Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой тохиож байна
Шинэхэн үеийн түүхнээ Монгол Улс дахин сэргэж 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалаас чөлөөлөгдөн Богд Жавзандамбаа улсын хаанаар өргөмжлөн туурга тусгаар Монгол улсаа тунхагласан өдөр. Энэ өдөр тусгаар улсаа тунхаглах их ёслол Да хүрээнээ болж шашны тэргүүн Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, хатан Дондогдуламыг улсын эх дагина хэмээн залахад Богд хаан зарлиг гарган Да Хүрээг Улсын Нийслэл Хүрээ гэж нэрлэх, оны цолыг Олноо өргөгдсөний хэмээж нэгээс эхлэн тоолохыг зарлигджээ. Мөн таван яамтай Засгийн газраа байгуулан энэ өдрөөс эхлэн Монгол Улс манж Чин улсаас туурга тусгаар болсныг зарлан тунхагласан бичгийн Халх дөрөв, Дөрвөд Урианхайн хязгаар, өвөрлөгч хошуудад илгээн өндөр настнуудад бэлэг гардуулж, хоригдлуудад өршөөл үзүүлсэн гэдэг. Нийслэл хүүрээнд их баяр болж хүн бүрий гоё ганган, өнгөтэй өөдтэйгөө өмсөн баясан цэнгэж богдын ордны зүг харан мөргөгн сүсэглэж байсан бол хөдөө нутаг, алс хязгаарынхан ч Нийслэл хүрээний зүг харан мөргөж залбирч байсан гэдэг. Ийн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс туурга тусгаар улсаа тунхаглаж, Лигдэн хаанаас хойш тасраад байсан эзэн Чингисийн угсаат Монгол Улсаа сэргээн мандуулсан түүхтэй. ХХ зууны эхэн болоход Монголын ард түмний тэмцэл өргөжин эрх чөлөө, тусгаар тогтнолоо харийн эрхшээлээс чөлөөлөх түүхэн цаг үед тулж ирсэн юм. Тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн үр дүнд 1911 оны 12 сарын 29-нд VIII Богд Жабзандамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхагласан.
Анхдугаар богд Занабазар Түшээт хан Гомбодоржын хүү бөгөөд монголчуудын оюун санааны удирдагч болж чаджээ. 2-р богд Лувсандамбийдоми бас л алтан ургын язгууртан гэр бүлээс төрсөн бөгөөд Хотгойдын шадар ван Чингүнжавын бослогод туслалцаа үзүүлж байсан тул түүний дараагийн дүрийг манжийн хаан Түвдээс тодруулж байжээ. Энэ цагаас монголын богдууд дандаа Түвдээс тодрох болж.
8-р богд Жавзандамба хутагт буюу Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу бол бас л түвд хүн. Тэрээр 1869 оны 10 сарын 13 нд Түвдийн Лхасын ойролцоо эцэг Гончигцэрэн, эх Ойдүвдулам нарын хүү болон мэндэлж таван настайдаа Жавзандамба хутагтын хойд дүрээр тодорч Их хүрээнд иржээ.Тэр бидний багын үздэг кинонууд дээр гардаг байсанчлан тэмбүү өвчинд идэгтлээ зугаа цэнгэл хөөсөн харалган нэгэн байсангүй монголын төлөө цохилох зүрхтэй нэгэн байжээ. Түүнийг халхууд монголд элэгтэй болгон хүмүүжүүлж чадсан ба тиймээс тэр өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байв. Манжаас тусгаарлан салъя хэмээсэн Халхын ноёдын санаачилгыг эхнээс нь дэмжиж эл хэргээр хаант Орост элч зарж байв.
Манжийн шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн Халхын ноёд түүнийг тойрон хүрээлсэн бөгөөд Богд гэгээн монголчуудын дунд үлэмж нэр хүндтэй байснаа ашиглаж, “монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгажээ. Хятадад нийлэхийг ятгаж байсан Хятадын ерөнхийлөгч Юань Шикай-н ятгалга, сүрдүүлгийг Богд хаан эс зөвшөөрч, бүх монголчуудыг нэгтгэж нэгдмэл Их Монгол Улсыг сэргээн мандуулахыг зорьж байв. Түүний засгийн газрын сайдууд төрийн тусгаар тогтнолоо хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож байсан боловч энэ оролдлого Хиагтын гурван улсын хэлэлцээрээр таслагдсан билээ.
1919 онд хятадууд цэргийг хүчээр монголын автономыг цуцлахад Богд хаан гарын үсэг зураагүй юм. Харин ч төрийн тусгаар тогтнолоо сэргээхийг эрмэлзэн АНУ, Зөвлөлт Орос улс, Япон болон Колчакийн засгийн газраас тусламж дэмжлэг эрэлхийлж байсан хүчнийг дэмжиж байв. Тиймээс хятадууд дээрх хэрэгт сэжиглэн түүнийг баривчлан Манзуширын хийдэд хорьжээ. 1921 оны хоёрдугаар сард Хүрээг эзлэн авсан Барон Унгерн монголын автономыг сэргээн мандуулснаа тунхаглаж Богд гэгээнийг дахин Монголын хаан ширээнд залсан бол таван сарын дараа ардын намынхан Нийслэл Хүрээнд орж ирэн 1921.11.01-д Ардын засгийн газраас Богд хаантай “тангаргийн гэрээ” байгуулж хааны улс төрийн эрх мэдлийг хасч хэмжээт эрхтэй хаан болгожээ.
1924 оны 5 сарын 20 нд Богд гэгээн Нийслэл хүрээнээ таалал төгсжээ. Зарим судлаачид Богд хааныг хорлогдож өөд болсон гэж үздэг. Түүнийг жанч халснаас хойш 21 хоног гашуудал зарласан бөгөөд Хүрээний лам нар түүний хойд дүрийг тодруулахыг оролдож байв. 1925 онд МАХН-ын IV их хурлаас Богдын хөрөнгийг улсын санд хурааж, түүнийг ардын боловсрол, эрүүлийг хамгаалах, соёлын хэрэгцээнд зарцуулахаар шийдвэрлэж байв.
Богд хаант Монгол төрийн тамгыг 1911 оноос тогтсон Монгол Улсын засгийн газраас боловсруулан гаргасан “Залигаар тогтоосон Монгол Улсын хууль”-иар батлан тогтоосон юм. Уг тамгыг “Хар гарт” Гомбо гэдэг дархан хүн хаш чулуугаар сийлж, харин Эх дагинын тамгыг Сэцэнхан аймгийн Дархан Барайшир ван урлажээ.
Төрийн тамганаа Монголын эртний төрийн бэлэгдлийг сэргээн хэрэглэж, үсгийг нь соёмбо, дөрвөлжин хоёр үсгээр бичсэн байна. Дөрвөлжин үсгээр бичсэн хоёр мөр нь Жавзандамба хутагт болбоос эртний Юань улсын Хубилай Сэцэн хааны адилаар төр, шашны хэргийг хослон барьж, лам, харын засгийг нэгтгэн явуулж буйг билэгдсэн утгатай, харин соёмбо үсгээр бичсэн найман мөр нь Монголын анхдугаар Богд гэгээнээс хойшхи найм дахь Богдын үед Монгол улс тусгаар болсныг билэгдсэн утгыг агуулдаг байжээ. Тамганы төв дунд уйгаржин монгол бичгээр эзэн хааны алдрыг “Шашин, төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга” гэж бичжээ. Ийнхүү хаш эрдэнийн тамгыг олонд тархаах аливаа зарлиг, хэлтрүүлэх зарлиг, ухуулах, сургах лүндэн, жуух, шар торгон бичиг дээр дардаг байлаа. Түүнээс гадна, Монголын шашны тэргүүний нь хувьд Богд гэгээнд тусгай тамга хэрэглүүлжээ. Тамганы үгс нь “Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч, аврал итгэл хамгийг айлдагч, оройн чандмань очирдарь Жавзандамба ламын алтан тамга” гэсэн бичигтэй байсан ажгуу.
Бусад олон яам, аймаг, хошуудын гуулин тамганд дан монгол үсэг хэрэглэж, уг газрын нэрийг бичихийн дээр голд нь соёмбо сүлд урлаж, бариулыг нь хүслийг хангагч чандмань эрдэнийн дүрстэй үйлдэн, уул яам, газар, ноёдын эрх ямбанд тохируулан элдэв хэмжээ ба жинтэй цутгадаг байжээ. Богд хаант улсын үеийн тамга нь дөрвөлжин нүүртэй байсан бөгөөд энэ нь 1930-аад онд дугуй (резинэн) тамга гарах хүртэл хэрэглэгдэж байв.
Монголчууд тамгыг төрийн билэгдэл хэмээн машид хүндэлж, улаан халзтай тусгай өргөө бариулан, хойморт нь тусгай хайрцаганд хадгалдаг байв.
Богд хаант монгол улсын төрийн далбааг бүтээх тухай тэр үеийн албан баримтад тэмдэглэсэн нь: “Олон улсад өөр өөрийн туг далбаа буй, бидний монгол болбоос эзэрхэх эрх хэмжээ бүхий нь мөн тул тусгайлан далбаа байгуулж, тусгаар эрх бүхнийг илэрхийлбэл зохимой” хэмээжээ.
Богд хаант монгол улсын төрийн туг далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харъцаатай, дөрвөлжин хэлбэр бүхий шар өнгийн дэвсгэртэй, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний бусад гурван талдаа улаан хөвөө эмжээртэй байх ба хөвөө нь хагас ам өргөнтэй байна. Далбааны төв дундад хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий суурьтай, соёмбо тэмдэг сүлд буюу “Э” “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном бичсэн дэвсгэр дээр урлан байрлуулсан, далбааны төгсгөлийн гурван улаан хээний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх үсэг байхаар тогтжээ. Тугны дээрх үсэг бичиг нь тэр цагийнхаа утгаар манжийн үед туганд хэрэглэж байсан манж, хятад үсэг тэмдгийг халж, оронд нь монгол үсэг болон буддын шашны хүндэтгэлийн бичиг ланз, төвд үсгийг арвин хэрэглэсэн байна.
Энэ нь монгол орон манжийн эрхшээлээс ангижирч тусгаар улс болон төр шашнаа ариунаар мандуулна хэмээсэн тухайн үеийнхээ үзэл санаагтусган илэрхийлсэн хэрэг юм.
Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил бүрийн цагаан сарын шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах зэрэг төрийн их баяр ёслолын өдөр, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван гүн, хамба цорж, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэлийн газар хийсгэхээр болсон байна. Богд хаант Монгол улсын засгийн газраас төрийн далбааг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрсөн лүндэн буулгажээ. Мөн Төрийн далбаанаас гадна цэргийн тугтай байхыг чухалчлан тогтоож байжээ.
URL: