Д.Дамба-Очир гишүүн та, дампуурсан “Анод” банкинд учруулсан хохирлоо барагдуулсан уу?
Хууль тогтоох дээд байгууллагад суугаа нөхдүүд дунд нэр сүр цэвэр биш хүмүүс цөөнгүй бий. Тухайлбал, Д.Дамба-Очир гишүүний тухайд цагтаа хэвлэлийн хуудаснаас буудаггүй байсан нэгэн. Гэхдээ бараан мэдээлэлтэй холбогдож шүү дээ. Түүнд бүр МОНГОЛ ТӨРИЙН Молиго-Очир нэрийг нэгэн мэдээллийн сайтаас оноочихсон байсан юмдаг. Учир жанцан нь явж явж түүний өөрийнх нь үйлдэлтэй холбоотой л доо. Төв аймгийн Эрдэнэсант, Лүнгийн чиглэлийн замыг тавина гэж тендер авчаад, замаа тавихгүй баахан алга болсон. Сүүлд нь нэг зам тавьсан нэртэй ч, жолооч нарын үйлийг үзсэн тамын юм барьсныг нь олон хүн хэлдэг. Гол нь тэр зам тавих мөнгөө Анод банкнаас гаргуулж авч байсан гэх мэдээлэл байдаг.
Замыг там болгож болдгийг утгаар нь харуулсан гэгддэг Д.Дамба-Очир гишүүний “Очир төв” компани нь Анод банкнаас зээл аваад, муу зээлийн ангилалд оруулсан компаниудын жагсаалтад байдаг байсныг эргэн сануулъя.
Д.Дамба-Очир гэж хүн Анод банкийг үүсгэн байгуулах гэрээг 1998 оны аравдугаар сарын 14-ний өдөр үзэглэсэн гэдэг. Тэрбээр тус банкны удирдлагуудтай нийлж Анод банкны дүрмийн санг нэмэгдүүлэх буюу их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хэмээн холбогдох бичиг баримтад гарын үсэг зурж байжээ. Түүнийгээ дүрмийн санг нэмэгдүүлэх гэж хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгээр тайлбарладаг. Гэхдээ хэдэн жилийн өмнө түүнийг Анод банк дампуурсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 156.2-оор буюу банкны байгууллагын ажилтан шунахайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн сэжигтнээр татан мэдүүлэг авч эхэлсэн талаар хэвлэлүүд бичиж байв. Зарим эх сурвалж түүнийг “Очир төв” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 оны хоёрдугаар сард нэг тэрбум төгрөгийг тус банкны дүрмийн санд оруулсан ч төд удалгүй хөрөнгөө татсан гэсэн мэдээлэл ч бий. Тэрбээр Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлд хатуу хучилттай 106,2 км замыг барьж шинэчлэх нэрээр санхүү нь хүндэрч дампуурах нь нэгэнт тодорхой болсон тус банкнаас 10-аад тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг.
Тиймээс ч банк дампуурсан хэрэгт түүний оролцоо бий эсэхийг хууль хяналтынхан тогтоохоор мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм. Анод банкинд өртэй газруудын жагсаалтыг тэргүүлэгчдийн зээлийн хэмжээг доорхи хүснэгтээс харна уу.Эндээс харахад Д.Дамба-Очир гишүүний компанийн нэр байж байна. Чухам харин энэ зээлийн хохирлоо барагдуулсан эсэх дээр өөрөө хариулт өгнө биз ээ.
|
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: