АТГ, ЦЕГ, ЭЦГ Хөгжлийн банкны хэргийг хүч хавсран шалгаж эхэллээ

7f95f84bb7f1742e31eaca31daeb771bЭнэ оны нэгдүгээр улиралд багтаж Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг манай улс төлөх ёстой. Гэвчиг данс улайсан гээд сууцгааж байгаа. Тэгвэл Хөгжлийн банкийг улстөрчдийн халаасны банк болгож хувиргасан экс удирдлага Н.Мөнхбат нар болоод сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг хуулийнхан нэлээд нухацтай шалгахаар болжээ. Улсын Ерөнхий прокурорын газраас  уг хэрэгтэй холбогдож байгаа нөхдүүдэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ.  Ажлын хэсэгт  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид багтаж байгаа юм байна.Тэгэхээр хуулийнхан нэгэнтээ шалгалтаа чангатгаж байгаа бол Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгах ёстой гэгддэг Н.Алтанхуяг, Б.Гарамгайбаатар нарын нөхдүүдийг ч шалгах болов уу гэсэн асуулт дагаж байгаа юм.

Ер нь бол Хөгжлийн банк хэмээх улайм цайм мөнгө луйвардсан асуудалд холбогдсон газарт хуулийнхан нэгмөсөн сайн цэвэрлэгээ явуулах ёстой юм. Тухайлбал,  Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд 1 их наяд гаруй төгрөгтэй холбоотой зөрчлийн асуудлыг  огт мэдээгүй байж болох уу? гэдэг асуудлыг манай сайт өмнө нь хөндсөн билээ. Учир нь Монгол Улсын Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь банкны бодлого стратегийг тодорхойлох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, банкны зээлийн болон эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнгийн үзүүлэлтийг батлах, хяналт тавих, стратегийн удирдамж, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажилладаг гэх тодотголтой. Тэр ч утгаараа Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой хуудуутай асуудлуудыг ТУЗ-тай нь холбож харахаас аргагүй юм. Монгол Улсын Хөгжлийн банк гэх бие даасан хуультай байгууллага үнэн хэрэгтээ бондын мөнгөнөөс ашиг хүүлдэг байгууллага байж гэх ойлголтыг тус банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн зүгээс улс орон даяар өгсөн билээ. Ажлын хэсгийн мэдээллийн араас  гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг баривчлан хорьж шалгах шийдвэрийг хуулийн байгууллагаас гаргасан. Хэдийгээр түүний өмгөөлөгч Н.Мөнхбатыг удахгүй суллагдах байх гэсэн ч, дэд сайдын хэлж ярьсан мэдээллүүдээс үзэхэд тус банкны удирдлагуудтай хариуцлага ярих ёстой гэх ойлголт дагаж байгаа.

Хөгжлийн банкны удирдах ажилтнууд луйвар хийж байхад, ТУЗ-д нь хэн хэн байсныг эргэн саная.

Б.Даажамба – МУХБ-ны ТУЗ-ийн дарга

Чулуунцэрэнгийн Отгочулуу-Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга

Батсүрэнгийн Баттулга -Волтам ХХК-ийн ТУЗ-ийн дарга

Огнон Хуягцогт- Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга

Данжилаа Ганбат- Монголбанкны Хяналт шалгалтын газрын Захирал

Батсүхийн Сүх-очир- Сангийн яамны Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга ажилтай эдгээр нэр бүхий хүмүүс ТУЗ-д байсан байдаг.

Ямартай ч тэгээд Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагчийн хэлж ярьсан баримт мэдээллийг эргэн сануулах нь зөв байх. Б.Энхбаяр хэлэхдээ “Хөгжлийн банкинд хийсэн хамтарсан шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгаа. Чингис бондын талтай дүйх хэмжээний дүнтэй асуудал хуулийн байгууллагаар үргэлжлүүлэн шалгагдана. Шалгалтын богино хугацаанд тус банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрт чанарын, гүйцэтгэлийн нарийвчилсан шалгалт хийх боломж байгаагүй. Тийм учраас мэргэжлийн төсөвчин, салбар салбарын хяналт шалгалтаар мэргэшсэн баг үргэлжлүүлэн шалгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэр шалгалтын дүнгээр тодорхой төсөл, ажлын гүйцэтгэлийн талаар илүү нарийвчилсан мэдээлэл ил болох байх”гэсэн юм.  Мөн тэрбээр “-Хөгжлийн банкны зээлийн гол эх үүсвэр нь “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, дунд хугацааны Евро бондын 600 сая ам.доллар, Самурай бондын 24.3 тэрбум иен. Мөн банк өөрөө эх үүсвэр татах ажил ч чамгүй хийсэн байгаа. Хаанаас ямар бонд авсаныг нь олон нийт мэддэг мөртлөө харин хэрхэн зарцуулав гэдэг тоймтой мэдээлэл үнэндээ байгаагүй. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлийн хэмжээ 2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 5 их наяд 561.6 тэрбум төгрөг байна. Эндээс улсын төсвөөс эргэн төлөгдөх зээл нийт зээлийн багцын 53.8 хувь, төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлүүд нийт багцын 46.2 хувийг бүрдүүлж байна. Олгосон зээлүүдийг салбараар нь авч үзбэл Зам тээврийн салбарт 1.9 их наяд, уул уурхай, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 613 тэрбум, Эрчим хүчний салбарт 427 тэрбум, барилга хот байгуулалтын салбарт 1.1 их наяд, бусад салбарт 1.4 их наяд гээд нийтдээ 5.5 их наяд төгрөг зарцуулсан дүнтэй байна. Эх үүсвэрийн эргэн төлөлт 2017 онд 1 их наяд 644.0 тэрбум төгрөг, 2018 онд 1 их наяд 497.4 тэрбум төгрөг буюу хамгийн  өндөр төлөлттэй байхаар харагдаж байна. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 2 их наяд 991.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн эргэн төлөлт хамгийн тулгамдсан асуудлын нэг болжээ. Бондын мөнгийг эргүүлж төлөх зээл биш их хаанаас өгсөн хишиг хэмээн эндүүрэн хөөрцөглөөд байх хэрэггүй гэсэн үг л дээ.

Шалгалт хийх явцад  ноцтой зөрчлүүд цөөнгүй илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэж, сарвууныхаа салаагаар урсгаж байсан юмуудаа гэж санагдсаныг нуух юун. Өгсөн зээлийг авсан этгээд чухам  юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан нь илт байна. Арилжааны банкууд тав арван сая төгрөгийн зээл өгөх гэж ямар өндөр шалгуур нарийн хяналт тавьдаг билээ дээ. Гэтэл хэдэн тэрбумаар нь зээл олгодог Хөгжлийн банк дэндүү хайнга болчимгүй, халаглаж харамсмаар ажиллаж ирсэн нь хачирхалтай. Барьцаа хөрөнгө нь барьцгүй, ханшийн эрсдэл нь харалган, борлуулалтын төлөвлөгөө нь хий хуйтай, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь иш мухаргүй, зээлийн хорооны тэмдэглэл ч байхгүй ийм л байдалтай явж ирж. Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн. Бүхэлдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хууль ёсны зарчим алдагдсан байна гэж Ажлын хэсэг дүгнэж байгаа. Учир нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хууль 2012 оноос хойш огт мөрдөгдөөгүй байсан. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-аас батлагдаагүй, хэлэлцэгдээгүй асуудлыг санхүүжүүлдэг хууль бус практик тогтсон байсан. 2012-2016 онд Засгийн газар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, санхүүжилт, төсөл, гүйцэтгэгчийн жагсаалт нэр зааж нийт 160 орчим шийдвэр гаргасан. Энд жишээ болгож, заримаас нь дурдая. Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй хууль бусаар гаргасан. Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон. Энэ нь мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.1-т “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална.” гэж заасны дагуу УИХ-аас баталсан жагсаалтад огт байхгүй байгаа юм. Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын санхүүжилт анхаарал ихээр татсан. Жишээ нь, Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 1 км авто замын барилгын ажлыг хийнэ гээд анх 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан байгаа юм. Тэгснээ зураг төслийг нь хийсний дараа 1 тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөсөн байх жишээний. Мөн 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэлийг “Пабликроуд” ХХК гүйцэтгэсэн. Энэ уулзварыг тухайн компани 300 сая  төгрөгөөр  зураг төсөл гараагүй байхад гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр гэрээ байгуулаад явсан. Нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3  дахин өндөр зарлага гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн. Нэг ёсондоо хямд өртгөөр их ажил хийх дүр үзүүлж төсөл урьтаж авчихаад дараа нь түүнийхээ өртгийг хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг байдал нийтлэг болсон нь тодорхой байна.” гэж байна.За харин Хөгжлийн банкны удирдлагуудын  талаар хэлэхдээ “Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын 3 хоногийн зочид буудлын төлбөрт гэхэд 11 сая 925,000, нислэгийн тийзэнд 8 сая 985,000 төгрөг төсөвлөн баталсан. Мөн уг айлчлалаар Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр болон Bloomberg телевизийн хөтлөгч, зураглаач нарын буудлын төлбөр болох 1 хүний хоногийн 1 сая 224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын Хонгконгд чуулга уулзалтад оролцох 3 хоногийн нийт зардал 8 сая 691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр гэхэд л 786 ам доллараар төсөвлөгддөг. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2013 онд БНХАУ-д Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон дагалдан явах орчуулагчийн 1 хүний хоногийн зочид буудлын төлбөрт 2 сая 908,350 төгрөг, бусад зардалд 5000 ам доллар төсөвлөсөн гээд тансаг хэрэглээний үрэлгэн зардлын жагсаалт хөвөрнө. 2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад 4 тэрбум орчим төгрөг зарцуулсан байх ба “Блүүмберг ТВ”-тэй гэхэд 2013 онд 816 мянган ам доллараар зар сурталчилгааны гэрээ байгуулсан байх жишээтэй. 2016 оны эхний хагас жилд гэхэд 1.2 тэрбум төгрөг сурталчилгаандаа зарцуулсан. “ гэхчлэн нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.

Эх сурвалж:  Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих