Ерөнхийлөгчийн сонгуульд АН, МАН л өрсөлдөнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай, нам эвслээс нэр дэвших боломжтой. Хуулийн төсөлд ингэж дурджээ. Тэгэхээр УИХ-д суудал авч чадаагүй бусад нам эвслүүд, бие даан нэр дэвшигчид энэ удаагийн сонгуульд горьдлого тавьж, хөрөнгө зарцуулах шаардлагагүй болж байна.
2016 оны УИХ-ын сонгуулиар гурван нам, нэг бие даагчтай парламент бүрдсэн. Өөрөөр хэлбэл эд л ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй юм. Гэхдээ бас асуудал байна. Хуульд бие даагч гэсэн үг байхгүй. Тиймээс УИХ-д суудалтай бие даагч буюу С.Жавхланд хамааралтай хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байна.
Зарим улс төрчид С.Жавхлан аль нэг намд тухайлбал, УИХ-ын гишүүн асан Г.Уянгын толгойлдог Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элсчихвэл тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч гарч ирж болно гэж тайлбарлаж байсан. Гэвч Монгол Улсын Дээд шүүх “боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм. Ингэснээр ирэх ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын гишүүн С.Жавхлангаас холуур өнгөрөх нь.
Ингэснээр сонгуульд өрсөлдөх АН, МАН, МАХН гэсэн гурван нам тунаж байна. Тэгвэл УИХ-д суудалтай МАХН-аас хэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших вэ. Энэ тун сонирхолтой асуулт шүү. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Удвалыг нэр дэвшүүлсэн. Гэвч хэтэрхий сул өрсөлдөгч байсан. Тиймээс МАХН энэ удаагийн сонгуульд ач холбогдол өгч л байгаа бол хүчтэй өрсөлдөгчийг нэр дэвшүүлэх нь ойлгомжтой. Гэвч МАХН-д Н.Энхбаяраас өөр хүчтэй өрсөлдөгч бий билүү. Сайн бодьё. Байгаль орчны дэд сайдаар ажиллаж байсан Н.Энхбаярын туслах Б.Тулга гэж залуу, шилдэг улс төрч бий. Гэвч УИХ-ын сонгууль нэр дэвшээд өвдөг шороодсон учраас түүнд найдвар бага байна гэж ойлгож болно. Өөр олонд танигдсан улс төрч МАХН-д үнэхээр алга. Тиймээс Н.Энхбаяр өөрөө л өрсөлдөх шаардлагатай болж байна. Хүчтэй ч өрсөлдөгч байх болов уу. Гэвч “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эх орондоо сүүлийн таван жилийн хугацаанд амьдарсан иргэн нэр дэвших ёстой” гэсэн ганцхан үндэслэл Н.Энхбаярыг нэр дэвших эрхгүй болгочихож байна. Тэгэхээр Эрдэнэтийнхний итгэлийг хүлээсэн О.Баасанхүүг нэр дэвшүүлэлтэй нь биш дээ. О.Баасанхүүд иргэд ам сайтай байдаг ч Ерөнхийлөгч болгоно гэж юу байх вэ дээ. Ингэж л МАХН өрсөлдөх чадваргүй гэдгээ баталж нэрээ татаж магадгүй болчихоод байна.
Харин АН-д, МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй, сонирхолтой, чадвартай хүмүүс олон бий. Өрсөлдөөн дундаас чухам чадвартай нь сонгогдох уу, хүсэлтэй нь сонгогдох уу гэдгийг харах л үлдэж байна. Уг нь Ерөнхийлөгч эрх баригч хүчний үйл ажиллагаанд хяналт тавих цорын ганц субьект байх ёстой баймаар. Гэвч намын харьяалалтай нэгэн сонгогдож очоод л намынхаа үйл ажиллагааг дэмжээд л явчихдаг жишиг манай улсад л харагдаж байна. Бид чинь угаасаа парламентын засаглалтай улсад амьдарч байгаа шүү дээ. Харин Ерөнхийлөгч бол билэг тэмдэг төдий л байна гээд хуульдаа заачихсан. Тэгэхээр Ерөнхийлөгч ямар ч мундаг хүн байлаа гээд билэг тэмдэг төдийхнөөр эрх мэдэл нь хязгаарлагдсаар байх ажгуу.
Гэхдээ л улс төрчийнхөө хувьд карьертаа Ерөнхийлөгч гэдэг албан тушаал бичүүлэх хүсэлтэй хүмүүс цөөнгүй л байдаг байлгүй дээ. Харин энэ эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн АН, МАН-ын хооронд л явагдахаар байна.
А.Аюуш
Үндэстэн агентлаг
URL: