийн суурь өвчнийг эмчлэх нь чухал. Мөн хамгийн наад зах нь вакцинжуулалтанд хамрагдах хэрэгтэй. Томуугийн эсрэг вакцинжуулалтанд эрсдэлт бүлгийн хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өвчлөмтгий хүүхдүүд хамгийн түрүүнд дархлаажуулалтанд хамрагдах ёстой. ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын тасагт хийлгэнэ. Хүүхдийнхээ биеийг жилийн турш дархлааг нь сайжруулах, чийрэгжүүлэх, хоол хүнсээр тэтгэх ажлыг хийх ёстой. Энэ нь 0-5 нас хүртлэх тасралтгүй үргэлжилж байвал хэт томуу томуу төст өвчинд мэдрэг биш байх болно.
-Уламжлалт аргаар эцэг эхчүүд гэрээр эмчлэх гэж оролдож байна. Үүнээс болоод хүндрэх тохиолдол байдаг уу?
-Бид Европ эмчилгээг Уламжлалт эмчилгээтэй хослуулан хэрэглэх хэрэгтэй. Ханиад томуунаас сэргийлэх цэгэн иллэг гэж бий. Энэ мэт аргаар цагийг нь олж зөв хийгдэх юм бол үр дүнтэй. Эмнэлгийн орчинд хийгддэг бариа, массаж зэрэг нь сайн. Харин гэрээр өөрсдөө эмчилж байна гээд хэт хөлрүүлээд, дараа нь салхинд гаргаад байвал ямар ч эмчилгээ болохгүй. Уламжлалт эмчилгээг заавраар нь хэрэглэх хэрэгтэй. Зөгийн балтай татлага, халуун грочисны дүрлэг зэрэг эмчилгээг зөв хийх хэрэгтэй.
-Одоогоор 30 гаруй вирусаар томуу томуу төст өвчин тархаж байна гэх. Гэтэл вакцин 5-6 төрлийн вирусыг л дардаг гэх юм билээ?
-Томуугийн А хүрээний вирусаар үүсгэгдсэн бол хүндрэл ихтэй, В хүрээний вирус нь амьсгалын замыг цочроодог гэх мэт вирусын хүндрэлүүд хоорондоо ялгаатай байгаа. Энэ жил ийм төрлийн вирусаар үүсгэгдсэн ханиад томууны дэгдэлт их байх нь хэмээн судалгаан дээр үндэслэгдсэн вакцинууд байдаг. Судалгаан дээр үндэслэгдэн хийгддэг учраас тэрийг нь дарна, энийг нь дарахгүй байна гэсэн юм байхгүй. Хамгийн эхний авах арга хэмжээ бол вакцинжуулалтанд хамрагдах хэрэгтэй гэж эцэг эхчүүдэд зөвлөмөөр байна. Дур мэдэн эмчилгээ хийж байхаар вакцинжуулалтанд хамрагдах нь илүү чухал.
Сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Сонгиносүрэн: Хүүхэд халуурах нь антибиотик уух шалтгаан биш
-Ханиадаар өвчилсөн хүүхдээ гэрээр яаж асрах вэ?
-Хүүхэд дөнгөж халуурч эхлээд л эцэг эхчүүд дур мэдэн антибиотик өгчихөөд байна. Халуурсан бол антибиотик өгч болохгүй. Халууныг тогтмол хэмжиж механик аргаар халууныг буулгах хэрэгтэй. Хацар ам нь халуун оргиж халуурч байвал хувцасыг нь зохицуулж, шингэн юм сайн уулгаж жин тавина. Нүүр нь цонхигоод гар хөл нь хөрөөд байгаа мөртлөө халуурч байвал суга, цавийг спиртээр арчиж гар хөлийг үрж дулаацуулж өгөх хэрэгтэй. Хүйтэн жин тавьж, спиртээр арчиж, арга хэмжээг зөв авах хэрэгтэй. Халуун буухгүй бол халууны эмийг эмчийн заавраар хэрэглэж буулгаж болно. Халуурна гэдэг бол антибиотик уух шалтгаан биш. Халууныг нь хэмжээгүй байж л шууд антибиотик өгч эхэлдэг. Энэ бол маш буруу хүүхдийнхээ халууныг ойр ойрхон хэмжээд 37,5-38-с дээшээ гарсан үед нь халуун бууруулах эмийг зохих тунгаар өгөх хэрэгтэй.
-Орон гэрийн нөхцөл ямар байх вэ?
-Аль болох халуун хүйтэн харшуулахгүйгээр агаар салхины байдлыг зохицуулж хэт зузаан хувцас өмсүүлэхгүй мөн дааруулахгүй байхаар хөвөн даавуун хувцаслана. Халуурсан эсвэл өвчилсөн хүүхдэд нейлон хувцас тохиромжгүй. Мөн хөлийг нь чийгтэй биш хуурай, дулаан байлгах хэрэгтэй. Гэрийн агаарыг чийгтэй, Өрөөний температур 18-21 градус байхаар зохицуулна. Тогтмол дулаантай байлгаж, агаарыг аль болох чийгшүүлж, тогтмол чийгтэй цэвэрлэгээг хийж байх ёстой. Хүүхдээ дааруулаад л байвал вирусаар үүсгэгдсэн ханиад намдахгүй л байна гэсэн үг. 3-5 хоног ажиглаж өрхийн эмчийн зөв эмчилгээг хийх хэрэгтэй. Энэ үед шингэн зүйлийг маш сайн уулгах, болж өгвөл халуун бүлээн шингэн уулгах, хөхүүл бол хүссэн үед нь ойр ойрхон хөхүүлж байх нь чухал.
-Ханиад томуу нэг л хүрсэн бол дараа нь хэд хоног эмчилж байж сургууль, цэцэрлэгт нь явуулах вэ?
-Ханиад томууны өвчлөл 3-5 хоногийн явцтай байдаг.Тав хоногийн дараа хүүхдитйн бие дээрдээд эхлэхээр цэцэрлэгт явуулж болно. Энэ үед ханиад халдварлах аюулгүй байна.
-Өвчтэй хүүхдийн хоололт ямар байх вэ?
-Орчин нойр хоол их чухал. Ягаан дэвтэрээ даган байжуулсан хоолыг хийж өгөх хэрэгтэй. Чихэрлэг ихтэй, шоколад, хурц хайрсан хоол хүнсийг хориглоно. Аль болох өөрт нь таатай байдлаар хооллохгүй бол хоолонд угаасаа дургүйцээд эхэлдэг. Шингэн юм сайн уулгаж, хоолыг сонирхолтойгоор өгөх хэрэгтэй. Баяжуулсан хоол идүүлэх хэрэгтэй.
-Уламжлалт аргыг хэрэглэх хэрэг байдаг уу?
-Хамар хоолойг тогтмол цэвэрлэж, хөл гарыг дулаахан байргаж, шингэн зүйл уулгаж байх хэрэгтэй. Дуртай хоолыг нь бага багаар сонирхолтой дуртай идүүлэх хэрэгтэй. Шингэн зүйл сайн уу гэдэг нь шингэнийг сайн нөхүүлэх гээд л өгдөг. Уламжлалт эмчилгээний арыг эмнэлгийн нөхцөлд хийж банк тавих, зүү тавих зэрэг нь болж байгаа болохоос гэрээр шээсээр ороох, адууны мах тавих энэ тэр бол дэмий. Асаргааг сайн зөв хийж чадахгүй бол бүр л хүндрэх авултай байж мэднэ. Хүүхдийн амьсгалыг сайн ажиглах хэрэгтэй. 1 минутанд 0-1 насны хүүхэд 60 удаа, 1-2 насны хүүхэд -50 удаа, 2-дээш насны хүүхэд 40 удаа амьсгалах ёстой. Үүнийг нь анзаарах хэрэгтэй. Ханиад томуу хүндрээд цээжиндээ орж уушгийг гэмтээж эхэлбэл хүүхдийн амьсгал олширч, шуугиантай болж эхэлдэг.
-Өрхийн эмнэлгийн эмчилгээ муу, антибиотик уухгүй л бол хүндрээд байна гэх юм?
-Бид анхаарахгүй байж байгаад хүүхдүүдээ хүндрүүлдэг. Түүнээс антибиотик уугаагүйгээс хүндрэх ойлголт байхгүй. Өвчний явц нь 3-5 хоног хамар, хоолой хүндэрч байгаад элгэрдэг явцтай. Гэртээ асрахдаа халуун хүйтэн хавсруулаад, дааруулаад, салхи авхуулаад, хүйтэн юм уулгаад эхлэнгүүт улам хүндэрнэ. Аль болох 3-5 хоногт нь цэцэрлэгт нь явуулахгүй байх хэрэгтэй. Энэ үед зааврын дагуу эмийг нь уулгаж, зөв хооллож, асарч хүүхдээ тэнхэрүүлэх хэрэгтэй. Манай эцэг эхчүүд хүүхдээ ханиад нь дөнгөж эхлэнгүүт цэцэрлэгт нь өгчихдөг. Энэ нь бусаддаа халдаах нөхцөл нь болдог. Тиймээс гэрээр сайн асрах ёстой.
Үндэстэн агентлаг
URL: