Шөнийн ээлжний сурагчид буюу III ээлжний сурагчдад анхаарлаа хандуул БОЛОВСРОЛЫН САЙД АА
Сүүлийн жилүүдэд манай боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал ихээхэн асуудал үүсгэж байгаа.
Сургуулийн барилга хүрэлцээгүйн улмаас нийслэлд 30 гаруй сургууль өдрийн гурван ээлжээр хичээллэж байна. “Нийслэлийн хэмжээнд цаашид ашиглах боломжгүй, олон жилийн насжилттай 50 гаруй сургууль, цэцэрлэгийн барилга бүртгэлтэй байдаг. Харин эдгээрээс энэ жил ашиглалтын шаардлага хангахгүй, хичээл сургалт явуулах боломжгүй 5-6 сургууль бий” гэдгийг албаныхан хэлж байсан.
Тиймээс зарим сургуулийн сурагчид өөр сургуулийн хаяа бараадан хичээллэж байна. Сурч мэдэхийн төлөө айх цочихыг умартсан багачууд орой 20:00 цагийн орчимд, зарим нь бүр шөнийн 22:00 цагт гэрийн бараа харж байна.
Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг 34 гаруй сургууль байгаагийн ихэнх нь өнөөх л хотын захын хорооллын багачууд гэнэ. Тэдний хувьд ингэж оройтож хичээлэхийн хажуугаар ид утааны голомтод амьдарч, яг л утаа ид гарах үеэр хичээлээ тарж байгаа нь багачуудын хувьд эрүүл мэндийн ноцтой асуудал гэдгийг холбогдох албаныхан анхааралдаа аваасай. Энэхүү орой ээлжийн хуваарилалтад голдуу 1-3-р ангийн сурагчид хамрагдаж байгаа юм.
Энэ байдлаар сурагчдаа хүлээн авч буй сургуулийг жишээ авч дурьдвал.
Нийслэлийн Сонгино Хайрхан дүүргийн 62-р сургууль 1975 он байгуулагдан өдийг хүрсэн сургууль. Тус сургуульд одоо 3000 гаруй сурагч хичээллэн 160 гаруй багштай үйл ажиллагаа явуулдаг.
Сургуулийн барилга 920 хүүхдийн хүчин чадалтай гурван давхар барилгатай бөгөөд сургуулийн урд хэсэгт мөн өргөтгөл барин бага ангийн сурагчид хичээллэх болсон. Гэсэн хэдий ч тус сургуулийн суралцагчдын тоо хүчин чадлаа дийлэхээ байжээ.
Бага ангийн зөвхөн нэг анги л гэхэд 30 гаруй сурагчтай хичээллэдэг. Сурагчдын тоо ачаалалаас хэтэрсэн учир бага ангийн сурагчдын хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт орж, энэ нь эцэг эхчүүдийг бухимдуулсан зүйлийн нэг болж байна.
Энэ байдал нь багачуудын сурлагад ч сөрөг нөлөөтэй. Биологийн цагийн идэвхтэй үе нь өнгөрсөн үед хичжжл ном заах нь багачуудад тийм ч үр дүнтэй арга биш гэдгийг хүн бүр л мэдэх байх. Жишээлбэл бага ангийн сурагч өдөр 16:00 цагаас эхлээд орой 19:45 цаг хүртэл хичээлдээ суудаг. Энэ мэт зүйлээс болж бага ангийн сурагчид өвлийн цагт шөнийн амьдралтай болсон гэж хэлж болохоор.
Хол гэртэй зарим хүн хүүхдээ хүргэж ирээд тарахыг нь хүлээж, сургуулийн үүдэнд 3-4 цаг суух тохиолдол олон бий гэдгийг зарим эцэг, эхчүүд хэлж байсан. Хүүхдээ хичээлд нь хүргэж ирдэг эцэг, эхчүүдийн сэтгэгдлийг сонсвол, “Ялангуяа, бага ангийнхан өдрийн гурван ээлжээр хичээллэхэд хүндрэл, бэрхшээлтэй зүйл олон байна. Хүүхдүүд сурах эрхээ эдэлж чадахгүй байна Сурагчид хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх сургалт, дугуйлан секцинд хамрагдаж чадахгүй байна. Хамгийн гол нь, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх Улаанбаатар хотод аль хэдийнэ алдагдсан энэ үед өглөө, орой ид утаан дундуур хичээл сургуульдаа явдаг хүүхдүүдэд агаарын бохирдол ямар их хортой нөлөө үзүүлж байгааг хэлэхэд бэрх байна. Мөн шөнийн харанхуйд осол аваарт орох, хулгай дээрэмд өртөх гэх мэт эрсдлээс байнга айж эмээж явдаг” хэмээн учирлаж байв.
Үргэлж л харанхуй орчинд хичээлээ тарах багачуудад энэ нь тийм ч таатай зүйл биш л болов уу БОЛОВСРОЛЫН САЙД аа.
URL: