Хэнэггүй “Мобиком”-д хатуу хариуцлага тооцъё

6389

Өнөөдөр 11:00 цагийн үеэс эхлэн Мобикомын сүлжээнд доголдол гарч, хэрэглэгчид дуудлага авах, дуудлага хийх боломжгүй болсон.Үүний улмаас хэрэглэгчдэд ихээхэн чирэгдэл учирч, олон мянган хүмүүсийн ажил алдагдав.

Урсах амьдралыг холбож,  үргэлж хэрэглэгчийн төлөө байна гэдэг “Мобиком” олон мянган хүний арын ажлын албанд байдаг гэдгээ ямагт санах хэрэгтэй. Тэр ч үүднээс хариуцлагаа өндөрт тавьж, ямар нэгэн зайлшгүй доголдол, саатал гарах тохиолдолд хэрэглэгчиддээ урьдчилсан байдлаар мэдэгдэх ёстой.

Гэтэл “Мобиком” тэгсэнгүй. Хэрэглэгчдээ шууд “боомилж” олон мянган хүний ажил,цаг завыг алдагдуулж уур бухимдуулыг нь дээд цэгт нь хүргэлээ. Хэрэв хоёр хүн утсаар ярьж, нэн чухал ажлаар цагийн дараа уулзахаар тохилцсон бол яах вэ? Гэнэтхэн хэн хэнийх нь утас холбогдохоо больсноор тэр хүмүүсийн итгэл алдагдана, төлөвлөсөн ажил нь нурна.

Зөвхөн наад захын энгийн жишээ дурдахад ийм байна. Тэгвэл өнөөдрийн энэ асуудлаас болж ямар чирэгдэл учирсан, хичнээн хүний чухал ажил алдагдсаныг хэлж мэдэхгүй. Ийм хариуцлагагүй асуудал гаргасан “Мобиком”-д хариуцлага тооцох ёстой.

Мобикомоос  уг асуудлаар хэвлэлд тодруулга хийхдээ  “Сүлжээний гэнэтийн ачааллын улмаас зарим үед гарах дуудлага амжилтгүй болж байна. Дотоод сүлжээнд алдаа заачихсан байгаа.

Яг одоогоор засахаар ажиллаж байна. Хэвийн болохоор нь албан ёсоор мэдэгдэнэ. Хэрвээ Таны утас 3G болон 4G сүлжээ дэмжиж буй бол 2G болгож шилжүүлбэл дуудлага хэвийн хийх боломжтой” гэсэн байгаа юм.

Өнгөрсөн жил мөн Мобикомын 3G сүлжээнд доголдол гарч байсан билээ. Тэгэхээр Мобикомын зүгээс өгч байгаа тайлбараас үзэхэд сүлжээний гэнэтийн ачааллаас улмаар ийн доголдол үүсчээ.

Шинэ он гарахаас гурав хоногийн өмнө ингэж ачааллаа даахгүй болж байгаа юм чинь шинэ жилийн баярын өдрөөр ачааллаа дийлэх эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэв үнэхээр ачааллаа дийлэхгүй байгаа бол хэрэглэгчдээ хязгаарлах хэрэгтэй.

Ялангуяа ажлын сүүлийн өдөр хэрэглэгчиддээ амин чухал үйлчилгээ үзүүлж чадахгүй бол сайн дураараа чаддаг нэг рүү нь шилжүүлж, зайгаа тавьж өгвөл яасын. Эцэст хэлэхэд дугаартайгаа өөр үүрэн холбооны оператор руу шилжүүлэх ажлыг яаралтай он гараад хэрэгжүүлээч гэж зөвлөмөөр байна .  Мөн хэлсэндээ хүрдэг байхыг Мобикомоос хэрэглэгчид шаардаж байна.

У.Сайхан

Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих