ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР ГОВЬЧУУДДАА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

6381

Эрхэм хүндэт говь нутгийн хөдөлмөрч зон олондоо айлчлан ирж буй шинэ оны гал халуун мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.

Улиран одож буй 2016 он Өмнөговьчууд та бидний хувьд ололт амжилт, онцлох үйл явдлаар дүүрэн байж, говийн хөгжил дэвшил шинэ шатанд гарсан сайхан жил болж өндөрлөлөө. Салбар бүрт хүрч ажиллахыг эрхэмлэж, нийт 44 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэн, ажилсаг хөдөлмөрч ард иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжрууллаа.

 Манлай суманд 320 хүүхдийн суудалтай сургууль, Даланзадгад сумдад 1200 хүүхдийн багтаамж бүхий Ерөнхий боловсролын сургууль, Спортын төрөлжсөн сургалттай 7-р дунд сургууль нийт 3 шинэ сургууль, аймгийн төв Даланзадгад суманд 2, Цогтцэций суманд 1 шинэ цэцэрлэгийг барьж ашиглалтанд оруулан хүүхэд багачуудын сурч боловсрох орчин үеийн хамгийн шинэлэг ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн бол иргэдийн эрүүл амьдрах, эмнэлэгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжийг сайжруулах зорилгоор шинэ эрүүл мэндийн төв, эмнэлэгүүдийг барьж ашиглалтанд орууллаа.

2006 оноос өөрийгөө бүрэн санхүүжүүлдэг аймаг болсны хувьд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Орон нутгийн чанартай авто замыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэн Даланзадгад-Баяндалай-Гурвантэс сумдын чиглэлд 2016 онд 25 км хатуу хучилттай авто замыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр нэмж тавьснаар уг чиглэлд нийт 81 км хатуу хучилттай авто замтай боллоо.

Өнгөрөгч 2016 он бидний хувьд хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт өрнөсөн онцлох жил байсан бол амжилт бүтээлээр тосон ирж буй 2017 он их ажлын жил байж, мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал хөгжсөн түүнийг дагаад ажлын байр нэмэгдэн эдийн засаг сэргэсэн, ажилсаг зон олны маань амьдрал ахуй дээшилсэн бялхам сайхан амжилттай жил болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Өсөж төрсөн өлгий нутгийнхаа хөгжил цэцэглэлт, зон олныхоо сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр төрийг удирдаж, хамтдаа хөгжихийг нийт Өмнөговьчууддаа, нутгийн ахан дүүсдээ хүсэн ерөөе.

Учран золгож буй шинэ ондоо эрүүл энх, саруул сайхан, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

                                                     ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих