Ш.Гунгаадорж: ОУВС-гаас 2-3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авах шаардлагатай

6360

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын Гунгаадорж гуайтай ярилцлаа.

-Улсын эдийн засаг хүнд байна. Энэ хүндрэлээс хэрхэн гарах боломж бололцоо байгаа талаар эдийн засагч хүний хувьд та санаа оноо хэлэх болов уу?

-Эдийн засаг хүндэрсэн нь олон янзын шалтгаантай. Бид уул уурхайн салбарыг шүтэж амьдарч ирлээ. Манай нэг дутагдал нь уул уурхайгаас хэт хамааралтай явж ирсэн байна. Ганцхан уул уурхайгаас хамааралтай явж ирэх нь болдоггүй юм байна гэдэг нь өнгөрсөн жилүүд харууллаа. Хоёр толгойн асуудлыг хэчнээн ч жил ярив. Ярьсаар байгаад хоёр Засгийн газрын нүүр үзлээ шүү дээ. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхад нэлээд их мөнгө орж ирж байсан. Тэрийгээ зөв зүйлд зарцуулж чадсангүй нь бидний алдаа. Дараагаар нь зах зээл дээр түүхий эдийн үнэ буураад ирэхээр эдийн засаг маань хямарч байна. Эдийн засгаа солонгоруулна гэж яриад байдаг. Уул уурхайгаас өмнө Монгол Улсын эдийн засгийг авч явж байсан уугуул салбараа хөгжүүлэх ёстой. Тухайлбал хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар байна. Бид уул уурхайгаа ашиглаж эхлэхээс өмнө хөдөө аж ахуйн салбараараа дотоод гадаадынхаа хэрэгцээг хангаж ирсэн. Тэгэхээр уул уурхайн дараа орох хөдөө аж ахуйн салбараа авч явах хэрэг байна. Үүний тулд малаа эрүүлжүүлэх гээд ажил их байна л даа.

УИХ, Засгийн газраас эдийн засгийн хүндрэлээс гарах, сайжруулах асуудлаар бодлого хөтөлбөр гаргаж байна. Цаасан дээр байгаа зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэх шаардлага байна. Их хэмжээний хувь, хувьсгалын өр бий. Гэхдээ хувь, хувьсгалын ч бай бүгд Монгол Улсын өр болж байна. Өртэй хүн өөдөлдөггүй гэж ярьдаг. Засгийн газрын өр, хувийн компанийн өр байсан ч төлөх ёстой. Бид үүнээс яаж гарах нь гол асуудал болоод байна. Хоёр сарын дараа нөгөө алдартай Чингис, Самуурай бондын зээлийг хүүг төлж эхлэнэ.

-Тийм. Ирэх гуравдугаар сараас төлж эхлэх ёстой?

- Түүнийг яаж төлөх вэ гэдэг асуудал байна. Төсөв алдагдалтай батлагдсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувьтай тэнцэж байна. Тэгэхээр өрөө төлөхийн тулд яах вэ гэдэг олон янзын аргыг Засгийн газар хайж байгаа. Дотоодын нөөцөө дайчлаад энэ өрийг дарна гэж байхгүй байна. Дотоодын нөөцөө дайчлах шаардлагатай нь мэдээж юм. Гэхдээ дотоодын нөөцөөрөө өрөө дарж чадахгүй. Тиймээс Олон улсын валютын санд хандаж зээл авахаас өөр аргагүй. ОУВС бол Дэлхийн 200 гаруй байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага. Эдийн засаг нь хүндэрсэн улс орнууд тогтворжуулах, сайжруулахад зээл тусламж олгоход ажилладаг байгууллага юм.

Манай улс энэ оны 9, 10-аас зээл тусламж авах чиглэлд ярьж байгаа. Одоогоор ямар нэгэн шийдгүй байна. Нэг гарц бол энэ байна. Гэхдээ зээл авлаа гээд Монголын өрийг дарах хэмжээний зээл авч чадахгүй. Монгол Улс өмнө нь ОУВС-нд хандаж, зээл авч байсан. Өнөөдөр Засгийн газар гаднаас мөнгө хайх, мөн дотоодын нөөц бололцоогоо дайчлах гэсэн хоёр зүйл дээр л төвлөрч байна л даа.

- Дампуурал зарлах хэмжээнд хүрчих вий гэсэн айдас, болгоомжлол байна.  Гайгүй биз дээ?

-Грек улс нэг дампуурал зарлаад эргээд нэг гайгүй  тогтож байна. Манай улс энэ дампуурал зарлах хэмжээнд хүргэхгүй л эдийн засгаа авч үлдэх шаардлагатай байна. Манай улс өөрийнхөө нөөц бололцоог дайчлавал байгалийн баялагтай, мал аж ахуй гээд асар их баялаг байна. Дотоод нөөцөө ашиглахаас гадна гаднаас зээл тусламж авах боломж бий. Дэлхийн банк, ОУВС-аас урт хугацаатай, бага хүүтэй зээл авах хэрэгтэй. Өмнө нь авсан энэ зээл чинь 5 – 10 хувийн хүүтэй байсан. Тэгэхээр гарц юу вэ гэхээр бид 2-оос доош, эсвэл 3-аас доош маш бага хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч өмнөх өрөө дарах, дараа нь энэ зээлээ барагдуулах арга байх шиг байна. Үүнийг ч хайж УИХ-ын дарга ОХУ-д очлоо. Кувейт болон Арабын орнуудаар явлаа. Тодорхой үр дүн юу гарсныг мэдэхгүй. Кувейт улсын хувьд тусламж үзүүлье гэсэн байна лээ. Ер нь ОУВС-тай зайлшгүй хамтарч ажиллах шаардлага байна. Гэхдээ энэ их өрийг дарах хэмжээний зээлийг ОУВС өгөхгүй. Тиймээс үүний хажуугаар бага хүүтэй зээл авч болох юм.

- ОУВС-аас хөнгөлттэй нөхцөлөөр зээл авах боломж манай улсад бий юу?

- ОУВС-аас зээл авахад санхүүгийн хатуу шаардлага тавьдаг. Манай улс өнгөрсөн жилүүдэд санхүүгийн сахилга батгүй явж ирсэн байна. Хоёр, гурван төсөвтэй явж ирсэн. Үүнийг харин сая журамлаж нэгдсэн нэг төсөвтэй болголоо. Энэ бол маш сайн үзүүлэлт болно. Үүнийг ОУВС сайнаар харж, зээл олгоход нэг зөв үзүүлэлт болж байгаа нь ойлгомжтой юм.

- Дотоод нөөц бололцоогоо ашиглах ёстой гэж байна. Экспортоо нэмэгдүүлэх нь эдийн засгийн хямралаас гарах нэг гарц болов уу?

-Би нэг судалгаа хийсэн. Манай улс одоо 60 сая малтай болсон ч  1990 оноос өмнө 25 сая малтай байхдаа гаргаж байсан арьс шир түүхий эдийн хэмжээнээс гурав дахин бага байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн боловсруулах, гадаадад экспортлох ажил явахгүй байна. Мөн гадагшаа түүхий эдээ гаргахын тулд түүнээс өмнө малаа эрүүлжүүлэх шаардлага бий. ХАА-н салбараа хөгжүүлж, вальют болгож ард түмнээ улс орноо баяжуулах цаг нь болсон.

- Саяхан газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Үүнийг зээлээр санхүүжүүлнэ. Энэ бол үр дүнгээ өгөх, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой юм?

 

-Намайг сурагч байхад Дорноговь аймгийн Зүүнбаянд нефть гарлаа гэх мэдээ анх сонсогдож байсан. Тэр үеэс Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болж, дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой гэж үзсэн учраас Москва хотод байдаг Менделеевийн химийн институдид анхны мэргэжилтэнүүдийг бэлтгэсэн байдаг. Ингээд хэдэн жилийн дараа тэр үеийн Зөвлөлт холбоот улстай хамтраад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулсан. Энэ үйлдвэр 10-аад жил үйл ажиллагаа явуулсан даа. Сүүлдээ технологийн шаардлага хангахгүй боллоо гэсэн шалтгаанаар хаагдсан. Үйлдвэр хаагдсан асуудлыг янз бүрээр л тайлбарладаг. Одоо үүнийг сэргээж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Хойд хөршөөс шатахуунаа ихэнхийг нь авч байна. Ганц орноос хараат явж ирлээ. Үнэхээр нефть боловсруулах үйлдвэртэй болчих юм бол маш том боломж юм. Урьд нь яагаад бид нефтийн үйлдвэр барьж болохгүй байсан юм бэ гэхээр хөрөнгө мөнгөгүйдээ л болоод байсан. Биеэ дагаад хөрөнгө гаргаад нефть боловсруулах үйлдвэр байгуулах боломжгүй байна. Тиймээс аль нэг орноос зээл хүсэхээс өөр аргагүй. Өөрийнхөө гарч байгаа газрын тосоороо шатахуун боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг маш чухал ач холбогдолтой юм. Эдийн засгийн талаасаа гадна, улс төр, улсын аюулгүй байдлын талаасаа өндөр ач холбогдолтой. Хийж хэрэгжүүлэхэд нэлээн төвөгтэй. Гэхдээ бүтээсэй гэсэн чин хүсэлтэй байгаа.

-Далай лам Монгол Улсад айлчиллаа. Тус айлчлал нь Монгол, Хятад хоёр улсын дипломат харилцаанд сөрөг нөлөө үзүүллээ. Та үүнийг хэрхэн харж байна вэ?  

-Харамсалтай. Монгол Улсын хувьд шашин шүтэх, эсэх шүтэх  эрхтэй. Үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн шүү дээ. Үүнийг хязгаарлах эрх бидэнд байхгүй. Гэхдээ Далай лам айлчилсан явдал нь Монгол Улсын хувьд тоогүй асуудал боллоо. Далай лам Монгол Улсад айлчлахад Хятад улс дургүйцэх нь ойлгомжтой. Үүнийг бид мэдэж байгаа. Тиймээс санхүү эдийн засаг хүнд байгаа өнөө үед Далай ламыг Монголд айлчлуулах нь хэр оновтой вэ гэдгийг бодолцох хэрэгтэй байсан. Манайхан ч үүнийг мэдэж байсан байх. Тэр байтугай Далай лам ч өөрөө их ухаантай хүн хоёр орны харилцаанд сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэж байсан байж таараа. Ядар ч байгаа манай улсад таагүй л үйл явдал боллоо. Далай ламыг бол би хүндэтгэдэг. Гэвч Далай ламыг Монголд авчрах цаг үе нь зөв байв уу гэдгийг бодох хэрэгтэй байжээ гэдэг нь ойлгогдож байна.

-Харилцаагаа эргэн сэргээх боломж байгаа байх. Уучлал хүртэл гуйлаа шүү дээ?

- Энэ үйл явдал нь Хятад, Монголын харилцаанд удаан нөлөөлөхгүй, түр зуурын асуудал байх гэж бодож байна. “Монгол Улс тусгаар улс шүү дээ, юундаа уучлал гуйдаг юм бэ” гэж хэлэхэд амархан. Бодоход амархан. Гэвч төр засгийн эрхийг барьж байгаа хүмүүсийн хувьд тэгж хэлэхэд бас хэзүү. Монгол Улсын эрх ашиг гэж байна. Жижиг улсын зовлон гэж бас бий. Хэдий тусгаар тогтносон орон ч гэсэн бидэнд зовлон их байна шүү дээ. Шууд уучлал гуйх нь хаашаа юм. Дипломат байдлаар тунгийг нь тааруулж, улс төрийн хувьд их ухаалаг байдлаар харилцах хэрэгтэй. Засгийн газар Далай лам айлчлах асуудлыг зохицуулж болох л байсан байх. Эцийн эцэст виз л өгөх асуудал шүү дээ.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхлээд байна. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн харж байна вэ?  

-Үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт хийх цаг болсон. Би үндсэн хууль батлалцсан хүний нэг. Манай Үндсэн хууль муу үндсэн хууль биш. Ерөнхий утгаараа сайн Үндсэн хууль. Гэхдээ батлаад 20 гаруй жил өнгөрлөө. Амьдрал баян юм болохоор эргээд харахаар төр засгийн бүтэц, улс төрийн байдлыг харахаар энэ нь хэдэн хүний ааш араншингаас болоод байгаа юм биш. Ер нь төрийн тогтолцооноос хамаарч буй зүйл харагдаад байна. Үүнийг ч хүмүүс хэлж байгаа. Миний бодоход парламентын засаглалтай орны хувьд сонгодог тогтолцоо руу бүрэн орох хэрэгтэй.

Парламентын хоёр танхимтай байх уу, нэг танхимтай байх уу. Миний бодлоор хоёр танхимтай байх нь зөв. Дээд танхим нь бүх ард түмнээсээ, орон нутаг, баг сум хорооноос сонгогддог байх. Бага хурлаа хянадаг байвал зүгээр юм. Харин Засгийн газарт эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Ерөнхий сайд нь бүх сайдуудаа томилдог эрх мэдэлтэй байвал зүгээр юм. УИХ нь Ерөнхий сайдаа л томилдог байвал зүгээр гэж би харж байгаа. Өмнө нь энэ талаар ч би ярьж ирсэн.

Т.Амараа

http://news.zindaa.mn/1wv0


URL:

Нэр: z Огноо: 3 January 2017

ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН ЧИНЬ АНХ ТӨМӨР ЗАМД АМЬДАРЧ БАЙСАН ЮМ БАЙНА ТЭГЭЭД БАЙРАА ЗАРААД НҮҮЖ ОЧСОН ГАЗАР БОЛГОНДОО ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ ОРОЛДДОГ БУЗАР БУЛАЙ НӨХӨР БАЙДАГ ГЭНЭЭ

Сэтгэгдэл бичих