Р.Жавзмаа: Миний хүү С.Зоригийг алаагүй

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал энэ сарын 21-нд эхэлсэн. Шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, шүүгч нар өнөөдөр шийдвэрээ танилцууллаа.  Шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар яллаж, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноолоо.

Шүүх хурлын дараагаар хэрэгтнүүдийн ар гэрийнхэн хэвлэлд ярилцлага өгчээ.

Р.Жавзмаа: Шүүх шударга байсангүй

7lj64j10ioiejvshsmnbuvcm9vХэрэгтэн Б.Содномдаржаагийн ээж  Р.Жавзмаа “Тагнуул, прокурор, шүүх аль аль нь хэзээ ч шударга байсангүй. Би хүүгээ ийм хэрэгт орооцолдчих нь гэж бодоогүй. Миний хүү С.Зоригийг алаагүй. Нэг хүний амаар л шүүх шийдвэр гаргачихлаа шүү дээ. Улстөрийн хэргийг энгийн номхон ардад тохох ямар хэрэгтэй юм бэ.

Ард түмэн минь  надад дэмжлэг үзүүлээч. Хэрэг хийгээгүй хүү минь 25 жилийн ял үүрүүлчихээд байхад би юу бодож амьд явах юм бэ. Би жил 5 сарын хугацаанд сэтгэлээрээ зовлоо. Миний хүүг тамлалаа. Дахиад юу хүсээд байгаа юм бэ. Намайг шүүх хуралд ерөөсөө оруулаагүй. Хаалттай гээд нэг ч үг хэлүүлээгүй.  Ингэж шүүнэ гэж огт болоогүй. 1937 оны хэлмэгдэлтээс ч дор байна.

Би давж заалдана. Заалдах байтугай хүний эрхийн байгууллагад хандаж хөлөө хүрэх газраа хөөцөлдөнө. Шүүх, прокурорынхон үгсэн хуйвалдаж ийм зүйл хийснийг бид мэдэж байна. Гэхдээ би хуулийн хүн биш болохоор хэцүү байна” хэмээв.

Т.Хүрэлбат: Гомдолтой байгаа учраа давж заалдана

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “Шоронгийн хулгайчын үгээр энгийн ардаа шийтгэдэг улс байдаг юм уу. Үнэхээр 25 жилийн ял оноож байгаа бол яагаад гэдгээ тайлбарла. Шүүгч захиалгач гэж олон удаа давтаж хэллээ. Тэгвэл захиалагч нь хаана байгаа юм бэ. Монголын ард түмэн бүгд мэднэ. Ганцхан амьд гэрч бий. Түүнийг оролцуулдаггүй шүүх хурал гэж байдаг юм уу. Би шүүгчид итгэж байсан.  Гомдолтой байна. Тиймээс давж заалдана. Үүний төлөө тэмцэнэ” хэмээлээ.

 Хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 23 жилийг гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.

Г.Тэгшсүрэн

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих