Засгийн газраас хурдхан явуулмаар дөрөв биш ганцхан сайд байна

527-14834093351-3-1_700x700Сар гаруйн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газраас “тоосго” сугалахаар боллоо гэсэн мэдээлэл гарсан. Нэр бүхий дөрвөн сайдыг огцруулах нь гэсэн яриа ихээхэн газар авсан  нь одоохондоо арай намжжээ. Үүнийг  МАН-ын Бага хурлаар дотроо учраа олсон учраас намжсан гэдэг таамаг явж байгаа.

Гэсэн хэдий ч Засгийн газраас хөөгөөд гаргамаар нэг сайдын тухай чих халууцам мэдээлэл улам зузаарч ирэх болов. Тэр сайд бол Ж.Батсуурь. Тэр өнөөдөр БСШУС-ын сайдын албыг хашиж байгаа билээ.
“КЕМБРИЖ Ё.ОТГОНБАЯРЫНХ, КООСЭН ЛУ.ГАНТӨМӨРИЙНХ УЧИР ДЭМЖИХГҮЙ”
2011 онд, Ё.Отгонбаяр БСШУ-ы сайдаар ажиллаж байхдаа Кембрижийн хөтөлбөрийг эхлүүлж байв.
Энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн Их сургуулийн хөтөлбөртэй уялдуулан, шинэчлэх ажил юм. Дажгүй ч эхэлсэн. Одоо хэрэгжээд явж байгаа. Ё.Отгонбаярын хувьд өнөөдөр дэд сайдаар ажиллаж байгаа. Уг нь сонгуулийн дараах нөхцөл байдал, МАН доторх албан тушаалын хуваарилалтаар Ё.Отгонбаяр л БСШУС-ын сайдаар томиогдоно гэж ярьж байсан. Гэтэл гэнэтхэн 2016 оны сонгуульд нэр дэвшээгүй Ж.Батсуурь гарч ирээд сайд болсон байдаг. Ё.Отгонбаяр өмнө нь энэ салбарт сайдаар ажиллаж байсан. Зөвхөн Кембрижийн хөтөлбөр ч бус энэ салбарт ажил хийсэн хүн гэгддэг. Салбарынхан нь түүнийг муу ажилласан гэж хэлдэггүй юм билээ.
Харин 2014 оны сүүлчээс Лу.Гантөмөрийг сайд байх үед “Коосэн” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ нь инженер, технологийн чиглэлээр мэргэжил эзэмших хүсэл­тэй залуучуудад Японы Коосэн сургуульд сурал­цах боломжийг олгох зорил­гоор “Инженер, технологийн дээд бо­ловс­рол” төслийн хү­рээнд хэрэгжүүлж эхэл­сэн хөтөлбөр юм. Бас л сайн эхэлсэн. Үр дүн­гээ өгч хэрэгжээд явж байгаа. Дээрээс нь Лу.Гантөмөр салбартаа бас л боломжийн сайд байсан. Ямар ч бай­сан араасаа хэл ам дагуу­лаа­гүй, мөн дээрээс нь ажил­лаж байхдаа олон шинэч­лэлийг эхлүүлсэн гэдгийг салбарынхан нь хэлдэг.
Гэтэл Ж.Батсуурь БСШУС-ын сайдаар томилогдсоноосоо хойш дэээрх хөтөлбөрүүдийг “…Кембриж Ё.Отгонбаярынх, Коосэн Лу.Гантөмөрийнх учир зогсооно” гэсээр буланд шахаж эхэлсэн байна. Ер нь бол өнөөдрийн байдлаар дээрх хөтөлбөрүүд цааш үргэлжлээд явна гэдэг ихээхэн эргэлзээтэй болсон. Учир нь Ж.Батсуурь сайд дээрх шалтгаанаар зогсоох байр суурийг баримтлах болсон талаар салбарынхан нь халаглан ярьж байна.
АРГАА БАРАХДАА ААВЫНХАА ТОЛГОЙГ МААЖИВ ГЭДЭГ ШИГ…
Уг нь БСШУС-ын сайд гэдэг айхтар их ажилтай албан тушаал. Гэтэл одоогийн сайд Ж.Батсуурьт хийх ажил байдаггүй юу гэлтэй л “ажилладаг” ажээ. Сайд болсныхоо дараахан өмнөх сайдынхаа гаргасан тушаал шийдвэрийг өөрчилж хэсэг суусан. Сүүлд сурагчдын амралтын хуваарийг хэд хоног нааш нь цааш нь болгож бас цаг өнгөрөөсөн. Одоо дахиад нэг том ажил сэтгээд сууж буй ажээ. Тэр нь юу гэвэл, American school, British school гэх мэтээр хувийн сургуулиудын нэршлийг өөрчилж төд дүгээр сургууль гэх мэтээр тоогоор  нэрийднэ гэл үү дээ, нэг тийм ажил эхлүүлэхээр төлөвлөөд байгаа сурагтай. Ингэхийг монголчууд “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив гэгчээр…” гэж хэлдэг.
САЙДЫН КАРЬЕРТАЙ ХАМТ САЛБАРЫН АЖИЛ УНАЖ БОЛОХГҮЙ
Дээрхийг харвал Ж.Батсуурь сайдад хийх ажил огт байхгүй мэт… Гэхдээ түүнд оролцохгүй ажил гэж байхгүй гэдгийг яамныхан нь ярьж байна. Бараг л яамны цэвэрлэгчийн шүүрний ишний уртыг хүртэл сайдын тушаалаар шийдсэн байхад нэг их гайхаад байх хэрэггүй бололтой. Ж.Батсуурь сайд тамгаа өөрөө бариад суучихсан, тус яамтай холбоотой том жижиг асуудлын талаарх бүхий л албан бичгийг зөвхөн өөрөө шийдэхээр цуглуулж,  цохолт хийж, тамга дарсан шигээ суудаг болсон байна. Уг нь дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар гээд олон эрх үүрэг бүхий албан тушаалтан энэ яаманд бий. Тэр хүмүүсийг үүрэгт ажлыг нь хийлгэхийн оронд өөрийнхөө ажилд авсан хүмүүст бусдын ажлыг хуваарилж өгдөг гэнэ.
Тухайлбал, гадаад харилцааны мэргэжилтэнд “Үдийн цай” хөтөлбөр, Гадаадын их дээд сургуульд оюутан сургах асуудлыг хариуцуулахаар сайд шийдсэн гэнэ. Уг нь энэ яаманд дээд боловсролын газар, ерөнхий боловсролын салбарыг хариуцдаг газар хэлтэс нэгж нь байгаа, тэднээр ажлыг нь хийлгэхийн оронд тэс өөр ажилтай хүнд аваачиж наагаад байхаар ажил урагшлах уу, ухрах уу. Энэ мэтчилэн Ж.Батсуурь сайдтай холбоотой базаахгүй явдлууд дүүрэн байна. Ийм байхад боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбараас шинэчлэл, хөгжил хүлээнэ гэдэг санасны гарз гэдгийг энэ салбарын мэргэжлийнх нь хүмүүс хэлж бухимдаж байгаа юм.
Ж.Батсуурь сайд уг нь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Бас ч гэж сайн дарга гэгдэж байсан түүх бий. Харин сайд болсноосоо хойш олигтой мэдээ огт дуулгахаа болилоо. Ер нь бол бодлого тодорхойлдог яамыг толгойлох, орон нутагт засаглалыг гүйцэтгэх хоёр тэмээ, ямаа шиг өөр гэдгийг Ж.Батсуурь сайд харуулж байх шиг байна. Түүнчлэн МАН боловсон хүчний арвин их нөөцтэйгөөрөө гайхуулдаг. Тэр ч үнэн. Энэ нам гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн маш сайн залуус олонтой.
Гэтэл явсаар энэ намаас Ж.Батсуурийг сонгож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг хариуцуулсан. Аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, одоо сайд гээд албан тушаал эрх мэдлийн хувьд том өндөрлөг. Өндөрлөг дээр гарсан хүн бас уруудаж бууж таарна, харин тэгэхдээ өөртэйгөө хамт салбараа татаж унагаж болохгүй гэдгийг эрх баригчид эрх биш анзаарч байгаа биз ээ. Шуудхан хэлэхэд, Засгийн газрын дөрвөн сайд болохгүй байна л гээд байсан. Дөрөв биш ганц л саад байгаа юм байна гэдгийг цаг хугацаа, бодит байдал харуулж байна. Тэгэхээр Ж.Эрдэнэбатын Засгийн газраас юуны өмнө явуулмаар сайд нь Ж.Батсуурь байна. Боловсролын салбар тоглоом биш. Монголын ирээдүй болох таны, миний хүүхдүүдийн боловсролоор тоглох эрх түүнд байхгүй.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих