АН-ын батлах өвөртөлсөн 180 мянган гишүүний 5 мянга нь л шинэчилсэн бүртгэлд хамрагджээ

221461-768x512АН-ын батлах өвөртөлсөн 180 мянган гишүүн байдаг гэдэг. Гэвч энэ сарын 8-наас эхэлсэн намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлжүүлэлтэд гишүүд нь тун хойрго хандаж байгаа аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол 5 мянган хүн л бүртгэлд хамрагджээ. Гэтэл шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-н гэхэд дуусах ёстой байдаг. Үлдсэн хэдхэн хоногт үсрээд л 5 мянган хүн нэмж бүртгүүлвэл их юм гэж хэлэгсэд ч байна. Тэгээд ч АН-ын одоогийн удирдлагууд нэлээд сандарч эхэлжээ. Гишүүд нь бүртгэлээ баталгаажуулахгүй хойрго байгааг цас зудтай холбож ярьж байна. За мөн  зөвхөн намын батлахтай гишүүдээ шинэчилсэн бүртгэлд хамруулна гэсэн нь буруу юм боллоо гэж ухаарлын аяз эгшиглүүлж байна.

Намын батлахаа гээгдүүлсэн болон АН-д шинээр элсэх хүмүүсийг  намын даргын сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй бүртгэхээр болж байгааг тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдэгдээд байгаа. Ер нь бол ингэлээ гээд үлдсэн хэдэн өдрийн дотор бүртгэлээ шинэчлэх хүмүүсийн тоо төдийлөн нэмэгдэхгүй л болов уу. Болохгүй бол 180 мянга биш 5 мянган гишүүнийхээ дунд намын даргынхаа сонгуулийг явуулж л таардаг байх даа.

Нөгөө дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг үг АН-д нэлээд хамаатай дуулдаж байна л даа. Учир нь сонгуулиас хойш шинэчлэл ярьсан хэрнээ Үндэсний Зөвлөлдөх Хороо хуралдах болоход өмнөх төр засгийг залуурдаж байсан  З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ирэхгүй л байгаад байсан.  Удирдлагуудынхаа ийм хариуцлагагүй, нүүргүй байдлыг өнөөх батлах өвөртөлсөн гишүүд нь хараад ой нь гутаад сууж байсан биз.

Одоо тэгээд намд шинээр элссэн хүн шууд саналын эрхтэй гишүүн болох боломж гараад ирэхээр таван нэр дэвшигчийн дунд  өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлэх кампанит ажил өрнөж болох. Тэгвэл Л.Эрхэмбаяр дарга энэ тал дээр тайлбар хэлэхдээ  “-Намд зохиомол гишүүд үүсэх вий гэдгийг ярилцсан. Гэхдээ АН шинэчлэгдэхдээ нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс АН-д элсэх сонирхолтой бүх хүнд нээлттэй байх нь зүйтэй гэж үзсэн. Намын даргад өрсөлдөж байгаа хүмүүс ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.” гэжээ. Тэгэхээр зохиомлоор ч бай хамаагүй гишүүдээ нэмэх нь л АН-д чухал байгаа аж.

 

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих