ААН-ийн орлогын албан татварыг 1% болгох хуулийг ЭГҮҮЛЭН ТАТАХ саналаасаа ЗГ татгалзлаа
- Засгийн газрын өнөөдрийн /2016.12.26/ ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэр -
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгоно
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Эдгээр арга хэмжээнд нийтдээ жилд 72.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусгажээ.
Монгол Улсад нийт хүүхэдтэй 531,1 мянган өрх байгаагийн 16 орчим хувийг өрх толгойлсон ганц бие эх /эцэг/-тэй өрх эзэлдэг байна.
Зарим салбарын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас эгүүлэн татах саналаасаа Засгийн газар татгалзлаа. Ингэснээр УИХ уг хуулийн төслийг Засгийн газраас анх өргөн барьсан төслөөр нь дахин хэлэлцэхээр болж байгаа юм. Төсөлд, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй:
- хүнсний үйлдвэрлэл,
- хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл,
- барилгын материалын үйлдвэрлэл,
- газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар тусгалаа.
Уг хуулийг баталснаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд татварын дарамт буурах, эдгээр салбарт хөдөлмөр эрхлэлт болон ажлын байр нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. Уг хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр Засгийн газраас боловсруулсан төсөлд тусгажээ.
Зарим халдварт өвчний вакцины зардлыг малчин өөрөө төлдөг болно
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, түүнтэй нийцүүлэн холбогдох зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Төсөлд, одоо мөрдөж байгаа хүчин төгөлдөр хуульд зохицуулалтгүй байгаа асуудлуудыг шинээр тусгах, мөн бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнийг улсын төсвөөс санхүүжүүлж байсныг өөрчилж, зарим халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнэ, үйлчилгээний хөлсийг орон нутгийн төсвөөс болон мал, амьтны эзнээс гаргах зэрэг харилцааг шинэчлэн зохицуулжээ.
Товч мэдээ:
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Зарим аймагт өвөлжилт хүндэрч, орон нутгаас тавьсан хүсэлт, тэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын нөөц сангаас нийт 500 сая төгрөг хүртэлх хөрөнгө хуваарилж санхүүжүүлэхийг Сангийн сайдад зөвшөөрлөө.
- Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн саналыг хуулийн төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: