С.Бямбацогт: Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгана

6548

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогттой Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. 

-Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсныг хүмүүс өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж байгаа. Батлагдаад удаагүй хуулийг яагаад хэрэгжиж эхлэхээс нь өмнө өөрчлөх болчихов?

-Өнгөрсөн парламентаар шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсанд ямар нэгэн улс төрийн шалтгаан байгаагүй гэдгийг шуудхан хэлчихье. Өнгөрсөн оны 12 дугаар сард батлагдсан, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх байсан хууль шүү дээ.

Гол нь хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил нь зуун задгай байсантай л холбоотой. Зорчих эрхийг хязгаарлах ял гэхэд л 120 гаруй зүйл, заалтанд байгаа атал шийдвэр гүйцэтгэх байгууллага нь яаж хэрэгжүүлдэг юм билээ гээд толгойгоо базчихсан байдалтай л намайг ажил авах үед угтсан. Засгийн газар, яам ч энэ дээр тодорхой шийдэлгүй, энэ ялыг хэрэгжүүлэх хөрөнгө санхүү, дэд бүтэц юу ч үгүй байсан. Тэгээд ямар ч цахим гав, хяналт нь бүрдээгүй гээд хулгай, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гээд нийгэмд хамгийн ихээр үйлдэгддэг гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдэд ял шийтгэхгүй завшуулаад байлтай биш.

Гэмт хэрэг үйлдсэн л бол заавал ял шийтгэл хүлээдэг, тэр нь үйлчилдэг байх ёстой биз дээ. Нөгөө талаар хорих ялын доод хэмжээ одоогийн хуулиар зургаан сар байсныг 7-30 хоног болгочихсон байсан. Яг амьдрал дээр үүнийг хэрэгжүүлнэ гэхээр аймаг бүрт хорих байрны асуудлыг шийдэх, ажиллах хүн хүч, цалин гээд их хэмжээний төсөвт ачаалал ирэх төсвийн асуудал яригдсан. Бас л төсөвт суугаагүй байсан.

Мөн бараг Үндсэн хуулийн дараа ач холбогдлоороо орох, ийм том хуулийг дагаж гарах 80 орчим дүрэм, журам батлагдаагүй, тэр хирээр хуулийн байгууллагынханд сургалт хийгдээгүй ийм л бодит байдал биднийг угтсан.

-Энэ хууль хүний эрхийг дээдлэх талдаа сайн хууль болсон гээд байгаа. Хойшлуулж байгаа нь хэрэгжүүлэх сонирхолгүй байгаагийн илрэл гэж дүгнэх хүн ч цөөнгүй байна?

-Эрүүгийн хуулийг батлах үед би МАН-ын бүлгийн дарга байсан. МАН-ын бүлэг тухайн үед Эрүүгийн хуулийг УИХ-аар хэлэлцэх үед маш ажил хэрэгч, бүтээлч санал санаачилгууд гаргаж ажиллаж байсныг Та санаж байгаа байх.

Тухайлбал, баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдээ 13 тэрбумаар торгоно, бондын зарцуулалт дээр байгаа хууль бус зүйлүүдийг гэмт хэрэгт тооцоогүй ийм хийдэлтэй хууль оруулж ирж байсныг МАН-ыг бүлэг шаардлага тавьж, санал гаргаж байж сайжруулж байсан.

Бүхэлд нь аваад үзвэл шинэ Эрүүгийн хуульд МАН, АН гэлгүй ойлголцож, санал нэгдэн шийдсэн олон дэвшилттэй зүйл бий. Би бол хувьдаа Эрүүгийн хуулийг АН, МАН гэж талцалгүй, хамгийн бага улстөржиж, хамгийн их судалгаа, мэргэжлийн экспертүүдийн санаа бодлыг харгалзаж батлах ёстой хууль гэж боддог.

Энэ хуулиар Монгол Улс гэмт хэрэгтэй тэмцэх төрийнхээ бодлогыг тодорхойлдог. Ямар төрлийн гэмт хэрэгт чанга шийтгэл ногдуулах уу, ямарт нь арай уян хатан хандах уу гээд. Эрүүгийн хууль бол үг, үсэг болгон нь ардаа хүний амьдрал, хувь заяаг өөрчлөх, шийдэх хүчтэй тийм л хууль.

Өнгөрсөн УИХ-аар Эрүүгийн хуулийг хэлэлцэн батлах үед манай намын бүлэг цөөнгүй зарчмын асуудал дээр дуу хоолой нэг байгаагаа илэрхийлж, дэмжиж хамтарч баталсан.

Тухайлбал, өсвөр насны хүнд ял оногдуулах бодлогыг шинээр тусгасан, хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмж оруулсан, баривчлах ялыг халсан, хэдий гэмт хэрэг үйлдсэн боловч “ялтай байдал”, “онц аюултай гэмт хэрэгтэн”, “давтан” гэх зэргээр хуульд зааж, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулж байсан зохицуулалтыг халсан, цаазаар авах ялыг халсан, хорих ялын дээд хэмжээг багасгасан гэх зэргээр дэвшилттэй зохицуулалт нэлээд байгаа.

-Яагаад онц аюултай гэмт хэрэгтэн, давтанг Эрүүгийн хуулиас аваад хаячихсан юм бэ. Уг нь ингэж өөгшүүлж болохгүй биз дээ. “Чанга хатуу шийтгэл хүлээлгэ” гэсэн нийгмийн захиалга ч байгаа?

-2015 онд батлагдсан хуулиар дээрх ойлголтыг халсан. Тэгэхдээ энэ нь гэмт хэргийг дахин давтан үйлдэж байгаа, эсхүл одоогийн ойлголтоор эрүүгийн элементүүдийг өөгшүүлж байгаа хэрэг биш л дээ. Хоёр үндсэн шалтгаантай.

Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн суурь зарчим бол нэг гэмт хэрэгт нэг ял шийтгэл ногдуулах гэж байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдсэн гэмт хэрэгт нь л ял шийтгэнэ гэдэг ерөнхий зарчим бол эрх зүйн суурь зарчим. Урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд ял шийтгэлээ нэгэнт эдлээд дуусчихсан хүн дараа нь хулгай хийгээд баригдахад хулгай дээр нь нэмээд өмнө нь эдлээд дуусчихсан ялыг нь дахин давхар шийтгээд байж болохгүй гэсэн л санаа даа.

Хоёрдугаарт, давтан гэмт хэрэг үйлдээд байгаа нөхдүүдийн ялыг тухайн тусгай ангид заасан ялын хэмжээн дотроо хүндрүүлж ял шийтгэхээр зохицуулчихсан. Хүндрүүлэх нөхцөл байдалд байгаа гэсэн үг.

Жишээ нь 2-8 жилийн хорих ял шийтгэхээр байлаа гэхэд шүүгч өөрөө үнэлээд анх удаа үйлдсэн, хохирол багатай, хохирлоо барагдуулсан хүнд нь 2 жил, харин дахин давтан үйлдээд болохгүй байгаа тэр нөхөрт 8 жилийн хорих ялыг нь өгөх тэр боломжийг хуульдаа заасан. Хорих ялын интервалаараа дамжуулж ялын бодлогыг уян хатан болгосон гэж үүнийг хэлээд байгаа юм.

-Тэгвэл одоо энэ нэмэлт, өөрчлөлтөөр юу өөрчилж байгаа юм бэ? АН-ынхан бол “шууд хэрэгжүүлээд яв” гэсэн шаардлага тавьж байгаа?

-Эрүүгийн хуулийг батлах үед ч, батлагдсаны дараа ч гэсэн их ярьсан, ярьж байгаа нэг зүйл нь энэ хуулийг хүний эрхийг хангахад их дэвшил болсон, шоронжуулах, шоронд гэмт хэрэгтэн бэлтгэхээс зайлсхийсэн гэсэн зүйл их ярьсан. Ажлаа аваад нэг мөр судлаад үзэхээр харамсалтай нь тийм биш нэлээдгүй зүйл байсан.

Жишээ нь, одоогийн үйлчилж байгаа 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд бүх гэмт хэрэгт хорих ял ногдуулдаггүй. Ц.Нямдорж сайдыг нэг л их шоронжуулсан хууль баталсан мэт их гүтгэж ярьсан.

Үнэн хэрэгтээ нийт гэмт хэргийн гуравны нэг нь огт хорих ялгүй тийм л хууль одоо үйлчилж байгаа. Гэтэл түүнийг сайжруулж байгаа гэж ярьж байгаад баталсан 2015 оны Эрүүгийн хуулийн бүх гэмт хэрэгт хорих ял шийтгэхээр болчихсон байсан. 440 заалт гэмт хэрэг 100 хувь хорих ялтай байсан. Эсрэгээрээ жинхэнээсээ шоронжуулах бодлоготой хууль шинээр баталчихсан. Үүнийг хүний эрхийн тал дээр дэвшил гарсан гэж яагаад ч хэлэх аргагүй.

Түүнчлэн практикт уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хүндрэл үүсгэх боломжтой, гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завших, эсхүл түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн техникийн хувьд олон төрлийн хийдэл, зөрчилтэй, утга найруулгын алдаатай заалтууд байсныг залруулж байгаа.

Ганцхан жишээ хэлэхэд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо барагдуулбал гэмт хэрэгт тооцохгүй, ял шийтгэхгүй гээд хуульчилсан байсан. Энэ нь залилагчид шалгагдаад, шүүхэд хэрэг нь ирэхэд нэгийг залилж нөгөөгийнхөө өрийг дараад л ял шийтгэгдэхгүй яваад байх боломжийг олгосон байсан. Ингэж толгойг нь илж, дахин давтан залилан хийгээд амьдраад яваад байх боломж олгосон хууль байж таарахгүй л дээ.

-Хуулийн хэрэгжих хугацаанд дахиад өөрчлөлт орохгүй биз дээ? 

-УИХ ямар хугацаанд хэлэлцэж батлахаас л хамаарах байх. Батлагдсан хуулиа сурталчлах, сургалт хийх боломжтой хугацаатай батлагдвал 7 сарын 1-нээсээ үйлчлээд л явчихна. Гэхдээ Эрүүгийн хууль нь процессынхоо, Зөрчлийн хуультайгаа заавал цуг, нэг гарааны цэгээс үйлчлэх онцлогтой.

Гэхдээ Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц бүрдээгүй байгаа нь энэ ялын үйлчлэлийг тодорхой хугацаагаар хойшлуулахаас өөр аргагүйд хүргэж байна. Зарчмын хувьд зорчих эрхийг хязгаарлах ялыг ялын бодлогын нэг хэсэг болгохыг дэмжиж байгаа.

Ялангуяа хот суурин газарт, хулгайлах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ ялын үйлчлэх нөлөөлөл үр дүнтэй байдгийг олон улсын туршлага хэлээд байгаа. Манай улсын хувьд гэхэд энэ ялыг хэрэгжүүлэх суурь дэд бүтэц болох 1:1000-ны масштабтай Монгол Улсын байр зүйн зураг одоо хүртэл улсын нууцаас гараагүй байх жишээтэй.

Эхлээд хуулиар улсын нууцаас гаргах, хот суурин газруудад хийгдсэн зургуудыг бүгдийг тоон хэлбэрт шилжүүлэх, тэрэн дээрээ суурилан хяналтын төв байгуулж цахим гавыг нэвтрүүлэх гээд багагүй төсөв, хугацаа шаардсан ажил гарч байгаа. Төсөвт дарамт болгохгүйгээр олон улсын байгууллагатай хамтарч энэ асуудлыг шийдэхээр бид ажиллаж ч байгаа.

-Өөр зарчмын ямар өөрчлөлт хийгдэж байгаа вэ? 

-Эрүүгийн хуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, шударга ёсыг зөрчсөн нийгэмд аюултай үйлдлийг бусад зөрчлөөс ялган гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага ярьдаг. Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай, хууль бус, гэм буруутай шинжээр нь ялган авч үздэг.

Захиргааны болон иргэний хуульд заасан зөрчлөөс ингэж ялгагддаг. Гэтэл шинэчилсэн найруулгад 2002 оны хуульд байгаа гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх эрүүгийн эрх зүйн зохицуулалтыг хассан байсныг буцааж тусгасан.

Шинэ Эрүүгийн хуулиар аливаа хууль бус үйлдлийг хохирлын хэмжээгээр нь зааглаж зөрчил болон эрүүгийн гэмт хэргийг ялган заагладаг зохицуулалтыг халж хохирлын хэмжээгээр бус нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн шинж чанараар нь зааглан гэмт хэрэгт тооцохоор заасан.

Энэ нь ялимгүй хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг “хэлбэрийн” төдий агуулсан бүхий л үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор болсон, түүнчлэн гэмт хэргийн тоог хиймлээр өсгөх, ялимгүй үйлдлийг ч гэмт хэрэгт тооцон эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөлийг үүсгэсэн байсныг залруулж зассан.

-Та дээр яриандаа Захиргааны эрх зүйн болон Иргэний эрх зүйн зөрчлөөс гэмт хэргийг ялгасан гэлээ. Энэ нь яг ямар ач холбогдолтой юм бэ?

-2015 оны хуульд “захиргааны хэм хэмжээний акт, гэрээ, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол, хор уршиг учирсан” бол гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байсан. Нэг Засаг даргын юмуу, агентлагын даргын шийдвэрийг зөрчсөн гээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй ээ л гэсэн үг. Өмнө нь гэсэн зөндөө яригдсан.

Иргэний гэрээ хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгээр эрүүгийн хэрэг үүсгээд байна, хуулийн байгууллагынхан дарамт үзүүлдэг, бизнесийнхэнийг дарамтладаг, хөрөнгө оруулагчдыг үргээдэг гээд бид олон ярьсан. Иргэний асуудал нь тэр иргэний хуулиараа л явах ёстой.

Нүүрсний үнэ зах зээл дээр унаад ноогдол ашиг нь буурангуут нэг хувьцаа эзэмшигч нь нөгөөгөө анх ярьсан хэлсэн ашигаа өгсөнгүй, бага мөнгө өглөө гээд л эрүүгийн хэрэг үүсгүүлээд шийтгээд байвал юу болох билээ. Бид чинь чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс биз дээ.

Нөгөө талаар, Эрүүгийн хуулийн нэг том суурь зарчим бол зөвхөн Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэнэ гэх зарчим. Энэ нийтлэг онол, зарчимтайгаа нийцэхгүй байсан. Бас “эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болохгүй” гэх зарчимтайгаа нийцэхгүй байсан учраас үүнийг мөн залруулсан.

-Ялын бодлогод ямар өөрчлөлт орж байгаа вэ. Илүү чангарч байна уу эсвэл уян хатан болж байгаа юү? 

-Шинэчилсэн найруулгад заасан хорих ялын доод хэмжээг 7 хоног байхаар тогтоосон нь өргөн уудам нутагтай, хүн ам тархай суурьшсан, хорих байгууллагын сүлжээ, дэд бүтэц хангалттай хөгжөөгүй манай орны нөхцөлд хэрэгжих боломжгүй байгаа юм. Түүгээр ч зогсохгүй уг ялыг хэрэгжүүлэхэд их хэмжээний зардал гарахаар байсан.

Нөгөө талаар ял шийтгэгдсэн хүн гэм буруугаа давж заалдах, хяналтын шатны шүүхээр эцэслэн тогтоолгох боломжийг ч үгүйсгэсэн ийм ял болсон байсан. Та бод л доо. 7 хоног хорих ял шийтгүүлсэн хүн шүүхийн шийдвэрийг гардаж авах гэсээр байтал ялаа эдлээд дуусчихна. Давж заалдаад ч утга учир багатай ийм л юм болчихсон. Нөгөө Үндсэн хуульд заасан хүний эрх, шүүхийн эцсийн шийдвэр гэсэн заалтуудтайгаа ч зөрчилдөнө. Тэгээд ч дэлхийн улс орнууд хорих ялаас аль болох татгалзах, хавтгайруулж хэрэглэхээс зайлсхийж байгаа.

Заавал хорихыг урьтал болгохгүй байх зарчмыг бид барьсан. Тиймээс зарим хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй байхаар тусгаж, хорих ялын доод хугацаа 7 хоног байсныг 6 сар байхаар зааж, үүнтэй уялдуулан нийтэд тустай ажил хийлгэх ялыг үндсэн ялд тооцон хэрэглэх нөхцлийг бүрдүүлсэн.

2015 оны шинэ Эрүүгийн хуульд нийтэд тустай ажил хийлгэх ялыг 440 заалтаас ердөө хоёрхон заалтад л хэрэглэхээр байсныг өргөтгөн хэрэглэхээр болж байгаа.

-Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр батлагдсан байсан. Үүнийг хөндөж байгаа юу?

-Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах болсон гол шаардлага нь манай улсын олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоос үүсэлтэй. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ач холбогдолтой.

Гэхдээ шинэчилсэн найруулгад хуулийн этгээдийг ашиглан, түүгээр дамжуулан гэмт санаагаа хэрэгжүүлсэн хувь хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан байсныг бид өөрчилж байгаа.

Гэмт хэрэг үйлдсэн хүн эрүүгийн хариуцлагаас зугтах нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй манай улсын мөнгө угаах гэмт хэрэг, терроризмтай тэмцэх чадавхийг сулруулах үр дагавартай, олон улсын практикт огт байдаггүй, эрүүгийн бодлогын хувьд ч оновчтой бус зохицуулалт болж олон улсад хүлээсэн үүргээ гүйцэд биелүүлж чадахгүйд хүрэхээр хуульчилсан байсан.

Тиймээс үүнийг өөрчилж хууль хүн, хуулийн этгээд бүрт тэгш шударгаар үйлчлэх, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцүүлэн хүн, хуулийн этгээдийн аль алинд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхаар зассан.

-Тэгвэл хуулийн этгээдэд хариуцлага тооцох зохицуулалт илүү чангарч байгаа гэж ойлгож болох уу?

-Шууд тэгж ойлгож болохгүй л дээ. Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллага/ФАТФ/-ын шинэчилсэн 40 зөвлөмжийн дагуу хуулийн этгээдэд хариуцлага тооцох зохицуулалтыг тусгасан гэдгийг дээр дурьдсан. Гэвч шинэчилсэн найруулгад энэ зөвлөмжийн дагуу тусгахдаа хэт өргөн хүрээг хамруулсан нь бизнес эрхлэгчдэд үзүүлэх дарамт, шахалтыг нэмэгдүүлэх төдийгүй, зөвлөмжид дурьдаагүй маш олон гэмт хэрэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцохоор байсныг өөрчилж, зөвхөн зөвлөмжид заасан гэмт хэрэг, байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хуулийн этгээдэд хариуцлага тооцохоор өөрчилсөн.

-Сүүлийн үед “төрийн өмчит компанийн хөрөнгийг ингэж үрэн таран хийжээ”, “Төсвөөс гадуур хөрөнгийг ямар ч хараа хяналтгүй дураараа зарцуулжээ” гээд хэвлэлээр их шүүмжлэх боллоо. Үүний бэлээхэн нэг жишээ нь Хөгжлийн банкны асуудал байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд ямар нэмэлт өөрчлөлт орж байгаа юм бэ?

-Улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц зарим гэмт хэргийн шинжийг өөрчилж, ялын бодлогыг чангатгаж байгаа. Эдийн засгийн гэмт хэрэг, Авлигын гэмт хэрэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого хэт сул, зарим томьёолол нь гэмт хэрэгтний ял завшуулах боломж үүсгэсэн байсныг чангалж, гэмт хэрэгтэнд ял завшуулах нөхцлийг бүрдүүлэхгүй байхад анхаарч ажилласан.

Жишээлбэл, Хөгжлийн банк, төрийн өмчит үйлдвэрийн газруудын өмч хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг, зах зээлийн үнээс хэт өндөр бараа материал шахдаг, тендергүйгээр өндөр үнээр ажил, үйлчилгээ нийлүүлж их хэмжээний алдагдалд оруулдаг, хэдхэн хүн эндээс завшиж хөрөнгөждөг үйлдэл хавтгайрсан нь ил болсоор байна.

Ийм гэмт хэрэг үйлдсэн нөхдүүд хөнгөн ял аваад цагааддаг, буцаад төрийн албанд орчихдог шударга биш явдал байж таарахгүй. Тиймээс авилга, албан тушаалын гэмт хэргийн бүлгийг бүхэлд нь шинэчилж ялын бодлогыг чангаруулахаар нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан.

Наад зах нь албан тушаалын гэмт хэрэгт эрх хасах ял 2 жил хүртэл байсныг 5 жил хүртэл, хахууль авсан, албаны эрх нөлөөгөө ашигласан гэмт хэргүүдэд ногдуулах хорих ялын хэмжээг нийтэд нь батлагдсан хуулийн хэмжээнээс нэмж чангаруулсан. Мөн зарим гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого харилцан уялдаагүй байсныг ч залруулсан. Тухайлбал, мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ял нь хүн хулгайлах гэмт хэргийн ялаас өндөр байсныг залруулсан.

-“Эрүүгийн хуулиар эмч нарыг яллах” гэж байна гээд жагсаал хүртэл болж байсан. Нэмэлт өөрчлөлтөд эмч нартай холбоотой заалт ямар байдлаар орсон бэ? 

-Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх буюу эмч нартай холбоотой хэрэгт хэт өндөр ялыг бодлого барьсан нь олон мянган эмнэлгийн ажилтны эрх ашгийг зөрчсөн гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар хуулийн төсөл өргөн барьж байсан. Мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ асуудал дээр тусгайлан санал өгч хуулийн төсөл дээр анхаарч ажилласан. Тэдний саналыг харгалзан үзэж, оногдуулах ялын хэмжээг хуулийн төсөлд багасгасан байгаа.

Эх сурвалж: http://www.ikon.mn/n/wne


URL:

Нэр: z Огноо: 3 January 2017

ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР БАЙДАГ ГЭНЭЭ

Сэтгэгдэл бичих