ЗАХИАЛАГЧ нь хэн юм бэ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа “илэрлээ”. Таван өдөр үргэлжилсэн шүүх хурал өндөрлөж, шүүгчид Монгол Улсын нэрийн өмнөөс тогтоолоо уншлаа. Тус тогтоолоор хоёр залууд 25 жилийн, нэг бүсгүйд 24 жилийн ял оноож, алх тогшив.

632iune3ckr8mb5jjhk1v3qbp1

Гэрэл зургийг MPA.MN

Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа гаргаж ирсэн хэрэгтнүүд нь Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар байв. Орхон аймгийн харьяат гэхээс өөр гоц гойд тодотголгүй. С.Зоригтой дүйх зүйл юу ч байхгүй. Ямартай ч хүн нь байвал хэрэг нь олддог юм байна.

Хэрэг нь бас хэрэгтэн нь байгаа учраас шүүх хурал ч болов, таван өдөр үргэлжлэв. Шүүхээс Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийн амь насыг бусадтай бүлэглэж хулгайн сэдэлтээр, ЗАХИАЛГААР, онц харгис хэрцгий аргаар санаатай  хөнөөсөн хэмээн үзэв. Хөдөөний хоёр иргэн, насанд хүрээгүй нэг хүүхэдтэй хамтран Монголын нэр төртэй улстөрчийг хөнөөжээ. Тэгвэл С.Зоригийг алах захиалгыг тэдэнд хэн өгөв? Шүүхийн хэлээд буй тэр захиалагч нь хэн бэ?

Шүүх тэднийг хүний амь насыг захиалгаар, санаатайгаар хөнөөсөн хэмээн тодотгосон учраас ийм асуулт зайлшгүй урган гарч, олон нийт ч үнэнийг нэхэж байна. Шүүх уг хэргийг захиалагчтай гэдгийг нь мэдэж, тунгааж. Харин яагаад зарласангүй вэ? Монголын шүүх 18 жилийн дараа хэрэгтэнг шүүж, ялын дээд хэмжээ оноож чадлаа. Харин хүн алах захиалга өгсөн жинхэнэ хэрэгтэнг яагаад нууцлав. “Захиалагч” хэмээн нэрлэсэн тэр хүн нь жинхэнэ хэрэгтэн үү, хэлмэгдэгч үү гэдэг мөн л асуулт. Үхсэн хүн үг хэлдэггүй хэмээн хэдэн арван жилийн өмнө нас барсан хэн нэгэнд “захиалагч” нэр тохсон уу. Амьд сэрүүн нэгэн бол “захиалагч” хэмээн хардагдсан уу, тогтоогдсон уу гэхчлэнгээр хариултаа нэхсэн асуулт шүүхийн шийдвэртээ зэрэгцэн урган гарав.

Улсын нууц яригдана хэмээн хаалганы цаана өрнөсөн шүүх хурал, шүүгчид шударга ажилласан эсэхэд олон нийт эргэлзэж байна.  “Захиалагч” гэх хуудуутай зүйлээс үүдэж, шүүхийг, шүүгчдийг хэн нэгний талд ажилласан гэх хардлага ч хөвөрч эхэллээ.

Шүүх хэрэгтэнг, захиалагчтай нь хамт шүүж, олон нийтэд зарласан бол илүү ШУДАРГА, зүй ёсны харагдах байсан биз.

В.Бат 

shuud.mn


URL:

Нэр: ШИНЭ ОН Огноо: 27 December 2016

МАН НАМ

Сэтгэгдэл бичих