Хяналтаас “нуугдсан” хямд амттан

199156-03012017-1483435862-1153725993-1Хүүхдээ дагуулсан эмэгтэй дэлгүүрийн амттан дундаас гоёмсог савалгаатай цэлцэгнүүрийг авч нэлээн удаан тойруулж үзсэнээ буцаагаад тавив. Баярын бэлгэнд элбэг тааралддаг цэлцэгнүүрийг авахдаа ихэнх эцэг, эхчүүд ийнхүү эргэлздэг. Харин зарим нь хямд хэрнээ амттай хэмээн хүүхдэдээ өгөхөөс татгалздаггүй. Энэ амттанг бид үр хүүхдэдээ өгч болох, эсэхийг сонирхлоо.

Хотын төвд байрлах нэгэн дэлгүүрт ороход ОХУ, БНХАУ, Малайзаас импортолсон мөн дотоодын үйлдвэрийн цэлцэгнүүрүүд төрөл, төрлөөрөө өрөөстэй байлаа. Үнэ нь савалгаа, хэмжээнээсээ хамаараад 700-7000 төгрөг хүртэл янз бүр. Худалдаанд буй бүх цэлцэгнүүрийн шошгон дээр гурваас доош насны хүүхдэд өгөхдөө жижиглэх, эсвэл бүр өгөхийг хориглох заалт бичжээ. Эдгээрээс БНХАУ-аас импортолсон “Assorted” нэртэй хамгийн хямдыг нь сонгоод Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг зорилоо.

ЭРГЭЛЗЭЭ ДАГУУЛСАН ОРЦ

НЭМХ-гийн хоол судлаач Б.Түвшинбаяраас энэ талаар тодруулахад “Цэлцэгнүүрийн найрлагад желатин, жимсний охь, хүнсний будаг, ус, хүнсний нэмэлт бодисууд орсон байдаг. Хугацаа нь дууссан эсэхийг шалгахаас гадна орц найрлагад нь анхаарах хэрэгтэй” гэв.

Түүнд БНХАУ-аас импортолсон уг цэлцэгнүүрийг үзүүлэхэд хаяг, шошгын зөрчилгүй байлаа. Харин E102, E129, E133 гэсэн хүнсний нэмэлт бодисууд орсон байв. Эдгээр нь бүгд синтетик буюу химийн гаралтай будагч бодис юм байна. E102 зарим хүнд харшил өгч болзошгүй гэсэн заалтттай байдаг бол E133 нь дунд зэргийн багтраа өвчинг сэдрээдэг.

Хилээр нэвтрүүлэхэд нарийн шинжилгээ хийдэггүй

E133-ыг АНУ-д их хэмжээгээр хэрэглэх нь хортой гэж үзэн хүний биеийн жинтэй харьцуулахад хамгийн багадаа 1 килограммд 0.1 милограмм ногдох хэмжээг зөвшөөрдөг байна. Улаан өнгөтэй будагч бодис болох E129-ийг хүүхдийн анхаарлаа төвлөрүүлэх чадварт сөргөөр нөлөөлдөг гэж зарим судлаачид онцолдог ч үүнийг шинжлэх ухаанаар нотолж чадаагүй аж. Энэ бодис 2000 оноос өмнө Дани, Швейцарь, Франц, Бельги, Швед зэрэг оронд хориотой байжээ. Одоо ч зарим оронд хориотой бодист тооцогдсон хэвээр байгаа юм. Ер нь “E” гэсэн тэмдэглэгээтэй хүнсний нэмэлт бодис орсон л бол органик бүтээгдэхүүн биш гэж ойлгох хэрэгтэй.

Монголчууд үхрийн шийрийг чанаж царцаамаг хийдэг. Үүнтэй адил үхэр, гахайн арьсыг чанаж желатин гаргаж авдаг байна. Тиймээс зарим цагаан хоолтон амьтны гаралтай хэмээн желатинтай хүнс хэрэглэдэггүй. Харин цагаан хоолтнууд желатины оронд агар гэдэг ургамлыг хэрэглэдэг. Япон, ОХУ-д агарыг хамгийн түгээмэл ашигладаг аж.

Сүүлийн жилүүдэд желатинаар хийсэн амттаны зах зээл хурдтай тэлж байна. Учир нь желатинд залуужуулах үйлчилгээтэй коллаген ихээр агуулагддаг ба илчлэг багатай учраас хоолны дараа зайрмагны оронд хэрэглэх дэглэм дэлгэрчээ. Мөн сахаргүй цэлцэгнүүрээр турах дэглэм барих нь элбэг болсон байна.

ХЯНАЛТЫН “ЖИМ”

Монголд цэлцэгнүүр үйлдвэрлэдэг ганцхан компани байдаг нь “Ишган” ХХК. Тиймд энэ амттаны борлуулалтад импортынх нь жин дарж байна. Импортын цэлцэгнүүр ямар шат, дамжлагаар хэрэглэгчийн гар дээр хүрдэг талаар албаны хүмүүсээс тодрууллаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн байцаагч Ч.Оюунцэцэг “Гурван жилийн өмнөөс цэлцэгнүүрийг бага болон дунд эрсдэлтэй бүтээгдэхүүнд хамруулсан. Тиймээс хилээр нэвтрэхэд нь шошго болон бичиг баримтын шалгалт хийдэг. Зөвхөн үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээ болон импортлогчийн худалдааны гэрээг шалгадаг” гэв. Өөрөөр хэлбэл, цэлцэгнүүрийг оруулж ирэхэд ямар нэгэн лабораторийн шинжилгээ хийдэггүй юм байна.

Тэрбээр “Нэг удаа хилээр нэвтрүүлэхдээ 11-12 тонныг оруулж ирдэг. Гэхдээ жилд хэр хэмжээтэйг импортолдог нь тодорхойгүй. Цэлцэгнүүрийг зөөлөн чихрийн ангилалд багтааж бусад чихэртэй хамт оруулж ирдэг учраас нарийн шалгаж, хэмждэггүй. Малайз, Филиппин, ОХУ-аас импортолдог. Сүүлийн үед БНХАУ-аас оруулж ирэхээ больсон” гэв. Сануулахад дэлгүүрээс авсан цэлцэгнүүрийг БНХАУ-д өнгөрсөн оны тав дугаар сард импортолсон байсан. Гэтэл МХЕГ-т энэ талаар мэдээлэл байхгүй нь хачирхалтай.

Тэгвэл дотооддоо хэрхэн хянадаг талаар сонирхоход мөн л дээрхтэй адил хариулт авлаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Н.Одончимэг “Цэлцэгнүүрийг хилээр нэвтрүүлсэн тохиолдолд шалгалт хийх шаардлагагүй бүтээгдэхүүн гэж үзэж, Шадар сайд тушаал гаргасан байдаг. Тиймээс дотооддоо ямар нэгэн нарийн шинжилгээ хийдэггүй. Хэрэглэгч гомдол гаргасан тохиолдолд л шалгана” гэв.

НЭМХ-гийн хоол судлаач Б.Түвшинбаяр цэлцэгнүүрийг буруу хадгалсан тохиолдолд савханцар үүсэх магадлалтайг онцолж байв. Хяналтын байгууллагууд нарийн шинжилдэггүй учраас хэрэглэгч өөрөө анзаарахгүй л бол савханцартай бүтээгдэхүүн идэх магадлал өндөр болох нь. Харин дотоодын бүтээгдэхүүнийг удаан хугацаанд тээвэрлэдэггүй учраас арай найдвартай. Шинэ жилийн баярын өмнөхөн цэлцэгнүүр авсан дэлгүүртээ эргээд очиход лангуу дүүрэн байсан энэ амттанаас зөвхөн БНХАУ-ын болон дотоодын үйлдвэрийнх үлджээ. Монгол цэлцэгнүүр амт, үзэмжийн хувьд импортынхыг гүйцэхгүй учраас ийнхүү дэлгүүрийн лангуун дээр орхигддог нь гарцаагүй.

Б.Баярмаа

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: 5 Sex Positions You Need to Try If Your Partner Has a Long Penis Огноо: 10 August 2019

Feb 8, 2019 -

Сэтгэгдэл бичих