АН-ынхан таван сумныхаа араас нумаа давхар явуулахаа мартаагүй бололтой

1483580050586da292f2c44АН-ын даргын сунгаа энэ өдрүүдэд үргэлжилж байна. Намын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон сайд асан Л.Гантөмөр нар нэр дэвшиж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд намын даргын төлөө дээр дооргүй тэмцэлдэж байсан АН-ынхан намаа шинэчилж, нээлттэй болгох туйлын мэргэн санаа олсон нь намын даргаа хурлаар биш гишүүдийнхээ саналаар шийдэх явдал байв. Ийнхүү мөнгөний босго тогтоож олныг гайхшруулсан АН-ын даргын сунгаад 250 сая төгрөгөө төлөөд оролцож буй таван эрхэм өнөөдөр хөдөө орон нутгаар дөрөө харшуулан таваргаж явна.

Нэр дэвших үнэмлэхээ одоогийн намын дарга З.Энхболдоос авахдаа тэд тус бүр сум авч бас олныг гайхшруулсан. Үүнийгээ тэд эв нэгдэлтэй байж аливаад атгасан гар шиг нэг цул байдлаар хандаж байхаа билэгдсэн хэмээн тайлбарлаж байсан юм. Гэвч тэд хуучны нөгөө “сайхан” зангаа тавихгүйгээр нэг нэгнийхээ араас өнөөх сумаараа хатгаж яваа сурагтай. Оны дараанаас эхлээд л зарим хэвлэлийн хуудас болон олон нийтийн цахим сүлжээгээр таван нэр дэвшигчид бие биенээ тойруулан муулж, “намнаж” харагдлаа. Тэр ч байтугай тэд орон нутгаар тойрохдоо гишүүдийнхээ өмнө бусдыгаа гоочилж, үгүйсгэж яваа аж.

Ийнхүү араасаа ихээхэн хэл ам дагуулж яваа даргад нэр дэвшигчид маань анх авсан таван сумныхаа араас нумыг нь шидээд эхэлсэн бололтой. Мэдээж нумтай, сумтай болсон хойно тэд бие бие рүүгээ харваж эхлэх нь тодорхой биз ээ.

Дашрамд сонирхуулахад зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар намын даргад нэр дэвшиж буй Н.Алтанхуяг нэрээ татаж болзошгүй гэж байна. Учир нь тэрбээр АТГ-т шалгагдаж буй. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан. Иймд тэрбээр тохирооны үндсэн дээр нэрээ татаж болзошгүй гэж эх сурвалж мэдээлээд байгаа юм.

Харин Л.Гантөмөр болон Д.Эрдэнэбат нар намын дарга болох амбиц төдийлөн байхгүй, рейтинг нь ч тийм өндөр биш байгаа гэнэ. Тэгвэл АН-ын даргад Ж.Батзандан, С.Эрдэнэ нар сонгогдох магадлал хамгийн өндөртэйд тооцогдож байна. Ж.Батзанданг шинэ залуу гишүүн, шударга үнэний дуу хоолой болж байгаа гэж намынхан нь ихэд ам сайтай байгаа гэнэ. Тэрбээр анх АН-ын даргад өрсөлдөх эрхмүүд 250 сая төгрөгний урьдчилгаа өгнө гэж нийтэд мэдээлсэн юм. Гэхдээ мөнгөгүйгээ гайхаж байсан тэрбээр гэнэт л урьдчилгаагаа төлөн сунгаанд оролцсон.

С.Эрдэнийн хувьд рейтинг өндөр байгаа. Гэвч тэрбээр намын даргын суудлыг авахын тулд улаарч, мөнгө тарааж байгаа тухай жиргээчид жиргэж эхэлсэн. Мөнгө тарааж, санал худалдаж авч байгаа нь ялах магадлалтай эрхмийн нэгд яах аргагүй тооцогдож байгаа гэнэ.

Ямартай ч АН-ын даргын сунгаа үргэлжилж, нэр дэвшигчид хөдөө орон нутгаар уулзалт хийж байна. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 28-нд дуусна. Улмаар сонгуулийг 29-ний өдөр явуулж, даргаа сонгох юм.

Б.Анир

http://www.zaluu.com/read/e9b1cc0a


URL:

Сэтгэгдэл бичих