“Фортуна” Батбаяр болон Хөгжлийн банкны экс удирдлагуудыг шалгах АТГ, ЦЕГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдлаа
Хөгжлийн банкыг тойрсон дуулиан шуугиан тасралтгүй үргэлжилсээр байна. АТГ-аас тус банкны зарцуулалтыг шалгах явцад одоо ч “но”-той, “ноцтой” баримтууд дэлгэгдсээр байгаа юм. Тухайлбал, цагаан сараар сайдтай золгохдоо хамгийн сайхан дээл өмссөн эрхмийг 3.5 сая төгрөгөөр урамшуулаад, гадаад нэг өдөр айлчлахдаа хамгийн тансаг болгоныг хэрэглэчихсэн. Монголчуудын амь амьдралыг барьцаанд тавьж, улсаа ломбардаад босгосон бондын мөнгийг нь ямар ч тооцоо судалгаагүйгээр үрэн таран хийж улсын мөнгийг гарын салаагаараа хайр найргүй урсгаж ирсэн нь ил болоод байгаа юм.
Хамгийн сүүлд гэхэд оёмол бүтээгдэхүүнийг дэлхийн жишигт хүргэнэ хэмээн сүржин нэр, уриатай төсөл боловсруулж 2 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан байтал үйл ажиллагаа эрхэлдэг газар дээр нь очиход 7 ширхэг оёдлын машинаас өөр зүйл байхгүй байсан нь ил болсон. Энэ мэт Хөгжлийн банктай холбоотой алдаа завхарлууд гарсаар байгаа нь харамсалтай. Тэгвэл тус банкны үйл ажиллагааг шалгахаар хамтарсан ажлын хэсэг гарсан байна. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурорын газраас Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсэг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүн багтаж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд манай сайтаас хүргэж байсан нийтлэлүүдийг санаж байгаа бол Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамтай холбоотой маш ноцтой 30 гаруй зөрчил бий болсон байдаг. Дахин сануулахад, дээл өмссөн ажилчнаа урамшуулсан, гадаад томилолтын хэтэрхий гэхэд арай л хэтэрхий тансаглалууд, төсөл хөтөлбөрүүдийн эргэн төлөгдөх боломж бололцоо гээд наад захын шалгууруудыг нь огт тодорхой болгоогүйгээр зээлийг эмх замбараагүй тараасан. Мөн алдаатай тушаал шийдвэрээс болж улс их хэмжээний алдал хүлээсэн гээд тоочоод барахгүй их “но” илэрч байсан юм. Дээрээс нь нэмээд Хөгжлийн банкны удирдлагуудын цалин, хангамж гэж сонссон хүн итгэмээргүй сансрын тоо баримтууд ил болж иргэдийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж билээ.
Тиймдээ ч АТГ-аас өнгөрсөн есдүгээр сарын дундаас эхлээд Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан “Фортуна” Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Б.Чимэг
URL: