Санжаагийн Батбаяр “БУРХНЫ БЭЛЭГ” /өгүүллэг/

148289393458632a6e524f4Чинбатын нүдэнд хурц улаан гэрэл харагдсанаа, цав цагаанаар солигдлоо. Харин ямар ч чимээ гарсангүй. Түүнийг ямар нэгэн хүч дээшээ татахыг мэдэрлээ. Өөрийн бие нь өд шиг хөнгөн болж, барих барьцгүй жингүйдэн хөвнө.
-Би үхчихлээ гэж үү? Үхэл гэдэг ийм байдаг байх нь. Энэ бол төгсгөл. Уртын урт хонгил харагддаг гэдэггүй сэн бил үү? гэж бодож амжив.
Гэтэл хэн нэгний дуу гарч, үнэндээ бол дуу авиагаар биш түүнтэй ухаан бодлоороо харилцаж байлаа.
-Цаг чинь болоогүй байсан гэх нь дуулдав. Нүд гялбам хурц гэрэл бүдгэрч, цав цагаан үүлс шиг зүйл дунд орж иржээ. Энэ дуун хаанаас гарч байгааг мэдэх санаатай ийш тийшээ харав. Үнэндээ тэр эргэн тойрноо бүрэн харж байгаагаа мэдсэн ч гайхсангүй.
-Энэ диваажин уу? Мөнөөх сүрлэг дуу:
-Биш ээ.
-Тэгээд би хаана байна?
-Миний дэргэд.
-Та бурхан уу?
-Тэгж хэлж болноо. Хүссэнээрээ нэрлэ. Тэр дуу хоолой их л өөриймсүү дуулдахад Чинбат зориг орж:
-Та намайг бүтээсэн үү?
-Тийм ээ.
-Тэгээд дэлхий рүү илгээсэн үү?
-Тийм ээ. Харин чи намайг олонтаа муучилж, тохуурхаж байсан даа.
-Тийм гэж үү?
Чинбат бодолхийлэв. Түүний өмнө дэлгэц шиг зүйл гэнэт гарч ирснээ сархдын ширээний ард найз нөхөдтэйгээ хөгжилдөн суугаа дүр зураг тодров. Чинбат халамцуухан, хундагатай дарс барьж инээд алдан босоод, зангиагаа суллан:
-Та нартаа хайртай шүү. Намайг хүндэтгэж хүрэлцэн ирсэнд баярлаж байна. Бүгдээрээ гар нийлэн ажиллана аа. Бурхан ивээвэл шүү дээ. Бурхан гэснээс тэр намайг буруу гараараа зурчихсныг та нар лав хүлээн зөвшөөрнө биз? гэхэд найзууд нь хөхүүнээр инээлдэж:
-Тэр муу бурхантай заргалд, заргалд гэлцэх дуулдав. Энэ түүний тушаал дэвшиж дэд захирал болсны найр байсныг тэр сайн санаж байлаа. Чинбатын баруун гар талд сууж байсан нүүрэндээ тодхон сэвхтэй Хичээнгүй хэмээх найз нь:
-Чамайг ч харин гайгүй. Намайг зурж байхдаа бурхан арвайн гурил идэж байгаад найтайчихсан бололтой. Тэгээд тэр нь миний нүүрэн дээгүүр үсэрчихсэн шиг байгаа юм гэхэд тооцооны нягтлан туранхай хүүхэн:
-Ерөнхий нягтлангийн бөгсийг зурж байхад хэн нэг нь гарыг нь хөдөлгөчихсөн байхаа гэснээ алгаа хавсран их л хөхүүнээр инээх.
Мөнөөх дуу дахин гарч:
Та нар намайг үнэхээр тэгж бодоогүй гэдгийг би мэднэ. Гэхдээ ингэж ярих зохисгүй. Учир нь би хүнийг зүй зохицлын хамгийн дээд хэлбэрээр бүтээдэг. Ингэж хэлэх, ингэж бодох бол нүгэл. Та бүхэн бол миний хүүхдүүд. Хэн ч үр хүүхдээ муу яваасай, муухай төрөөсэй гэж хүсэхгүй шүү дээ. Чамайг төрсөн цагаас өдийг хүртэл би хамт байсан. Чинбат:
-Үгүй дээ. Намайг өнчирч ганцаардаж, өлсөж цангаж, даарч зутарч явахад хэн ч миний дэргэд байгаагүй. Анхны хайр минь бүтэлгүйтэж бороотой гудамжаар бохир гуталтайдаа ичээд гутарч явахад хэн ч надтай хамт байгаагүй. Мөнөөх дуу:
-Би чиний дэргэд байсан хүү минь. Өлсөж цангах, өмсөх хувцасгүй гутрах бол цаг зуурын юм. Би чамд эв эрүүл, сав саруул бие, эрдэм ном сурах оюун ухаан өгсөн юм шүү дээ. Чинбат:
-Эрдмийг би өөрийн хичээлээр сурсан. Харин та хайртай ээжийг минь яасан эрт надаас авчихав? Тийм болохоор би таныг зүхэж байсан.
-Ээж чинь тэнгэрийн дагина байсан юм. Энэ дэлхийд чамайг аваачаад буцах ёстой байсан.
-Би итгэхгүй байна.
-Чи ээжийгээ солонгын гэрэл дунд байгааг зүүдэндээ гурвантаа харсан.
-Тийм ээ.
-Тэр бол тэнгэрийн дагины суудал юм шүү дээ. Ээж чинь чамайг одоо ч харж байна. Чинбат ийш тийшээ харснаа:
-Ээж ээ гэж өөрийн эрхгүй дуу алдан ийш тийшээ харав. Бурхан гэгч цааш нь үргэлжлүүлэн:
-Энэ хорвоод хүн бүр өөрийн зорилготой, тэр зорилгоо биелүүлэх цаг хугацаатай төрдөг. Чи ч мөн адил.
-Миний цаг хугацаа дууссан уу? Дууссан бол би ээжтэйгээ уулзах уу?
-Цаг нь болоогүй. Чи хийх ажлаа гүйцээгээгүй байна.
-Хорвоогийн амьдралд миний сэтгэл хангалуун биш байна.
-Тэгэлгүй яахав. Чи миний төлөвлөснөөр амьдраагүй. Миний өгсөн бүхнийг чамлаж, дутуу үнэлж байсан болохоор чиний амьдрал тэгш дүүрэн болоогүй. Хэрэв чи хэн нэгэнд ямар нэгэн юм өгөхөд өгсөн зүйлийг чинь цаад хүн байнга чамлаад байвал чамд ямар санагдах вэ? .
Ямар юм өгсөн юм вэ? Би юуг чамласан гэж?
-Түрүүний чамд хэлсэн эрүүл саруул бие, хэнд ч гологдохгүй царай зүс.
-Хэнд ч гологдохгүй гэнээ? Би анхны хайраа өгсөн бүсгүйгээс эхлээд олон хүнд гологдсон.
-Үгүй. Чи өөрөө өөрийгөө л голж байсан. Юм бүхэнд чи өөрийгөө хоёрдугаар зэрэгт тавьж байсан. Автобусанд суусан ч арын суудал дээр, хичээлдээ суухдаа ч арын эгнээнд. Би чамд онцгой ой ухаан заяасан байхад чи бусдаас илүү гарахаас байнга татгалздаг байсан.
-Тийм ээ. Би багаасаа л хувцас хунар муутай байсан болохоор байнга хүний араар ордог байсан. Магадгүй тэгээд тийм болчихсон байх.
-Хувцас л гэх юм. Хүнийг бид орчлонд нүцгэн илгээгээд, нүцгэн буцааж авдаг. Ийм байхад хүмүүс нэг насаар идээд барахгүй хоол, өмсөөд барахгүй хувцас хунар, үрээд барахгүй мөнгөтэй болсон байтлаа хэн нэгнийг гомдоон байж, хэн нэгний “махыг зулгаан” байж хөрөнгө зоорио ихэсгэхийг хичээдэг. Хойд насандаа юу болох бол? гэж хэзээ ч боддоггүй. Гэтэл та нарыг илгээсэн би, энд тэр хүний зөвхөн хураасан буяныг тооцож, дараагийн насандаа яахыг шийдэж суудаг.
Хүний орчлонд хураасан эд хөрөнгө эцсийн эцэст тэр хүнд ямар ч хэрэг болохгүй. Харин хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ өгсөн сохор зоосыг ч би тэр хүнд буян болгон хурааж байдаг. Одоо чи тэр орчлонгоос юутай ирснээ харж байна уу? Хувцас битгий хэл муухай гээд голоод байсан бие ч үгүй л над дээр ирж байгаа биз дээ? Ингэхэд чиний юу нь чамд гологдож байсан бэ? Чи бол сайхан залуу.
-Онигор нүд, майга хөлтэйдээ би ичдэг байсан.
-Ичнэ гэдэг бол миний өгсөн бие цогцсыг чамлаж байгаа хэрэг. Чиний өндөр өвөг Түмэннаст гэж шилийн сайн эр байв. Чи түүний сүнс болохоор нүд чинь дуурайсан. Харин хөлний хувьд чи өмнөх есөн төрөлдөө морин дэл дээр насыг барсан дайчин байсан болохоор тэр.
-???
-Тийм ээ. Чи олон удаагийн төрөлдөө омголон, дайчин эр явсан.
-Би яаж үнэмших билээ? Би морь ч унаж үзээгүй хотын хүүхэд.
-Чи хотод төрж өссөн ч хөдөө нутагт сэтгэл чинь татагддаггүй байсан гэж үү? Хурдан морьдын уралдаан хараад сэтгэл хөөрч, самсаа чинь шархирдаггүй байсан гэж үү?
-Тийм ээ. Нэг удаа найзуудтайгаа соёолон морьд барианд орохыг хараад өөрийн эрхгүй самсаа шархирч байсан. Бас нэг удаа хөдөө очоод аргалын утаа, малын бууц үнэртэхэд сэтгэлд их дотно санагдаж байсан юм байна.
-Тэр яагаад гэдгийг бодоод үз. Энэ бол урьд насны чинь ой санамж. Бие махбодын тухайд би хүнийг байж болох хамгийн дээд зохицлоор бүтээдэг. Чамайг ч мөн адил. Заяаны ханийг сонгохдоо ч хоорондоо зохицох хамгийн дээд зохицлыг сонгодог. Чи миний зааж өгсөн заяаныхаа ханьтай ч гэрлээгүй.
-Юу гэнээ? Хэнийг зааж өгсөн гэж? Өдий хүртэл хэн ч намайг тоогоогүй. Тоосон нэг нь надад үнэнч биш байсан.
-Би түрүүнээс хойш түүнийг чинь л яриад байна. Чи миний өгсөн бие махбодийг голсноос заяаны ханийнхаа хажуунаас зугтсан. Хэрэв чи өөрийгөө гололгүй, өөртөө итгэлтэй байсан бол одоогийн байгаагаасаа ч өндөр албан тушаалтай болох байсан. Мөн хайртай бүсгүйтэйгээ гэрлээд хоёр хүүхэдтэй болж, сэтгэл хангалуун амьдарч байх байсан. Өдийд миний дэргэд ирэхгүй байх байлаа.
-Намайг хэнд хайртай байсныг та яаж…? Аа тийм та чинь нээрээ бурхан шүү дээ. Тэр намайг тоогоогүй. Тоох ч үгүй байсан биз.
-Төгсөлтийн үдэшлэг дээр тэр зөвхөн чамайг хүлээж байсан. Гэтэл чи дундуур нь гараад явчихсан шүү дээ. Чи өөрийн муугаас бүхнийг алдсан. Өөртөө итгэлгүй байна гэдэг чиний хамгийн том дутагдал.
-Би тэр үдэшлэг дээр хуучин гутлаасаа ичээд түүнтэй бүжиглэж чадаагүй. Тэр өөр сайхан хувцастай ганган хүүтэй бүжиглэж байсан.
-Би чамд саруул ухаан өгсөн. Гэтэл чи өөртөө итгэлгүй байдлаараа түүнийг булингартуулжээ. Бүсгүй хүн эр хүний гаднах төрхийг биш, дотоод сэтгэлийг хардгийг чи мэдээгүй. Тэр охин чамайг гаднаас нь биш дотроос чинь харж байсан. Одоо ч харж байгаа.
-Одоо ч гэсэн?
-Тийм ээ. Тэр одоо ч чамд хайртай хэвээр.
-Үгүй байлгүй. Тэр сайхан бүсгүй болоод,одоо хэн нэгэнтэй гэрлэсэн биз.
-Би чамд хүнийг таних билгийн нүд хайрласан байтал чи харж, мэдэрсэн зүйлдээ итгэдэггүй. Одоо чи сайн хар.
Түүнтэй хамт осолд орохын өмнөх үдэш сархдын ширээний ард бялдууч үг хэлж байсан найзууд нь мөн л хэн нэгнийг ширээний эхэнд суулгаад зусар үгээр булж сууна.
Чинбат яг л ингэж суугаад гарч яваад осолд орсон. Түүнд дэндүү сайн мэт санагдаж байсан нөхөд нь одоо ингээд өөр хэн нэгнийг магтах үгээ олж ядан сууна. Чинбатын найз бүсгүй гэгдэж жил шахам үерхсэн Сарнай ширээний эхэнд суусан Галбадрахыг будмал сормуустай эрэвгэр нүдээр талимааран ширтжээ. Яг ийм найрын дундуур Чинбат гараад орж ирэхдээ Галбадрах Сарнайн гарыг атгаж суугааг олж харсан юм.Тэгээд буцаж гараад машинаа асаан, хурд хэтрүүлж яваад осолдсон билээ. Гэтэл энэ нөхдийнх нь дунд түүнийг дурсаж, түүний төлөө харууссан хэн ч байхгүй нь харахад илт. Чинбат цааш нь харахыг хүссэнгүй. Мөнөөх дуу:
-Одоо үүнийг бас хар.
Эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг. Тэр өөрийгөө олж харав. Түүний дэргэд цагаан нөмрөг хөдөрсөн хар хувцастай залуу зогсоно. Сайтар харвал түүний туслахаар ажилладаг ч өөрийгөө ерөнхий захирлын хамаатан хэмээн омогшдог Болд. Чинбат гэнэт айх шиг болов. Өөрийнх нь хэлсэн үг, хийсэн ажил бүхнийг өөчилж, гоочилж байдаг энэ залуу юу хийх гэж миний дэргэд зогсоно вэ? хэмээн бодов. Гэтэл тэр:
-Найз минь. Хурдан босоод ажилдаа орооч дээ. Чиний орон зай их үгүйлэгдэж байна. Үнэг шиг зальтай Галбадрах чиний суудал дээр суухаар дээр дооргүй хов хутгаад гүйж явна. Чамайг хурдан эдгэнэ гэж найдаж байна шүү. Чамайг хөл дээрээ бостол албан тушаалыг чинь хадгалахыг найз нь хичээж л байна гэх дуулдав. Бурхан:
-За хэн нөхөр, хэн нь дайсан байна даа?
Чинбатад хэлэх үг олдсонгүй.
-Чи найзууддаа буцаж очмоор байна уу?
-Үгүй, би хайртай бүсгүйдээ очмоор байна. Түүндээ ядаж хайртай байсан гэж хэлмээр байна. Бас ажилдаа ормоор байна.
-Хайртай байсан. Одоо? гэхэд Чинбат:
-Тийм ээ. Одоо ч гэсэн хайртай хэвээрээ.
-Чамайг бүр арван тавтай байхдаа нэг удаа “Би цэнхэр өнгөнд дуртай” гэж хэлэхийг чинь санамсаргүй сонссоноос хойш тэр дандаа цэнхэр хувцас өмсөх болсон.
-Тийм ээ. Тэр төгсөлтийн үдэшлэг дээр цайвар цэнхэр даашинзтай байсан. Тэр минь дэндүү сайхан харагдаж байсан болохоор би халгаад уулзаж чадаагүй юм.
-Чиний дандаа ухардаг зан чинь чамайг ийм байдалд оруулсан. Сарнайн өөртөө үнэнч биш байсныг өмнө нь гадарладаг байсан ч чи үнэнээс зугтсаар эцсийн цохилтод орсон. Чи үнэнтэй эвлэрэхээс дандаа айдаг байсан. Чи буцаж очоод ийм л байсаар байх уу?
-Үгүй. Би өөрөөр амьдарна. Одоо нөхөр, дайсан хоёроо ялгахтайгаа болсон.
-Чамайг чадна гэж мэдэж байна. Яв даа. Чиний цаг болоогүй байгаа.
Гэтэл нэг дорой дуу:
-Хүлээгээч. Намайг хүлээгээч дээ. Ганцхан хором… гэх дуулдахад Чинбат:
-Чи хэн бэ?
Би байнаа. Чи буцах гэж байгаа сүнс юм байна. Чамд ганцхан үг хэлье.
-Чи хаана байна?
-Би энд байнаа. Намайг энд байна гэж хэнд ч бүү хэлээрэй гэхүйд сиймийж сэмжин үүл шиг болсон нэгэн сүнс түүнд наалдах шахам ойрхон байхыг олж харав.
-Чи яагаад ингээд сиймийчихсэн юм бэ? Миний сүнсэн бие ийм цагаан байхад чи бараг саарал болчихож.
-Тийм ээ. Буцах сүнс ийм нягт, бас цагаан байдаг юм. Энэ бол хүчтэй байгаагийн шинж. Би энд ирэхдээ бараг чам шиг байсан. Гэтэл бурхны зарлигийг зөрчин, илгээсэн газар руу нь явахгүй байгаа болохоор би хоногоос хоногт хүчээ алдаж байна. Одоо цаашид байж бараг тэсэхгүй байх. Гэхдээ би хүний орчлон руу нэг үг заавал дайлгах ёстой.
Гэтэл мөнөөх бурханы дуу:
-Чи одоо хүртэл энд байсаар л байна уу? Би чамайг диваажинд оч гэсэн. Гэтэл чи түүнийг голно уу? Үүнийг тамд хая!
-Ганцхан хором хүлээгээч, Бурхан минь. Би хүний орчлон руу буцах энэ сүнсээр ганцхан үг дайлгая.
-Тэгэх боломжгүйг чи мэдэж байгаа. Хүний орчлонд чи гучин жил амьдрахдаа чамд ганц үг хэлэх байтугай, юуг ч хийж амжуулах цаг хугацаа байсан. Би чамд тийм боломж өгсөн. Одоо чамд нэг үг хэлэх ч хугацаа байхгүй. Наадахаа там руу хурдан илгээ. Энд ирсэн бүх сүнс диваажинд очихыг хүсдэг байхад чи яагаад ингэв? Энэ насандаа эхийнхээ ачийг хариулж чадаагүй ч сэтгэлдээ хичээж байсан өчүүхэн буяныг чинь бодож би чамайг диваажинд илгээв. Гэтэл чи очихыг хүсэхгүй байгаа бол тамд шат. Чи тэнд нэг мянган жил байх болно.
-Хамаагүй ээ. Бурхан минь. Одоо буцах энэ сүнсээр… гэтэл түүнийг доош нь ямар нэгэн хүч татан авч одов. Мөнөөх сүнс:
-Намайг ээждээ хайртай байсан гэж хэлээрэй. Ээж минь …гээд дуу нь тасрав
Гэтэл тэнгэр нүргэлэх адил инээд дуулдсан нь мөнөөх бурханы дуу байлаа.
-Орхи наадхаа. Нааш нь аваад ир. Юу гэнээ? чи. Ээждээ хайртай гэж хэлэх л гэж энд гацчихаад байсан юм уу? гэхэд мөнөөх дорой сүнс өмнө нь ирснээ:
-Тийм ээ. Бурхан минь. Намайг ганцаараа өсгөж бойжуулан хүний зэрэгт хүргэсэн ээждээ би ганц удаа ч “хайртай” гэж хэлээгүй билээ. Тийм байтал би өөрийнхөө муугаас ээжийнхээ өмнө орж тань дээр ирсэн. Хөөрхий ээж минь надаас хойш яаж байгаа бол? гэж бодоод би диваажинд хэрхэн жаргалтай байж чадах билээ? Тийм болохоор ээждээ ядаж “Хайртай” гэдэг үгийг буцах хэн нэгэн сүнсээр дайлгах гэсээр өдийг хүргэлээ.
-Үүнийхээ төлөө тамд унахаас айхгүй гэж үү? Чи.
-Айхгүй байна. Хөөрхий ээж минь хүү нь өөрт нь хайртай байсан гэдгийг мэдээд нэг удаа ч болов баярлаад нүд аниг. Ээж минь хүний орчлонд зовж байгаа. Энэ үг ээжийг минь бага ч болов жаргалтай болговол миний тамд унах хамаагүй.
Дахиад л бурхны чанга инээд.
-Хүн төрөлхтөнд өгсөн миний хамгийн агуу бэлэг бол хайр юм. Чи миний өгсөн бэлгийг хүндэтгэн хүлээж авсан байна. Чи өөрөөсөө илүү ээждээ хайртай юм байна. Хүн дотны хэн нэгнээ өөрөөсөө илүү хайрлаж байна гэдэг бол миний өгсөн бэлгийг талархан хүлээж авсных юм. Ийм сүнсийг яахин тамд илгээж болох билээ? гэж хэлэхэд мөнөөх сүнс аажмаар цайран хүчийг олж буй нь илт. Бурхан Чинбатад хандан:
-За энэ сүнсний эхийг олж уулзаад дайлгасан үгийг нь дамжуул даа. Энэ миний чамд өгөх даалгавар гэж ойлгож болно гэж хэлэхэд Чинбатын өмнө мөнөөх сүнсний эх, хүүгийнхээ зурагны өмнөх зулыг асаагаад, аяганд цайныхаа дээжийг хийн тавьж байгаа нь үзэгдэв. Муу өөвгөр гэрийг нь тойрсон хашааны хаяг ч тод харагдав. Гаднаас нэгэн залуу бүсгүй түлээ тэврэн орж ирж байна. Чинбатад мөнөөх бүсгүй нэг л танил санагдахад лавлан харвал түүний багын хайртай бүсгүй Энхриймаа байлаа. Тэр:
-Энхриймаа чи минь мөн үү? Чи Энхриймаагийн ах гэж үү? гэхэд мөнөөх сүнс:
-Чи миний дүү охиныг таньдаг юм уу? Хөөрхий дүү минь одоо эр хүнгүй айлыг авч явах гэж зүдэрч байгаа даа.
-Энхриймаа би чамайгаа баян айлын эрх охин гэж бодож байсан. Гэтэл энхрийхэн, эмзэгхэн чи минь турьхан нуруун дээрээ ийм хүнд ачаа үүрч явсан юм гэж үү? Гэтэл миний байж байгаа царайг. Чамайгаа ийм амьдралтайг өдийг хүртэл мэдээгүй, ганц удаа ч асууж сураглаагүй. Өөрийн жаргалаа хөөгөөд явж байсан байна шүү дээ.
-Тийм ээ. Ээж минь бид хоёрыг ганцаараа өсгөсөн. Үйлчлэгчийн цалингаас өөр орлогогүй байсан ч айлын хүүхдээс дутуугүй хувцаслаж, хооллож юугаар ч дутаахгүй өсгөсөн. Гэтэл би гэдэг тэнэг жаргалдаа ташуурч, ээжийнхээ үгэнд оролгүй архи дарс ууж явсаар муу ээжийгээ, хөөрхий дүүгээ хатуу хэцүү хүний орчлонд өнчрүүлж орхиод энд ирчихээд байж байна. Таван жилийн өмнө архи ууж, ажлаасаа халагдахад дүү минь их сургуулийн төгсөх ангиасаа гарч, оёдлын үйлдвэрт ажиллан гэр орноо авч явах болсон. Тэгээд ээж бид хоёрыг тойлсоор нөхөрт ч гарч амжаагүй яваа.
-Би дэндүү харалган амьдарч байж. Зэргэлдээ ангид арван жил сурч төгсчихөөд, ямар амьдралтайг нь ч мэдээгүй. Намайг тоохгүй дээгүүр зантай охин хэмээн хорвоод хайрласан ганц охиноо дэндүү ташаа бодож явжээ. Ангийнх нь нөхдөөс асууж сурагласан бол чамайгаа олж уулзаж болох байж шүү дээ. Хайрынхаа төлөө юу ч хийгээгүй би дэндүү тэнэг байжээ.
-Чи эргэж очих болохоор чамд алдаагаа засаж сайхан амьдрах боломж бий. Харин надад ямар ч боломж алга. Бурхан:
-Хүмүүс та нар боломжгүй гэж хэзээ ч бүү ярьж бай. Боломжгүй юм гэж байдаггүй. Чамд ч гэсэн боломж бий.
-???
-Чи хэдэн жилийн дараа дүүдээ очиж төрөх болно. Тэгээд дүүтэйгээ, ээжтэйгээ дахин уулзана.
-Бурхан минь. Гялайлаа. Тэгвэл би таны заасан газар луу одоохон явлаа. Харин чи дүүг минь, ээжийг минь олж уулзаад та хоёртоо хайртай байсан шүү гэдэг үгийг заавал дамжуулж өгөөрэй. Дүүг минь хайрлаж яваарай.
-Тэгэлгүй яахав. Би хамгийн түрүүнд Энхриймаагаа олж уулзана. Түүнийгээ би дотоод сэтгэлдээ дандаа “миний Энхрийхэн” гэж дууддаг байсан юм. Даанч бүрэг ичимхийгээсээ болоод нэг ч удаа нэрийг нь чангаар дуудаж үзээгүй. Түүнийхээ хайр гэрэлтсэн харцыг ч хариулж харж чадаагүй. Одоо би чамтайгаа хамт дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж сайхан амьдрах болно. Бурхан:
-Хүний орчлонгоос ирчихээд буцдаг сүнс гэж бараг байдаггүй. Мянган жилд нэг л тохионо. Тийм болохоор миний өгсөн бие цогцсыг хайрлаж гамнаж яв. Энэ бие чинь ганц. Дахиж надтай уулзахаасаа өмнө хийх гэснээ хийж, хэлэх гэснээ энд ирсэн хойноо эргэж харамсахааргүй хэлж ав. Хайр бол миний та бүхэнд өгсөн бэлэг гэж түрүүн хэлсэн. Та нарын хатуу, хэцүү гэж ярьдаг орчлонг зөөллөхийн тулд би хайрыг хүмүүст бэлэглэсэн. Хэн нэгнийг үнэнхүү хайраар хайрлаж яваа хүн хэзээ ч муу юм хийдэггүй. Хайрыг хайрлаж гамнаж, харин хайртай гэдэг үгийг харамгүйгээр хэлж яв. Бас хайрынхаа төлөө тэмцэж амьдар. За яв хүү минь гэснээ Энхриймаагийн ахын сүнсэд хандаж:
-Чи ч гэсэн яв. Диваажинд хүрэхэд чиний зам чөлөөтэй. Дараагийн төрөлдөө сайн хүн болж төрөөд ээжийнхээ ачийг хариулж амьдраарай гэхэд мөнөөх сүнс:
-Тэгэлгүй яахав. Би чиний хүүхэд болж төрөх нь. Гялайлаа, Бурхан минь гэж баяртайгаар хэлээд эгц дээшээ дүүлэн нисэв.
***
Эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг. Осолд ороод ухаангүй тав хоносон Чинбат гэнэт ухаан оров. Тэр саяын болсон явдлыг санаад зүүдэлсэн юм болов уу? гэж бодсоноо дэргэдээ зогсоо Болдыг хараад зүүд биш байсныг ухаарав. Чинбатын туслах Болд яг түүний дээрээс харсан янзаар цагаан нөмрөгтэй зогсож байлаа.
Түүний хамгийн анх хэлсэн үг нь:
-Болд оо! Найз минь. Энхриймаа! Энхриймааг олъё гэсэн үг байлаа. Болд:
-Ашгүй найз минь сэрчихэв үү? Ямар Энхриймаа? Би одоохон олъё. Машин бэлэн байгаа гэх нь дуулдав.
Чинбатын яриаг сонссон мэт хаа нэгтэйгээс:
-Энхрийхэн, энхрийхэн минь
Энэ нутгийн үзэсгэлэн минь хэмээн нэрд гарч яваа залуу дуучны дуулах нь сонсдох төдий эгшиглэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих