Ц.ОЮУНДАРИЙГ ЧӨЛӨӨЛЖ, Л.НИНЖЖАМЦЫГ ТОМИЛЛОО
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж, зарим тогтоол шийдвэрийг гаргажээ. Тус хуралдаанаар УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны тогтоол, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын хамтарсан шалгалтын тайлан, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын Хорооноос ирүүлсэн дүгнэлт зөвлөмжийг хэлэлцээд хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг тогтоолын хэрэгжилтээ 2017 оны нэгдүгээр сарын 16-ны дотор УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын Хороонд тайлагнахыг Үндэсний зөвлөлийн дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Энхмандахад үүрэг болголоо.
Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө. Ерөнхий захирал чөлөөлөгдсөнтэй холбогдуулж МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр МҮОНРТ-ийн дэд захирал Л.Нинжжамцыг томиллоо.
Л.Нинжжамц нь “Толь” сонины Ерөнхий редактор, Монголын сонины холбооны Гүйцэтгэх захирал, МҮОНРТ-д Тамгын газрын дарга, ЗГХЭГ-т Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, Өглөөний сонины Ерөнхий эрхлэгч болон МҮОНРТ-ийн дэд захирлын ажлыг тус тус хийж байв. Тэрээр философич, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд эрх зүйн магистрийн зэрэгтэй.
URL: