МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар өөрчлөв үү

Улс төрчид аливаа сонгуулийн өмнө хуульд өөрчлөлт оруулдаг “моод” дэлгэрүүлээ. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж нэг хэсэг хэрэлдсэн улс төрчид энэ удаа ч мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хуульд өөрчлөлт оруулж өөрсдөдөө зориулсан хууль батлахаар шийджээ. Тэд ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулан батлахаар улайрч байгаагийн ганцхан шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуульд “УИХ-д суудал бүхий улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт л болоод байгаа юм. Энэ нь МАН-ынханд ашигтай заалт учир ийнхүү яаравчлан батлахыг зорьж байгаа хэрэг.

6g0oqqe50b9q6vrrevl6309jqh

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр энэ талаар мэдээлэл хийж, зорилгоо ч ил болгосон. Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлагчдын нэг Н.Энхболд энэ талаар өгүүлэхдээ “УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль нэг хуулиар явсан. Манай нам бол энэ гурван сонгуулийг тусдаа хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байсан. Гэвч УИХ-аар хэлэлцээд нэг хуулиар зохион байгуулахаар болсон. Гэтэл СЕХ-ноос бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулах нь төвөгтэй байна. Тиймээс тусдаа хуультай болох нь зүйтэй гэдэг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Ингэхдээ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд суурилж саналаа ирүүлсэн.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулан батлахаар улайрч байгаагийн ганцхан шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуульд “УИХ-д суудал бүхий улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт л болоод байгаа юм.

Тухайн үед буюу 2013 онд УИХ-д таван нам байсан. Тиймээс хуульд байгаа үндсэн гол санаа, шалгуур үзүүлэлт, зохицуулалтыг хэвээр нь аваад, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж Байнгын хороо шийдсэн. Харин зохион байгуулалттай холбоотой шинэ заалт оруулж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдүгээр сарын дунд үед багтаад, Ерөнхийлөгчийн сонгууль болох хугацаа товыг зарлах зорилготой байгаа. Энэ төслийг МАН-ын бүлэг дэмжсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг нэгдүгээр сарын эхний хагаст багтаан баталж, санал хураалт явагдах өдрөө тодорхой болгох зорилготой байгаа. Энэ хуулин дээр УИХ-ын даргын захирамжаар парламентад суудалтай намуудын төлөөлөл орсон ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тохирсон. Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай болсон нам нэр дэвших эрхтэй гэж заасан байгаа” хэмээн хуулийн төсөл боловсруулсан шалтгаанаа СЕХ-нд тохож орхив. Тэдний өгүүлж буйгаар Сонгуулийн Ерөнхий хороо хуулийг салгах ёстой гэсэн учраас л чих зөөлөн хүлээн авч хуулийн төсөл боловсруулсан гэх.

Тэгвэл МАН-ынханы энэхүү сценар улс төрийн хүрээнийхэн болоод Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр горилж буй эрхмүүдэд таалагдахгүй байгаа нь нууц биш. Тиймээс ч энэ талаар өнөөдөр МАХН-аас хэвлэлийн хурал хийж, МАН-ынханы багийг хуулахаар зэхэж буй.

Уг нь хууль батлаж, хуулийг хамгийн ихээр мөрдөж байх учиртай гишүүд ийнхүү өөрсдөдөө зориулсан хууль батлаж, хуульд дур мэдэн гар хүрдэг явдал эцсийн дүндээ ямар үр дагавар авч ирэх нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс энэ байдлыг таслан зогсоохгүй бол манай улсын хууль гууль болох нь.

Б.Энхжин

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих