“Бүгд халаагуур асаагаад эхэлбэл онцгойгийнхон галын дуудлагаас салахгүй”

4700b6229ea6e24b0475e8426fd28a01Төрийн эрх барьж буй МАН өнгөрсөн хугацаанд хоёр, гурван зөв ажил хийлээ. Тухайлбал,

1. Согтуучуудыг буцаагаад эрүүлжүүлэх рүү нь хөөв. Х.Тэмүүжингийн гаргасан хамгийн буруу шийдвэрийн нэг. Хөөрхий өвчтөнгүүд 4 жил хэцүүдсэн.

2. Хуулийг заавал судалгаатай бас олон нийтээр хэлэлцүүлдэг боллоо. Өмнө нь өөртөө тааруулаад хэн ч хамаагүй нэг хууль санаачлаад бусдыгаа лоббидоод батлуулчихдаг байсан. Маш чухал шийдвэр.

3. Шөнийн эрчим хүч гэр хороололд 0 төг болов. Энэ уг нь утааг багасгахад хамгийн үр дүнтэй шийдвэр. Гэр хорооллын айлууд унтахдаа хувин нүүрс хийгээд унтдаг. Хэдэн зуун мянган яндан тэрийг нь утаа болгон гаргаснаар маргаашийнх нь 11 цаг хүртэл хот утаанд автдаг. Тэгэхээр тэдэнд үнэгүй эрчим хүч өгөхөөр бүгд цахилгаанаар халаагаад эхэлнэ, нөгөө шөнө дунд хотыг бүрхдэг утаа эрс алга болно. Үүр цайх үед босох юм бол хол ойрын юм харагдахтайгаа байна. Манайх оргил цагаар Оросоос үнэтэй эрчим хүч авдаг, шөнө тэдэнд үнэгүй эрчим хүч өгдөг. Хүнд зүгээр өгснөөс хүн арддаа үнэгүй өгсөн нь дээр.

Гэвч цаг нь арай л болоогүй байхад гаргасан шийдвэр. Тэр утгаараа попорсон шийдвэр болчих шиг боллоо. Яг бодит амьдрал дээр бүгд халаагуур асаагаад эхэлбэл онцгойгийнхон галын дуудлагад яваад салахгүй. Хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа өрх маш их. Тэд тэр үнэтэй халаагуурыг авч чадахгүй, нөгөө л нэг тоосгон дунд хэдэн утас ороосон хямд юмаа ашиглаад эхэлнэ. Дулаан ялгаруулах тал дээр мундаг ч асар их ватт хэрэглэдэг. Тэр бүхнийг агаарын станц нь хүчрэхгүй. Зориулалтын гал хамгаалагч бас хөөрхөн үнэтэй болохоор манайх байгаа боломжоороо зарим газар шууд зэс утсаар гал хамгаалагч хийгээд явчдаг, зарим мончоор залхуураад ингэж хийх нь ч бий. Зэс утас гал хамгаалагч шиг тодорхой ачаалал дээр тасрах нь бага, амар тасарч өгөхгүй тул станц дээрээ гал хамгаалагч шатахаас илүү том хохирол учруулна, цаашлаад фидер дээрээ ч аваар үүсгэнэ. Нэг станц дээр 100 айл байлаа гэхэд 1 фидер дээр хэдэн мянган өрх байдаг, тэд бүгд тоггүй болно. Юун нөгөө амар тайван дулаан унтах. Ил халаагуурын бас нэг аюултай тал нь багачууд түлэнхийн төв рүү яваад салахгүй.

За тэгээд нөгөө айлууд маань ачаалал даах кабел авч чадахгүй шүү дээ, 1 метр нь дор хаяж 5000 төгрөг гэхээр тэр урт кабелийг тэд яагаад ч авч барахгүй. Цагаан сар болох гэж байхад юун илүү зарлага гаргах. Тэд хэрэглээгээ мэдэхгүй л яваа. Тог шөнийн цагаар үнэгүй болсон гээд халаагуур асаана, цагийн дараа өнөөх кабел нь хайлаад түймрийн аюул дэгдэх эрсдэлтэй. 100 айл явж дахиад л өнөө муу хямдхан хужаа кабелиа авч Эрээний бизнесийг дэмжчихээд болий цус гээд пийшингээ галлаад эхэлнэ.

Тэгэхээр энэ шийдвэрээ гаргахаас өмнө бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй. Эхлээд станцуудын хүчин чадлыг нэмэх, аюулгүй найдвартай ажиллагааг нь сайтар хангах. Дараа нь өрх бүрийн кабелийг шинэчлэх. Бүр үнэгүй сольж өгөх хэрэгтэй. Утааны төсөл гээд хэдэн тэрбумаар нь мөнгө төсөвлөдөг, үүнийгээ ийм юманд зарцуулах хэрэгтэй. Тэгээд тэр түлэгдэх аюултай ил халаагуурыг хориглох. Зориулалтын халаагуурыг нь мөн адил үнэгүй өгөх хэрэгтэй. Бүх хүн амынхаа эрүүл мэндийн төлөө үнэгүй өгөх л хэрэгтэй. Хотынхны авдаг бүх эм тариаг валютаар авдаг, эмнэлгийн ажил ачаалал хөнгөрнө. Гал руу гүйх онцгойгийнхон, түлэнхий рүү давхих иргэд гээд л энэ бүгд чинь бас л урсгал зардал. Эцсийн дүндээ яг адилхан зардал л гарна. Хамгийн гол нь эрүүл чийрэг иргэдтэй байж улс хөгжинө гэдгийг л ойлгох хэрэгтэй. Эрүүл мэндийг ямар ч мөнгөөр худалдаж авч чадахгүй шд.

Бас нэг анхаарах ёстой зүйл нь бүх өрхийг найдвартай эрчим хүчээр хангах. Хотын зах руугаа нэгнээсээ дамжуулж татсан тогтой айлууд байсаар л байгаа. Шөнийн тог 0 болчихоор анхны эх үүсвэртэй айл аргагүйн эрхэнд тогоо тасалж л таараа, нөгөө айлууд нь утаа гаргасан хэвээр үлдэнэ. Бүгд найдвартай кабелтай, аюулгүйн шаардлага хангасан халаагууртай болсны дараа мөн станц, шугамуудаа шинэчилсний дараа дээрх шийдвэрийг гаргах ёстой байсан. Ер нь бол ирээдүйд зайлшгүй гарах ёстой шийдвэр.

Анхаарах бас нэг юм нь хорооны байцаагчид шинээр байшин барьж байгаа айлуудад дулаалгын хөөсөнцөрийг стандартын дагуу тавьж байгаа эсэхэд хяналт тавьдаг болох хэрэгтэй. Тэднийг сургалтад хамруулж, энэ ажлыг хийгээд эхэлбэл утаа багасахад их нөлөө үзүүлнэ. Өмнө нь барьсан нь дүүрч. Шинээр дахиад хэдэн мянган байшин баригдах нь тодорхой. Тэрийг л ядаж дулаалга тал дээр нь анхаарах хэрэгтэй. Энэ хэдэн жилд барьсан байшингууд нимгэн хучилттай болохоор дулаан алдалт ихтэй тул нүүрсээр л тэрийг нөхдөг. Соц үеийн 70 жилд гэр хорооллыг арчиж чадаагүй юмыг одоо орон сууцны байшин бариад арчина гэж үлгэр. Н.Алтанхуягийн үед өчнөөн л байшин барилаа, бүгд нүүж ирээд орчихгүй л байгаа биздээ. Кабелиа сольж чадахгүй байгаа айлууд юун тэр үнэтэй байшин авах. Байгаа юман дээрээ зохицуулаад дээрх ажлуудыг хийсний дараа шөнө үнэгүй цахилгаанаар хангавал энэ утаа хэд дахин багасна. Өөр ямар ч гарцыг би лав олж харахгүй байна.

Л.Олонбаяр


URL:

Сэтгэгдэл бичих