Сагсчид хамгийн өндөр цалинтай

198928-28122016-1482917378-2036617596-zgm

Үзэгч ихтэй мэргэжлийн лигийн тамирчид хэдэн саяар тоологдох цалин авч, хэвлэлүүд тэдний авч буй мөнгийг минут, секундээр тооцох нь бий. Том лигт том тоотой л мөнгө эргэлддэг болохоор дундаж цалин нь энгийн хүмүүсийнхээс хэд дахин их байх нь ойлгомжтой. Ганц жишээ дурдахад, сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг NBA саяхан телевизээр тоглолт шууд дамжуулах гэрээний эрхээ ESPN-д 24 тэрбум ам.доллараар арилжсан. Ингэснээр тамирчид одоогийнхоос хавьгүй өндөр цалин авах боломж бүрдсэн юм.

Энэтхэгийн крикетийн лиг хоёрт бичигдсэн нь гэнэтийн зүйл байв

Мэргэжлийн багуудын хувьд телевизийн гэрээний эрх орлогын гол эх үүсвэр байдаг. Үүнээс гадна тасалбарын орлого чухал байр суурь эзэлнэ. Мөн цэнгэлдэхээ аль нэг баян компанийн нэрээр нэрлэхэд л овоо хэдэн сая “ногоон” ороод ирнэ. Энэ мэтээр орлого олох суваг мундахгүй. Хэдэн жилийн өмнө 10 саяын цалин асар өндөрт тооцогддог байв. Харин одоо тамирчин байтугай гайгүйхэн дасгалжуулагч л энэ хэрийн цалин авдаг болжээ. Ингээд тамирчдадаа хамгийн өндөр цалин олгодог ТОП-6 спортын лигийг хамтдаа сонирхъё.

6. NFL (АМЕРИК ХӨЛБӨМБӨГ, ДУНДАЖ ЦАЛИН 2.110.829$)

Америк хөлбөмбөгийн лиг NFL үзэгчийн дунджаар дэлхийд тэргүүлдэг. Лигийн 30 багаас хамгийн их цалин өгдөг нь “Майами Дельфин” юм. Лигийн хошой аваргууд нэг тамирчинд жилд дунджаар 2.2 сая ам.доллар зарцуулдаг байна.

5. NHL (ХОККЕЙ, ДУНДАЖ ЦАЛИН 2.614.928$)

Сонирхуулахад, Канадын хоккейчид лигт хамгийн өндөр цалинтай нь аж. Канадчууд лигийн нийт тамирчдын 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэгээд ч энэ улсаас авьяаслаг хоккейчид үргэлж төрөн гардаг болохоор өндөр цалин авахаас аргагүй. Харин “Нью-Йорк Рейнжерс” нэг тамирчинд дунджаар 3.3 саяын пүнлүү өгч буй үзүүлэлтээр бүх багийг тэргүүлэв.

4. ПРЕМЬЕР ЛИГ (ХӨЛБӨМБӨГ, ДУНДАЖ ЦАЛИН 3.822.003$)

Хөлбөмбөг бол дэлхийн №1 спорт. Дэлхийн хамгийн өндөр цалинтай 10 тамирчны найм нь хөлбөмбөгчид байдаг. Гэхдээ нийтэд нь аваад үзвэл хөлбөмбөгчид авах цалингаараа дөнгөж дөрөвт орж байна. Английн Премьер лигийн тухайд дундаж цалин 3.8 сая ам.доллар.

3. MLB (БЕЙСБОЛ, ДУНДАЖ ЦАЛИН 4.166.159$)

Бейсболын спорт хөлбөмбөг, сагс, хоккейг бодвол дэлхий нийтэд тийм ч өргөн дэлгэр хөгжөөгүй. Үзэгчийн тоо нь ч хязгаарлагдмал. Гэхдээ Америктаа бол өндөр нэр хүндтэй. “Нью-Йорк Янкиз” баг гэхэд нэг тоглогчид дунджаар 7.3 саяын цалин өгдөг гээд бод доо. Харин лигийн хэмжээнд авч үзвэл дундаж цалин 4.1 саяд хүрч, хөлбөмбөгийн урд гишгэж чадав.

  Хамгийн муу амжилттай баг ч ашигтай ажилладаг

2. IPL (КРИКЕТ, ДУНДАЖ ЦАЛИН 4.330.799$)

Энэтхэгийн крикетийн лиг чансааны хоёрт бичигдсэн нь гэнэтийн зүйл байлаа. Гэвч энэ бол яах аргагүй баримт. Крикет бол Энэтхэгт үндэсний спорт нь болсон. Лигийн тоглолтууд нь үзэгчээр дутахын зовлонгүй. Тиймээс багууд өндөр ашиг олж, тэр хэрээр тамирчдын цалин хангамж сайн байдаг. Хамгийн өндөр болоод хамгийн бага цалинтай тоглогчдын хооронд ердөө 500 мянган ам.долларын зөрүү бий. Тиймээс Энэтхэгийн лигийн крикетийн багт орох л юм бол амьдралдаа санаа зовохооргүй болох нь.

1. NBA (САГСАН БӨМБӨГ, ДУНДАЖ ЦАЛИН 4.575.918$)

NBA-ийн оддын цалин 20 жилийн өмнө бусдаас өндөр байсан, одоо ч хэвээрээ. Тухайлбал, Майкл Жордан 1996 онд нэг жилийн 30 сая ам.долларын цалин авч, дэлхий нийтийг ангайлгаж байв. Лигийн 30 баг санхүүгийн хувьд хэдийнэ хөл дээрээ бат зогсож чадсан. Тиймээс хамгийн муу амжилттай баг ч ашигтай ажиллаад байдаг. Өнгөрсөн улиралд 82 тоглолтоос 21-хэн ялалт байгуулсан “Бруклин Нетс” л гэхэд нэг тоглогчид 6.2 саяын цалин өгдөг. Энэ нь хоккейн шилдэг баг “Рейнжерс”-ээс хоёр дахин өндөр юм. Телевизийн шинэ гэрээний ачаар сагсчдын цалин ирэх улиралд улам нэмэгдэнэ гэдгийг эцэст нь сануулъя.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих