30 гаруй айл усанд автжээ
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо буюу Амгалангийн дулааны станцын зүүн хойд хэсэгт /2016.12.24/ хөрсний гүний ус ундарчээ. Үүний улмаас тэр орчмын 35 айл өрхийн 22 хашаа усанд автсан байна.
Уг хөрсний ус айлын гэр дотроос ундарсан байна. Үүссэн нөхцөл байдлыг арилгахаар Баянзүрх дүүргийн онцгой байдлын комисс болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, арга хэмжээг газар дээр нь авч ажиллажээ.
Одоогоор тус хорооны иргэдтэй хамтран мөсийг хагалж, цэвэрлэх арга хэмжээ авч байгаа бөгөөд 24 цагийн цагдаагийн эргүүл гарч ажиллаж байгаа аж. Мөн оршин суугчдад анхааруулах үүднээс анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулаад байгаа талаар Баянзүрх дүүргийн онцгой байдлын албаны урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн мэргэжилтэн С.Должинсүрэн мэдээллээ.
Мөн Амгалангийн дулааны цахилгаан станц руу нүүрс татдаг төмөр зам усанд автаагүй бөгөөд /2016.12.24/ өдөр шуурхай арга хэмжээ авснаар хэвийн нүүрсээ татаж байгааг дуулгалаа. Тус дулааны цахилгаан станц өдөрт 16 вагон нүүрс татдаг юм байна.
URL: