Соёрхын Пүрэвсүрэн: СЭТГЭЛ гэдэг…
/Богино өгүүллэг/
Барьж аваад хийчихмээр, цаг нөхцөөчихөөр ажил үгүй тул эртхэн хэвтэхээр шийдсэн Баярхүүгийн нойр хаашаа ч юм үргэчихжээ. Үргээд байх ч юу байхав. Үд хүртэл унтсан болохоор аргагүй шүү дээ гэсэн тэнэгдүүхэн бодолд ээрэгдсээр эргэж хөрвөн хэсэг хэвтэв. Зүгээр суухаар зүлгэж суу гэдгийн үлгэрээр хэд дахин уншиж, хавтас нь халтартсан ганц хуучин номынхоо хуудсыг уйтгартайхан эргүүлж суухад, унтвал ч унтчихаар шинжтэй духалзаад байсан нойр цагаа тулахаар худлаа байжээ гэмээр…
Өчигдөрхөн мэт сэтгэлд тодхон, хүүхэд насны гэнэн дурсамж хаа нэгхэн эргэж хургавч, тэгтлээ их шимтэхээргүй тул удалгүй тэс өөр бодол эзэмдэх ажээ.
Яг л шартсан үед бүх юм утгагүй мэт санагддагтай адилхан байлаа.
Хагас жилийн өмнө ажлаасаа гэнэт халагдсан Баярхүү хэдэн сар ажил хайж энд тэндэхийн албан газраар алхавч таарч тохирох ажил олдсонгүй.
Мөнгөний гачлан, сэтгэлийн гаслангаас түр ч атугай салахын тулд багын найзаа зорьж, аз таарвал хэдэн бор юм зээлчих санаатай Бөмбөгөр захын хэдэн лангууг сүлжин алхсаар ойртон очлоо.
Сэтгэл гундуу яваагаа нуухыг хичээвч цаанаа л нэг зориг муутай, халирхуу харагдаж байгаагаа битүүхэн анзаархад уур хүрмээр.
-За миний хөгшин ажил төрөл сайн биздээ гэсээр өөдөөс нь сонжих мэт эрээ бараагүй ширтэх найзынхаа харцанд эвгүйцэх шиг, эг маг хийн түгдрээд
-Өө гайгүй дээ хө. Яахав одоохондоо гэр зуур байж л байна. Тэгж байгаад ажилд орно доо гэвэл
-Манайх ч адилхаан. Наймаа муу, худалдан авагч цөөрөөд хэцүү байна хэмээн бодол хүслийг нь гадарлав уу даа гэлтэй яаран сандран зовлон тоочив.
-Би энэ хавиар явж барааны үнэ судалдаг юм бил үү гэж бодлоо. Хэд хоногоос ганц лангуу түрээсэлдэг юм билүү хө гэж нэрлэхэх аядлаа.
Цэрвэж дөлсөн царайгаар угтсан найздаа гомдосхийх шиг болж
-За өвгөн чинь харья даа хө. Орой хүнтэй уулзах ёстой гээд босход
-За түр хүлээж бай. Хоёулаа ганц аяга кофе ууя л даа гээд гүйчихлээ.
Орхиод явчихаж чадалгүй бараа өрсөн лангууг нь харзнан сууж байтал, шилэн аяга боосон сонины тасархай дээрхи “Ажилд авна” гэсэн зар нүдэнд тусч, лавлан хараад, утасны дугаартай хэсгийг нь урж аваад халааслав.
Гэрлүүгээ урам муутайхан сажилж явтал гэнэт ажилд авна гэсэн зар санаанд орж залгавал
-Одоо хүрээд ир. Ярилцаж байж шийднэ ээ гэсэн үгийг сонсоод яаран сандран гүйсэн билээ.
Ийнхүү санамсаргүй сууж байхад, аз дуудан олдсон “Зар” сонины тасархайгаа билэгшээн хадгалсаар, ажилдаа орсон нь саяхан мэт санагдавч бас ч гэж хориод хоногийн нар сарыг үдэж угтсан байлаа.
Баярхүүгийн ажил уг нь тун амархан.
Тоосгон хашаанд сүндэрлэх дутуу бариад орхисон том байшин, агуулах байсан болов уу гэмээр нүсэр хаалгануудтай, хуучирсан дүнзэн барилгыг харж байх үүрэгтэй. Хотоос овоохон зайтай тул ихэнхи цагт эль хуль.
Шинээр ажилд орсон хүмүүс нэг хэсэгтээ хөл хөнгөн, гар уран, бодол ариун байдаг ёсоор Баярхүү ч бас ирснийхээ маргаашнаас тоосгон хашааны өм цөм нурсан хэсгийг сэлбэн өрж шавардаад, эвдэрч унасан төмар хаалгыг нугасаар нь салган, шинээр хийж, бүтэн хаалгатай болголоо.
Барилга тойрон хөглөрөх банз, тоосгыг цуглуулан хурааж цэмцийлгэхээ мартсангүй.
Амралтын өдрөөр салхинд гарангаа барилга байшингаа эргэж ирсэн компанийн захирал, эхнэрээ дагуулан энэ тэрүүгээр алхаж, өмч хөрөнгөө бүртгэж явсаар, буцаж ирээд
-За бид санаа амарлаа. Та идэвхи зүтгэлтэй хүн байна. Таны хийсэн ажлыг үнэлж, цалин дээр чинь нэмээд энэ мөнгөөр урамшуулъя гэсээр нэг зуун мянган төгрөг өгөхөд, магнай хагартал баярлав.
-Баярлалаа даргаа. Өөр хийх юм байвал хэлээрэй. Би заавал хөлс мөнгө гэхгүй. Зүгээр сууж байгаа болохоор оролдож байгаад болгочихно гэлээ.
Хашааны хойд буланд хаясан хуучин Лада машиныг зааж
-Тэр муу машины сэгийг хаягдал төмөрт тушаачих юмсан. Өргөх кран авч ирэлтэй биш. Та задалж жиргээд, ачуулахад бэлдээд өгөөрэй гэвэл эхнэрийнх царай хувьсхийн цайрснаа уруулаа хэмлэн нэг л өөр болоод явчихлаа.
-Өө тэгье ээ даргаа гэж малилзан инээсээр гар даллан хоцорсон билээ.
Хэд хоног ноцолдох ажилтай болсондоо олзуурхсан Баярхүү нөгөө муу хуучин машиныг очиж үзвэл, он цагийн аясаар салхи бороонд нүдүүлж, олон хоногийн наранд онгож гандан цайж, цонх салхивчны шил нь өнгө даран бууралтсан, өндөр настай өвгөн шиг, өрөвдмөөр болсон эд байлаа. Каподыг сөхөж үзвэл, хуруу зузаан шороонд дарагдсан ч гэлээ эд анги бүрэн бүтнээрээ ажээ.
-Ээ дээ мөнгө хөрөнгөтэй хүмүүс ээ гэж сайхан ч юмаадаа. Зүв зүгээр машинаа ийм болгоод хаячихдаг. Хэдэн дугуйг нь солиод, засаж сэлбээд угсарчихвал босоод ирэх л машин байх юм гэж бодсоор хэдэн суудлыг нь тайлав.
Шороонд дарагдаж, наранд түлэгдсээр суудлын бүрээс нь гарын ая даахааргүй болчихжээ.
Гучаад жил ачааны машины жолоо мушгисан Баярхүүд бойтгон чинээ суудлын тэргийг задлах гэдэг ямаа төхөөрөхийн төдий санагдана.
Идэр залуугаасаа машин тэрэгтэй ноцолдсон Баярхүү цахилгааны утас, эрэг боолтыг ном ёсоор нь салгаж, эмх цэгцтэй дэлгэх ажээ.
Зэвэрсэн боолтыг тостой даавуугаар боож хонуулаад, маргааш нь тайлахад амархан байдаг ажээ.
Гурав дөрөвхөн хоногт ширхэг боолт үлдээлгүй задлаад дуусгав. Одоо моторыг нь задлах л үлджээ.
Гэтэл ойр хавьд дуугараагүй Баярхүүгийн гар утас гэнэт амилан жингэнэхүй овгосхийтэл цочоод, өөрийгөө шоолж инээн, майрганан гүйсээр, машины тосонд халтартсан, паривгар гараараа утсаа шүүрч аван
-Байна уу гэвэл утасны цаанаас бүсгүй хүний дуу үл ялиг санаашрангуй дуу шуухитсанаа
-Байна аа. Та Баярхүү мөн үү. Би Хулан байна. Таныг олон жил ачааны машин барьсан хүн гэж сонслоо.
-Тийм ээ. Би насаараа жолоо мушгиж явлаа.
-Та нөгөө хуучин лада машиныг задалчихсан уу.
-Өө бараг дуусаж байна. Маргааш гэхэд дуусчихна аа.
-Би нөхөртөө мэдэгдэлгүй, таньтай аминчилж ярих юм байна.
Наад машин чинь миний талийгаач нөхрийн машин байгаа юм. Одооны нөхөр маань миний хоёр дахь амьдрал гэх үү дээ гээд хэсэг чимээгүй байснаа уртаар санаа алдан
-Талийгаач бид хоёр наад машиныг чинь Оросоос шинээр нь авчирч байлаа.
Хүүгээ төрүүлсэний дараахан бид гурав машинаараа зугаалаад л …
Аз жаргалд умбаж явсан билээ. Миний амьдралын гэгээн дурсамжтай салшгүй холбоотой болохоор хаячихаж арай чаддаггүй юм.
Уг нь аль эрт зарах гэсэн боловч нэг л зориг хүрэхгүй юмдаа.
Тийм болохоор л таныг засаж сэлбээд асааж дөнгөх болов уу гэж санагдаад таньруу залгалаа.
Захирлын эхнэрийн яриаг сонсоод суухад нэг их хайр ундраад байх шиг санагдана.
Тээр жилийн намар Баярхүүг цэргээс халагдсаны дараахан юмдаг…
Хотын хүүхэнтэй танилцаж, баян айлд хүргэн ороод мандаж явсан үе билээ.
Бурхан болсон ижийнх нь ганц бор авдар хүргэн ахынхаас нь дамжин ирснийг ихэд нандигнан тэвэрсээр хадмындаа ирсэнсэн.
Гэтэл нэг өглөө хадам ээжийнх нь дуу чих дэлсэв. Охиноо загнаж байгаа бололтой.
-Хир даг болсон хар авдрыг гаргаж хая. Хэдэн үе ч дамжсан юм билээ. Гай түйтгэр дагуулмаар хар модон авдар хэнд хэрэгтэй юм гэхэд
-Харин тиймээ ээжээ. Би эвийг нь олж, аятайхан хэлээд хаяулчихна аа гэсэн хайртай бүсгүйнхээ үгийг сонсоход гол гогдох шиг санагдаж билээ.
Залуу ч байж, шартай ч байж. Шуудхан босч хэдэн цамцаа авдрандаа чихэж аваад гарахад тэднийхний хэн нь хараагүй билээ.
Тэр өдрөөс хойш олон жил өнгөрчээ….
Энэ бүхнийг эргэн санасан Баярхүү
-Асааж болох байхаа. Уг нь ч тоногдоогүй юм билээ. Жийрэг резинүүд нь л хагарч хатаад солих болчихсон байсан. Бас будаг хийх хэрэгтэй. Суудлын бүрээснүүд нь урагдчихсан байна. Дөрвөн дугуй нь байхгүй юм.
- Бүх дугуй нь агуулахад байгаа. Дутуу сэлбэг, будах мөнгийг нь танд өгчихвөл та босгочиж чадах уу.
Би наадхыг чинь анх байсан шигээ цоо шинэхэн, цэмцгэрхэн, улаанхан сарнай шиг энхрийхэн байхыг нь хармаар байна гэхэд загатнасан газар нь маажих шиг санагдаж
-За дарга аа би яг таны хүссэн машин болгож чадна. Харин хоёрхон өдөр хот явах хэрэгтэй байна.
-Ойлголоо. Танд хоёр өдрийн чөлөө өгье. Та хурдхан амжуулаад буцаарай гэлээ.
Техникийн захын хойд хэсэг дэхь хүн тоож, нохой шиншихээргүй болсон ганц нэгхэн төмөр амбаарын урдуур алхаж явтал
-Хүүе Баяраа гэсэн чихэнд танил дуу сонсогдоход эргэн харвал нэг баазад олон жил хамт ажиллаж, аян замд ганзага нийлдэг “хоовон” хочит Болдоо инээмсэглэн зогсож байлаа.
Ойрын таван жил уулзаагүй хоовон Болдоо маань нэлээд өтөлчихсөн ч юм шиг…
Уг нь надаас тавхан насаар ах хүнсэн. Цагтаа баазын аварга тээвэрчин, саятан бригадын ахлагч болж мандаж явсан эрийн хуйх билээ. Монхор ногоон Зил-130 машиныг хүний хэлээр яриулах нь халаг эдэлдэг, инженер ичээм жолооч байлаа.
Эрийг нас, уулыг цас гэдэг ч тавин насанд арай дарлуулахааргүй эр юмсан.
Бид хоёр дуу алдан хашгиралдаж уулзалдлаа. Болдоо маань хуучин машины сэлбэг зарж байгаа гээд надад томорч байна.
Нөгөө хүн тоож шагайхааргүй төмөр амбаарын эзэн гэнэ.
Хайж яваа сэлбэг маань Болдоогийн төмөр амбаарт цоо шинээрээ хэвтэж байхын чинээ бодсонгүй.
Гэрэл дохио, цонхны шил, резин сальник, ремин гээд цөм байж байлаа.
-Миний найз юу дуртайгаа ав. Тэртэй тэргүй хүн тоохоо больчихсон эд. Үүнийг авах хүн ирэхийн чинээ зүүдэлсэнгүй явлаа.
Япон Солонгосын хуванцарууд шилэн хоргонд эрхэлж, орос машины ган болд хогон дотор өнхрөхийг өөрийн нүдээр үзэж байна гээд буурал живэртэй хошуугаа өмгөнүүлэн хуучилна.
Даргын эхнэрийн өгсөн мөнгөнөөс хоовон Болдоодоо бийлэгжүүхэн загнаж, хэрэгтэй гэсэн бүгдийг хамж аваад ирэв.
Эвдэж задлах амархан ч эвлүүлж угсрах хэцүү гэсэн Болдоогийн үг юутай үнэн билээ.
Талын нэг тараасан эрэг боолтоо бөөгнүүлсээр, эхнээс угсарч эхлэв.
Гутал сайт гурвын өмнүүр гэгчээр агуулахад хадгалсан дугуйнууд шинээрээ юм.
Долоо хоног ноцолдож байж машин гэж хэлэхээр болгосондоо сэтгэл хангалуун суутал даргын эхнэр давхиад ирэв.
Хаанаас олоод ирсэн юм бүүмэд. Цоо шинэхэн суудал авчирсан байв.
Одоо будчихвал гүйцээ. Түлхүүр түлхэнгүүт намуухан дуугаар нуугин асах машинаа харсан Хулан бүсгүй маш их баярлаад байгаа нь андашгүй байлаа.
Миний найз хоовон Болдоо машин будахдаа гаргууд гэдгийг мэддэг болохоор шунхан улаан будаг аваад ирээрэй гээд захиад орхисон байсан билээ.
Хорвоогийн үйл бүтээд ирэхийн цагт учрал гэдэг урсаад ирдэг нь юутай сонин.
Хулан захирал Лада машинаа энхрийлэх мэт илэн таалж, хойгуур урдуур нь алхаж байх зуур доод хөндийг уруудан тоос зурайлган давхисаар нэгэн машин ирсэн нь манай хоовон Болдоогийн машин байлаа.
Хийн компрессор, будаг шүршигч, сэв гаргах замаска ер нь юм юмтай л ирсэн байв.
Залуу насны гал дөл нь бүүдийсэн ч гэлээ бүхнийг чадагчийн биеэ тоосон ихэмсэг зан нь хэвээрээ байгаа харагдана.
Живэр нь гозолзсон домбогор уруулаа байн байн шувтарч, шингэн буурал үсээ донжтой засан
-За салхи тогтуун дээр будах хэрэгтэй.
Хуучин будгийг нь бүрмөсөн арилгана. Сэв зураасыг нь замаскаар дарах шаардлагатай гэж тайлбарлаад ажилдаа орлоо.
Найзынхаа олон үгнээс санаа зовохдоо
-Хулан даргаа таныг эргэж ирэхэд бүрэн дуусгачихна. Та эртхэн буцсан нь дээр үү гэвэл
-Өө зүгээр зүгээр. Надад сонирхолтой байна. Оройтвол энд хоночихно. Та хоёр ажлаа хий. Намайг анзаарсны хэрэггүй гэснээ гялтгар хүрэн машиныхаа арын бүхээгнээс гадаад орны том шилтэй архи гарган авчраад
-За хоёрын хоёр эр хүн байна даа согтчихгүй биздээ гэсээр надад өгөхөд хоовон Болдоогийн маань харц нь зөөлөрч, ааш нь нялхраад явчих шиг санагдав. Их замын тоосонд дарагдаж явсан, эрээ бараагаа эртээ гээсэн, тээврийн жолоочийн хэнэггүй зангаар миний муу бор аяганд архиа дээжлээд
-За дарга бүсгүй минь идээ эзнээ таних биш дээ. Таны хайрласан тансаг идээний дээжийг танд эхлээд барьчихъя.
Хоёр ах нь цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явсан хоёроо. Аян замын уртад, алтан шардаа залбирч, тоост хорвоогийн учрыг тойрч биш дайрч ирсэн залуусаа гээд пар пархийн инээж аягатайгаа барив.
-Өө яана аа. Би ч ямар уух бишдээ. Та хоёр ажил дундуураа ганц нэг балгаж суудаа гээд амсах төдий уруул хүргээд буцааж өглөө. Амттай дарсны аагинд хөглөгдсөн хоовон хочит найзын маань онгод нь морилов бололтой, нүд нь гялтганаж, сахлаа шувтраад ажилдаа шуударлаа.
Оройн шаргал наран уулсын орой дамнан, сунайж, үүлс нөмрөн шургахын наахна ажлаа дууссан бид хоёр юутай сайхан, сэтгэл хавтай.
Гэтэл…
Шингэх нарны доогуур шингэн тоос босгосоор нэгэн машин давхиж ирсэн нь даргын машин байлаа.
Айхгүй ч гэлээ аягүйн үлгэрээр, задлаад байж бай гэсэн машиныг нь будаад зогсож байгаадаа сэтгэл жаахан пэлпэгнүүр…
Бэлтэй эрийн тайвуун алхаагаар гулс гулсхийн алхсаар ойртоод ирэх нь цаанаа л нэг сүрдмээр…
-За сайн уу Баярхүү гээд зүрх дальдартал харснаа
-Хөөх энэ машиныг хараач. Ямар гоё болгочих воо. Аргагүй л автын анжнаарууд юм аа та хоёр. Асаагаад үзэх юмсан гээд юу ч болоогүй мэт инээмсэглэв.
-Уг нь ч асна л даа даргаа. Дөнгөж сая будаад дуусаж байгаа юм. Будаг нь хатаагүй гэвэл
-За яахав маргааш нөгөөдрөөс ирж үзнэ. Сайхан болгочихжээ. Хийморьлог эрийн унаа байсан юм.
Гурвын гурван эр хүн горьдоод байхад, машинаа мялаахгүй юм уу ханиа гээд хажуудаа зогссон эхнэрийнхээ мөрөөр тэвэрвэл, сэтгэл уужуу ханхар эрийн сэтгэлд нялхарсан Хулан бүсгүй толгой дохиод машинаадаа гүйлээ…
Сэтгэл гэж…
2016 он.
Соёрхын Пүрэвсүрэн
URL: