Өнгөрөгч онд болсон тааварлашгүй үйл явдлууд

Улиран одсон 2016 он элдэв үйл явдлаар баялаг он байлаа. Улстөрийн шийдлүүд, эдийн засгийн асуудлууд, олны танил эрхмүүдийн амьдрал дахь шуугиант адал явдлууд гээд юу эсийг тоочиж барах билээ…

Америк орон Трампыг сонгов

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөгч оны 11-р сарын 8-нд явагдан, бүгд найрамдахч Дональд Трамп ялсан билээ. Сонгуулийн энэхүү үр дүн үнэхээр гайхалтай зүйл болсон юм.

Сонгуулийн энэхүү кампанит ажил олон америкчуудын ой санамжид хамгийн зөрчилт үйл явдлуудын нэг болж хоногшин үлдэх биз ээ. Өрсөлдөгч талууд аль аль нь бохир сурталчилгааны арга хэрэглэн, нэг нэгийгээ гутаах гэж оролдов. Трампыг хэд хэдэн эмэгтэйтэй холбон сексийн асуудалд хутгаж, экс төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны цахим шууданг задлан шуугиан тарьж байлаа.

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 20-ны өдөр болох бөгөөд The Rockettes дууны аянд ёслолын ажиллагаа явуулахыг Трамп санал болгожээ. Мөн уг арга хэмжээн дээр энгийн ард иргэдийг харахыг хүсч байгаагаа Трамп илэрхийлсэн байна. Ер нь, АНУ-ын шинэ ерөнхийлөгч цаашид ямар шийдвэр гаргаж, юу хийх нь одоогоор үл мэдэгдэх оньсого мэт байгаа. Орос-Америкийн харилцаанд тодорхой хэмжээний найрсаг байдал үүсч болзошгүй талаар зарим шинжээчид таамаглаж байгаа ч энэ нь одоогоор урьдчилж хэлэх боломжгүй юм. Ямартай ч, өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн гарын үсэг зурсан хууль тогтоомжуудын бараг 70 хувийг Трамп өөрчилж магадгүй талаар яригдаад байгаа билээ.

Brexit

Их Британи улс Европын Холбоо /ЕХ/-оос гарах тухай шийдвэр өнгөрөгч оны зургадугаар сард бүх нийтийн санал асуулгаар яригдсан билээ. Brexit болоогүй хэдий ч түүний үр дагавар илэрсээр байгаа юм. Ялангуяа энэхүү түүхэн шийдвэр Их Британийн эдийн засагт томоохон цохилт өгөв.

1985 оноос хойш анх удаа британи фунт америк доллартай харьцуулахад доод хэмжээнд ортлоо уналаа. Brexit-тэй холбоотойгоор британийн эдийн засгийн өсөлтийн хурдац 2017 онд 1,1 хувь хүртэл унаж болзошгүй гэж Олон улсын валютын сан /ОУВС/ таамаглаж байна.

Будант Альбионы оршин суугчдыг цаашид инфляци, цалин хөлсний бууралт, амьдралын түвшний уруудалт хүлээж байгаа хэмээн зарим шинжээчид үзэж байна. Мөн ЕХ-ноос “салж хагацсанаар” дүрвэгсэдтэй холбоотой асуудлаа шийдэж чадна гэж британичууд найдаж байгаа бололтой.

Brexit ЕХ-ноос гарахыг хүсч буй бусад орнуудын хувьд ч үлгэр жишээ болж байгаа аж. Өнгөрөгч сарын 24-нд Францын “Үндэсний фронт”-ын удирдагч Мари Ле Пен тус улс НАТО болон ЕХ-ноос гарч, евро бүсийг орхих ёстой хэмээн мэдэгдсэн билээ.

Турк дэх төрийн эргэлт хийх оролдлого

Өнгөрөгч оны долдугаар сарын 16-нд шилжих шөнө Турк улсад төрийн эргэлт хийх оролдлого гарсан билээ. Гол үйл явдал Анкара, Стамбул хотуудад өрнөсөн юм. 300 орчим хүн эмх замбараагүй явдлын золиос болсон бөгөөд 100 нь хөдөлгөөнд оролцогчид байсан аж. 1500 орчим хүн бэртэж гэмтсэн ба өглөөгүүр гэхэд зэвсэгт бослогыг дарсан билээ.

Төрийн эргэлт хийх оролдлого дарагдсанаас хойш тус улсад олныг хамарсан баривчилгаа явагдаж, цэргийнхэн, сэтгүүлчид, эрдэмтэд, улстөр нийгмийн зүтгэлтнүүд гээд янз бүрийн салбарын олон мянган хүмүүс баривчлагджээ.

Төрийн эргэлт хийхийг санаархсан гол зохион байгуулагч нь сөрөг хүчний номлогч Фетхуллах Гюлен болон түүний үзэл суртлыг дагагчид хэмээн Туркийн эрх баригчид зарласан хэдий ч Гюлены зүгээс уг бослогыг Туркийн засгийн газар өөрөө “жүжиглэн найруулсан” гэж үзсэн юм.

Оросын тамирчдыг Риогийн Олимп-д оролцуулахгүй гэлээ

2016 оны долдугаар сарын 19-нд Олон улсын сэргээшийн эсрэг нийгэмлэгийн хараат бус комиссын илтгэлийн эхний хэсэг тавигдсаны дараа Бразилийн Рио-де-Жанейрод болох Олимп-2016-д оросын хөнгөн атлекчид болон зарим тамирчдыг оролцуулахгүй шийдвэр гарсан билээ. Мөн ОХУ-ын паралимпын шигшээ баг Рио-д оролцож чадаагүй юм.

Сэргээштэй холбоотой шуугианы улмаас оросын олон тамирчид урд жилүүдэд хүртсэн медалиудаа хураалгахад хүрсэн билээ. Түүнээс гадна, Олон улсын Олимпийн хороо ОХУ-ын эсрэг хоригоо сунгасан юм. Тус байгууллагын зүгээс олон улсын спортын холбоодод хандан, Оросын газар нутаг дээр уралдаан тэмцээн зохиохгүй байхыг уриалсан билээ.

Брэд Питт, Анжелина Жоли нар салав

Холливудын хамгийн үлгэр жишээ гэр бүл салсан явдал Жоли, Питт нарын шүтэн бишрэгчдийн хувьд томоохон цохилт болсон юм. 10 жил хамтран амьдарсан хосуудын салалтын албан ёсны гол шалтгаан нь “хоорондын үл ойлголцол” гэжээ. Тэд хүүхдүүдээ асарч хамгаалах тал дээр тохиролцоход хүндрэлтэй байсан юм. Жолигийн хувьд, зургаан /өргөмөл гурав, төрмөл гурав/ хүүхдээ авч үлдэхийг хүссэн ба экс нөхрөө хүүхдүүдтэй харгис хэрцгий ханддаг хэмээн буруутгасан билээ. Гэвч мөрдөн шалгах явцад энэ асуудал нотлогдоогүй юм.

Оддын гэр бүл салалтын шалтгааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөг хүртэл элдэв эсийн цуу таамаг цацсаар байна. Тэд “Бранжелина”-гийн сүйрэлд Питт франц жүжигчин Марийон Коттийяртой учир ургуулсан, мөн Жоли “гэр бүлтэй араб тэрбумтантай” сээтгэнэсэн явдал гэх мэт янз бүрийн цуу явсаар байгаа. Гэвч аль ч шалтгаан нь албан ёсоор нотлогдоогүй байгаа юм.

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих