Оюу Толгой төслөөс Монгол Улс хэдэн хувь эзэмших вэ?

Уншигч та доорхи холбоосоор Оюу Толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг бүрэн эхээр нь татан авч, мэлмийдээ тунгаана уу.

Монгол эх татах

Англи эх татах

Оюу Толгой орд газар бол Монгол улсын түүхэн дэх хамгийн том уул уурхайн төсөл. Тийм ч учраас Улсын Их Хурал Монголын ард түмэн эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, Оюу Толгойд хувь эзэмших ёстой гэсэн зарчимд үндэслэн тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч Оюу Толгой ХХК-д төрийн эзэмшлийн доод хэмжээ 34 хувь байна хэмээн шийдвэрлэж, Засгийн Газарт хөрөнгө оруулагчтай гэрээ хийх эрх олгосон билээ.

Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хэлэлцээрээр Оюу Толгой ордын ашиглалтыг хоёр тусдаа гэрээгээр зохицуулсан байна. Хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг хангах зорилго бүхий “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нээс гадна “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” буюу Монгол Улсын Засгийн Газар болон Айвенхоу майнз компанийн хоорондох Оюу Толгой төсөлд эзэмших хувь болон орлого ашиг хуваарилах гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээ нь өнөөг хүртэл учир битүүлгээр “нууц” ангилалд багтаж, олон нийтэд нээлттэй болоогүй нь хачирхалтай.

Хувь нийлүүлэгчдийн гэрээнд маш ноцтой заалт багтсан нь Оюу Толгой ХХК-ийн давуу эрхийн хувьцаатай холбоотой заалт юм. Монголын тал Оюу Толгой ХХК-ийн зөвхөн ЭНГИЙН хувьцааны 34 хувийг эзэмших эрхтэй ба тус компани давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд Монголын тал түүнийг худалдаж авах ЭРХГҮЙ гэжээ. Айвенхоу майнз компани давуу эрхийн хувьцаа гаргах шийдвэрийг бие даан гаргах эрхтэй төдийгүй энэ асуудалд Монгол Улсын Засгийн Газар мөн оролцох эрхгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Оюу Толгой ХХК Айвенхоу майнз компанийн шийдвэрээр давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд Монголын талын эзэмшлийн хувь хэмжээ үлэмж буурах юм.

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 33.2 зүйлд, “компанийн хувьцаа нь энгийн ба давуу эрхийн хэлбэртэй байна” хэмээн заасан байдаг. Хувь нийлүүлэгчид өөрсдийн эзэмшлийн хувьцаагаар дамжуулан компанийн үйл ажиллагааг хянах, ноогдол ашиг хүртэх эрхээ эдэлдэг. Тэгвэл “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-ний холбогдох заалтууд Оюу Толгой ХХК-ийн давуу эрхийн хувьцаа гаргах эрхийг зөвхөн Айванхоу Майнз компанид олгосон нь Монгол улсын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа юм.

Оюу Толгой ХХК нь 2010-2011 оны бүх хөрөнгө оруулалтыг давуу эрхийн хувьцаа гаргах замаар санхүүжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Орд газрыг ашиглалтад өгөхөд шаардагдах 4 орчим тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтыг босгох үүднээс тус компани ийнхүү давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд Монголын талын хувь эзэмшил яаж өөрчлөгдөхийг доорх зургаас харна уу.

1) Давуу эрхийн хувьцаа гаргахын өмнө буюу одоо Монголын тал компаний 34 хувийг эзэмшиж байна. Компанийн хөрөнгө 1 тэрбум ам. доллар.

2) Давуу эрхийн хувьцаа гаргасны дараа компаний хэмжээ 5 тэрбум ам. долларт хүрч, өмнө нь компанийн хөрөнгийн 100 хувийг бүрдүүлж байсан энгийн хувьцааны нийт хөрөнгөд эзлэх хувийн жин 20 хувь болон буурна.

3) Давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд компанийн энгийн хувьцааны 34 хувийг эзэмшигч Монголын тал давуу эрхийн хувьцаа эзэмших эрхгүй тул Монголын талын “Оюу Толгой” ХХК-ийн эзэмшлийн хувь хэмжээ 6,8 хувь болж буурна.

Айвенхоу Майнз компани Оюу Толгой ХХК-ийн давуу эрхийн хувьцаа гаргах замаар мөнгө босгох ажлыг аль хэдийн эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монголын талын хувь эзэмшил буурч, Монголын ард түмний хүртэх ноогдол ашгийн төлбөр багасч эхэлсэн.

Оюу Толгой ордыг ашиглах гэрээ батлагдснаас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Тус орд газар эргэлтэд орсноор Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ өвлүүлэн үлдээсэн байгалийн баялгаас ашиг хүртэж, мянга мянган залуус өндөр цалинтай ажил хөдөлмөр эрхлэн эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, үндэсний компаниуд Оюу Толгойд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх замаар төслийн багтай хамтран ажиллаж, чадавхиа бэхжүүлнэ гэдэгт итгэж, энэхүү итгэл үнэмшил талаар өнгөрөхгүй гэдэгт найдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих