АТГ-аас Н.Алтанхуягийг дахин дуудаж, мэдүүлэг өгөхийг шаарджээ

613f3aa2dec200ae9d6291806a687884Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эрүүгийн 201501000009 дугаартай хавтаст хэрэгт сэжигтнээр  тооцон шалгах тухай зарлан дуудах хуудсыг хүргүүлж, тэрбээр тухайн үед очиж мэдүүлэг өгсөн.

Түүнийг ийнхүү шалгах болсон үндэслэлийн талаар “Н.Алтанхуяг нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1-ийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн хуулийн тусгай ангийн 270 дүгээр зүйлийн 270.2, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг зөрчиж хөрөнгө орлого болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй нуун дарагдуулсантай холбоотой байж болзошгүй” хэмээн хэвлэлд мэдээлж байв.

Тэгвэл АТГ-аас АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөж буй экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өнөөдөр дахин дуудаж байцаалт авахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Дашрамд дуулгахад, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа,  “2012 онд БСШУЯ-наас зарласан,Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт “Алтан тэнгэр”, “Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарчээ. “Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, “Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд, зарим компани нь дээр яригдсан М.Тулга гэгчийн найз нарынх байж. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илэрсний хажуугаар Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэтчилэнгээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа” гэх мэдээллийг өгсөн байдаг.

Х.Онон

www.zuv.mn


URL:

Сэтгэгдэл бичих