”Маш нууц”-ын цаана маш ноцтой хэрэг үйлдэгдэв үү?

ZORIG_1Тиймээ, энэ өдрүүдэд нийгмийн дуу хоолой С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг, хэргийн шүүх хурал, Монголын шүүхийн тогтолцоо, хууль шударга хэрэгжиж байгаа талаар цуурайтаж байна. Мэдээж ингэх болсны үндэс нь С.Зориг агсны хэргээр ялын дээд хэмжээ сонсоод буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай холбоотой. “С.Зориг агсныг хэн хөнөөв” гэсэн асуулт бүхэл бүтэн 18 жилийн турш хариулт нэхэж байсан ч, гарсан хариулт нь “Худал” байх магадлал өндөр байгаад олон нийт бухимдах болов. Худал, үнэнийг дэнслэх үүрэг шүүхэд буй ч “Үүргээ хэрхэн биелүүлсэн бэ” гэдэг эргэлзээтэй. Ингэж бичих болсон хэд, хэдэн үндэслэлийг дор дурдъя.

Захиалагчийг зарласангүй

Нэгдүгээрт, Шүүх С.Зоригийн хэргийг захиалгаар үйлдэгдсэн гэж үзсэн байна. Тэгвэл захиалагч нь хэн бэ. Улсын нууц уу. Хэргийг үйлдсэн этгээдүүдийг нь яллачихаад “Захиалагч”-ийг нь яллах бүү хэл зарлах ч үгүй өнгөрч байгаа нь л “Шүүх бүрэлдэхүүн”-д итгэх итгэлийг талаар болгоод байгаа юм. Угаасаа хуулиндаа,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйл ангид Гэмт хэрэгт хамтран оролцогч гэсэн заалт байдаг аж. Тус заалтын 35.1-д Захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэнэ хэмээн заажээ. Хэргийн захиалагч нь нас барсанаас бусад тохиолдолд заавал шүүгдэгч нартай хамт шүүх хуралдаанд оролцуулдаг юм байна. Тодруулбал, захиалагчийг энэ хэргийг захиалсан хэмээн нотолсон цагтаа хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч, захиалагч нарыг хамт шүүдэг аж. Түүнчлэн тус хуулийн 37.4-т захиалагчид түүний захиалсан гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас доогуур ял оногдуулж болохгүй гэж заажээ. Хэрвээ шүүх бүрэлдэхүүн хуулийн дор ажилласан бол “Захиалагч”-ийг нь олсон гэсэн үг. Гэвч шүүх хурлын бүрэлдэхүүнд “Захиалагч” багтаагүй. Хуулиараа “Захиалагч” шүүх хуралд заавал байлцах ёстой гэж байгаа. Ганцхан тохиолдолд буюу “Захиалагч” нас барсан үед л шүүх хуралд байх боломжгүй. Тэгэхээр С.Зоригийн амь насыг хөнөөх захиалга өгсөн хүн нас барсан байх магадлалтай. Аль эсвэл шүүх хуулиа дагаагүй гэсэн үг. Магадгүй “Маш нууц”-ын зэрэглэлтэйгээр шүүх хурлыг хаалттай явуулж, “Улсын нууц” гэсэн сэтэр зүүж, хэргийн жинхэнэ эзэн “Захиалагчийг” нуун дарагдуулж, хэргийг эцэслэх гэж буй юм биш байгаа. Ийм хардлага буй болохоор л С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг “Худал” шийдвэр гаргачих вуу даа хэмээгээд буй нь энэ юм.

С.Оюуны мэдэгдэл

Хоёрдугаарт, С.Зориг агсны төрсөн дүү С.Оюуны мэдэгдэл. Шүүхийн шийдвэр гарсан өдөр хохирогчийн ар гэрээс дараах мэдэгдлийг хийсэн юм.

“Нууц”-ад бүхнийг чихэх  үү?

Гуравдугаарт, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ сонсоод буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын нөхцөл байдал. “Хэрэг хийгээгүй хүүгээ 25 жилийн ял авч байгааг хараад зогсох хэцүү байна. Ард түмэн минь надад туслаач ээ, намайг яаж тамлах гэсэн юм бэ” хэмээн бухимдах Б.Содномдаржаагийн ээж энэ хэргийг цэвэр гүтгэлэг гэж үзэж байгаа юм. Мөн Т.Чимгээгийн нөхөр ч ялгаагүй “Шорон дотроос өшөө авахын тулд манай эхнэрийг хэрэгт гүтгэлээ” хэмээн үзэж байгаа юм. Мэдээж яллагдагчдын тал юу гэж ч өмөөрч болох ч өөр нэгэн үндэслэл нь Ц.Амгаланбаатар юм. Түүний хувьд хэрэг гарах үед буюу 1998 онд 16-хан настай байсан байгаа юм. Насанд ч хүрээгүй Ц.Амгаланбаатар нас биед хүрсэн булиа биетэй эрийг дөнгөнө гэдэг амаргүй нь энгийн логик. Энэ мэт үндэслэлээс үзэхэд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн  хэргийн шүүх хурал “байгаа онож” бас “шударга шүүсэн үү” гэдэг ихэд эргэлзээтэй. Хардах болсон хамгийн том үндэслэл нь “Улсын нууц”, “Маш нууц” зэргээр шүүх хурлыг “Хаалттай” явуулсанд оршиж байгаа юм. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг өөрөө “Маш ноцтой” хэрэг. Харин энэхүү хэргийн шүүх хурал шударга бусаар явагдсан бол “Маш ноцтой” хэргээс ч илүү “Маш ноцтой” хэрэг болохоор байгаа юм.

С.Баяр

Эх сурвалж: Criminal.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 28 December 2016

энэ бичсэнээс ч илүү олон фаст байна юу нь улсын нууц байхав дээ улс энэ хэргийг ил болгохоор юугаар хохирох вэ албан тушаалтнуудых нь булхай луйвар л илэрнэ тэрнээс болж өөрсдөө л баларна тэрнээс болж нууц болж байгаа юм уу УЛСЫН НУУЦ гэж яг юу г хэлэх вэ ямар зүйлийг улсын нууцад оруулдаг юм нууцын тухай хуультай биздээ

Сэтгэгдэл бичих