ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Х.СУГИР ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

                                                 6382

Говь нутгийн хөгжил дэвшлийн хүрд тасралтгүй эргэж, буурал түүхийн цадиг зузааран, хүн төрөлхтөн нэгэн он цагийг үдэж, шинэ оноо угтах мөч ирлээ.

Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаа нийт иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хамт олонд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа айлчлан ирж буй шинэ оны баярын мэнд хүргье.

Алслан одож буй 2016 онд Улсын Их Хурлын болон Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль амжилттай зохион байгуулагдлаа.

Өмнөговь аймгийн хүн ам 60 мянгад хүрсэн түүхэн цаг мөчид Улсын Их Хуралд хоёр мандатын эрхтэй болж төрийн үйл хэрэгт ард иргэдийн маань дуу хоолой хүрэх нөхцөл боломж нэмэгдэн, аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт шинэ шатанд гарч улам бүр хөгжин дэвжих боломж бий болж байна.

2016 онд Өмнөговь аймаг маань “Монгол тэмээ-999” 1000 тэмээний уралдааныг Даланзадгад суманд амжилттай зохион байгуулж, дэлхийд тоогоороо тэргүүлдэг хоёр бөхт тэмээн сүргээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоон, Гиннессийн номонд бүртгүүлсэн нь Өмнөговьчууд төдийгүй Монголчуудын бахархалт үйл явдал байлаа.

2016 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 3 удаа, Тэргүүлэгчдийн хурал 20 удаа хуралдаж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017-2020 онд баримтлах үзэл баримтлал, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан болон бодлогын чанартай 180 асуудал хэлэлцэж, 195 тогтоол батлан хэрэгжүүлж байна.

Улиран одож буй 2016 он иргэн бүрийн хувьд үл мартагдах сайхан дурсамж, өрх бүрийн хувьд өөдлөн дэвжсэн гэгээн үйлсээр өрнүүн дэлгэр он жил болж, үйл явдлаар баялаг, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил болж өнгөрсөн гэдэгт итгэлтэй байна.

Ирж буй 2017 он маань нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг хамтран эрэлхийлж тогтвортой хөгжлийн зам дээр бат зогссон, эв нэгдэл, зөвшилцлийг эрхэмлэн бүтээлч ажил өрнүүлж Өмнөговь аймгийн төдийгүй Монгол хүн бүрийн аж амьдрал дээшилсэн жил байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Та бүхэнд шинэ оны баярын мэнд хүргэж ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА   Х.СУГИР


URL:

Сэтгэгдэл бичих