Хоёр доллараас ХЯМД АМЬ!!!!!

gashuunsuhait (3)_700Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилбах үеэр “Гашуунсухайт боомтоор нүүрс болон зэсийн баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг мартсан байна” гэж холбогдох албаныхныг шүүмжилж, үүрэг даалгавар өгсөн. Гашуунсухайтын боомт хүн амьдрахын аргагүй орчинтой нь ч үнэн. Тус боомтод хил хамгаалах, гааль, хорио цээрийн хяналт, гадаадын иргэн харъяатын чиглэлийн 130 гаруй хүн долоо хоногийн зургаанд нь өдөр шөнөгүй ажилладаг. Тэдэнд үйлчлэх нэг ч эмч, хэв журам сахиулах нэг ч цагдаа тэнд байдаггүйн дээр ундны усаа 22 км-ийн цаанаас Цагаан хадны боомтоос зөөж, цахилгаанаа хилийн цаанаас авч, халаалтгүй байшинд амьдардаг гээд орчин нөхцөл үнэхээр хүнд.

Дээр нь хүнд даацын том оврын машинууд зогсоо чөлөөгүй холхиостой, дуу чимээнд нь тайван амрах ч нөхцөлгүй.

ЗАГАСЧНЫ МОРЬ УСГҮЙ БУЮУ ТАВАНТОЛГОЙ ЗАМ ТАМ БОЛЖЭЭ

Хилийн боомт ийм, амьдрах орчингүй байлаа гэхэд боомт хүртэлх тээврийн зам нь амьд ирэх баталгаагүй болтлоо эвдрэл гэмтэлд орсон нь ядрахад яр болж буй. Үүнээс нь болж сүүлийн үед уг замаар нүүрсний тээвэр хийж улсдаа орлого нэмж, өөртөө өрхийн амьдралаа өөд нь татах гэсэн гэгээн мөрөөдөлтэйгөөр өмнийн говьд ирсэн залуус авто ослоор нас барсан харамсалтай мэдээ үе, үе дуулдах боллоо. Энэ жил гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дээр дөрвөн хүн нас баржээ. Ослын шалтгаан бүгдээрээ адилхан, тээврийн компаниудын замбараагүй үйлдлээс үүдэлтэй. Тухайлбал, нүүрс тээвэрлэж хил дээр хүргэчихээд буцах замдаа эвдрээд зогсож байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж, жолоочийн амь нас эрсэджээ. Дөрвөн алтан амь цаг бусаар эрсдэхэд зам буруутай юу, замаа замаар нь байлгаж чадахгүй там болгосон тээврийн компаниуд буруутай юу. Мэдээж, тээврийн компаниудын буруу.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто зам бол төмөр замгүй манай улсын хувьд стратегийн ач холбогдолтой, экспортын гол зам. Энэ зам бол нүүрс болон зэсийн баяжмалын тээврээр Монгол Улсыг экспорттой, тээврийн компаниудыг бизнестэй, тээвэр хийдэг жолооч нарын гэр бүлийг орлоготой байлгах гол эх үүсвэр. Түүнээс бус, паркын галзуу хулганы, эсвэл экстрим спортын зам биш шүү дээ. Тэр замаар амьдралаа авч явах гэсэн хүмүүс тээвэр хийдэг болохоос зугаа цэнгэл хөөж азаа сорих гэсэн нь тээвэр хийдэггүй. Дөрвөн хүний алтан амь хангалттай, цөөхөн монголчууд бидэнд дэндүү үнэ цэнтэй төлөөс. Тийм учраас энэ замаар тээвэр хийдэг компаниудын захирлуудын “мөнгө л олж байвал жолоочийн амь үнэгүй” гэдэгт Монголын ард түмэн, Монголын төр анхаарлаа хандуулах цаг болжээ.

Нийт 60 гаруй тээвэрлэгч компанийн 5000 орчим тээврийн хэрэгсэл, ид ачааллын үед өдөрт дунджаар 100 тонны даацтай 1200 гаруй хүнд оврын автомашин тээвэрлэлт хийдэг энэ чиглэлийн замыг анх 2011 онд “Энержи ресурс” компани өөрийн хөрөнгөөрөө барьж ашиглалтад оруулжээ. Харин 2013 онд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр уг чиглэлийн авто замыг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани 118 сая доллараар “Энержи ресурс” компаниас худалдан авсан. Ингэхдээ “Эрдэнэс Монгол” компани 100 саяыг нь бэлнээр, үлдсэн 18 сая ам. долларыг замын төлбөрөөс шилжүүлэх гэрээгээр төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан байна. Уг замаар нүүрс тээвэрлэгч компаниуд тонн тутамд нэг ам.долларын зам ашиглалтын хураамж төлдөг байв. Зам ашиглалтын хураамжаас олсон энэ орлого нь замын арчлалт, засвар, шалган нэвтрүүлэх үйлчилгээний зардлыг нөхөх хэмжээнд хүрэлцэхгүй, зам засварын ажлаа цагт нь хийж чадахгүй байгаагаас тээвэрлэгч компаниудын эмх замбараагүй байдал үүсч, ид ачааллын үед 30-40 км-ийн урт дараалал үүсч, осол аваар ихээр гарах болсон байна. Энэ жил гэхэд уг замд 5.6 тэрбум төгрөгийн зам засварын ажил хийсэн ч засвар хийгдээгүй бусад хэсэгт эвдрэл гэмтэл үүсчээ. “Гашуунсухайтын авто зам” компанийн хувьд зам ашиглалтын хураамжийн төлбөрөөс менежментийн зардал, замын ашиглалт, засварын зардал, Хөгжлийн банкны зээлийн үндсэн хүү болон зээлийн эргэн төлөлтөд зарцуулдаг бөгөөд ихэнхдээ алдагдалтай ажилладаг байна.

2013 онд тус замыг улс худалдан авч, “Эрдэнэс-Монгол” ХХК-д шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарах үед Тавантолгойн районд үйл ажиллагаа явуулж буй уурхай төлөөлөлтэй харилцан ярилцсаны үндсэн дээр зам ашигласны төлбөрийг тонн тутамд 1.5 ам. доллар байхаар тохиролцсон юм билээ. Одоогийн ханшаар бол 4000 орчим төгрөг. Гэтэл 2015 онд тээвэрлэгч компаниудын шахалтаар тухайн үеийн удирдлагууд зам ашигласны төлбөрийг бууруулж нэг ам.доллар болгожээ. Хамгийн сүүлд 2016 оны наймдугаар сард “Эрдэнэс-Монгол” компанийн захирлын тушаалаар нэг тонн нүүрс тээвэрлэх замын хураамжийг 2000 төгрөг байхаар шийдвэрлэжээ. Нэг доллар ч хүрэхгүй өртөг.

Гэтэл өнөөдөр зам ашигласны төлбөр нь зам арчлахад хаанаа ч хүрэхгүй байгаа нь энэ замаар “мөнгө хийдэг” тээврийн компаниудын хувьд “загасчны морь усгүй”-тэй адил болжээ. Зардлаа нөхөж чадахгүй байхад замын арчлалт, засварыг графикт хугацаанд нь хийнэ гэдэг бүр лөөлөө. Авто зам ашиглалтын хууль, журмын дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг ашиглалтад оруулснаас хойш дөрвөн жилийн дараа ээлжит их засварыг 2015 онд хийх ёстой байсан ч хөрөнгө мөнгөний дутагдлаас болж хийж чадаагүй байна. Мөн 2019 онд тус чиглэлийн зам их засварын ажил хийх хуваарьтай бөгөөд ойролцоогоор 130 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл өнөөдөр өмнөх зам засварын ажил хоцрогдолтой явна.

Уг нь тус чиглэлийн замыг “Энержи ресурс”-ийн мэдэлд байхад тонн нүүрсийг 4.2 ам. доллараар тээвэрлэж байсан юм билээ. Өнөөдрийн ханшаар 12 мянга орчим төгрөг. Гэтэл төр мэдэлдээ авахаар замын хураамжийг бараг дөрөв дахин бууруулж, ердөө 2000 төгрөг болгожээ. Хувийн хэвшлийнх үнэтэй, төрийнх үнэгүй гэсэн дүрэм байхгүй. Хувийнхан тонныг нь 12 мянган төгрөгөөр тээвэрлэж болдог, харин төрийнхөн хоёр мянгаас илүү өртгөөр тээвэрлзж болохгүй гэх нь арай л харьцангуй. Хэрвээ төр уг замаар хийх тээврийн ашгийг ч, аюулгүй байдлыг ч хариуцах ёстой нь үнэн л юм бол замынхаа эзэн шиг загнаж, засвар, арчлалтын төлбөрийг хангалттай хэмжээнд авах л ёстой. Урьдын жишгээр, “Энержи ресурс”-т байх үеийнх шиг 12 мянган төгрөгт хүргэдэггүй юмаа гэхэд Засгийн газрын 2013 оны шийдвэрэз дагаж замын ашиглалтын хураамжаа 1.5 ам.доллар болгох боломжтой. Тээврийн компаниуд үүнийг эс зөвшөөрвөл эргээд шороон замаар нүүрсээ тээвэрлэнэ, одоо байгаагаас илүү асуудал үүсгэнэ, авто замаар тээвэрлэснээс бага хэмжээний нүүрсний экспорт хийх, тэр хэмжээгээр бизнесийн ашиг буурах нь гарцаагүй. Шороон замаар тээвэр хийх үед орлого гурав дахин буурна, алдагдал хоёр дахин нэмэгдэнэ. Энэ байдлыг хүсээгүй, хуучнаа санагалзаагүй, илүү их ашиг олъё л гэж байгаа бол тэдгээр компаниуд нүүрсээ тамаар биш, замаар тээвэрлэх ёстой. Яагаад гэвэл хариуцлагатай уул уурхай гэдэгт аюулгүй тээвэр, асуудалгүй зам ч багтдаг юм. Үүний тулд Тавантолгойн нүүрсний өгөөжийг шууд хүртэж байгаа компаниуд энэ замын, энэ чиглэлийн тээврийн аюулгүй байдлыг хариуцах ёстой. Илүү ашиг олъё, эргэлт хурдантай больё, эрсдэлгүй тээвэр хийе л гэвэл тээврийн замынхаа хураамжаар, төлбөрөөр замаа засах л ёстой. Уг нь бол тонн тутмыг нь 50-60 доллараар зарж байгаа нүүрсний компаниудын хувьд тонн тутмаас хоёр долларыг нь тээврийн замынхаа арчлалт, засварт зориулна гэдэг хэн ч горойхооргүй л мөнгө. 60 доллар тутмын хоёр доллар гэдэг бол хотын гайгүй ресторанд үйлчилгээ авсны хөлсөнд үйлчлэгчид төлдөг цайны л мөнгө шүү дээ.

Гэтэл Тавантолгойн нүүрсний ашгийг хүртэж, өрмийг нь хамдаг компануид хоёр доллар дээр “луу унжих” нь тэдний хувьд тээврийн ашгийнх нь дэргэд жолоочийн амь хоёр доллараас ч үнэгүй болохыг илтгэх мэт. Мөнгөний өмнө нүд улаан л гэдэг юм. Гэхдээ л хоёр доллараас хямд амь, хоёр долларын баталгаатай амь гэж хаана ч байхгүй л баймаар. Хэрвээ байдаг хийгээд компаниудад мөнгө нь илүү чухал юм бол харамч хүн хоёр дахин төлдгийг бас мартаж болохгүй. Хатуу хучилттай замгүй, хатуу хучилттай зам нь арчлалтгүй байвал харамчийнхан хоёр дахин их төлөх цаг ойрхон л байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар 2013 онд 6.5 сая, 2014 онд 5.3 сая, 2015 онд 10.5 сая, 2016 оны эхний арваннэгэн сарын байдлаар 13.5 сая тонн нүүрс тээвэрлээд байна. Ирэх онуудад нүүрсний зах зээл сэргэс-нээр тээвэрлэлтийн хэмжээ 18-20 сая тоннд хүрэх тооцоо бий. Магадгүй Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулбал энэ хэмжээ хоёр дахин өснө. Гэтэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын ТЭЗҮ-ээр бол жилд максимум нь 18 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Замын арчлалт, засварыг цаг тухайд нь хийхээс гадна хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий. Хэрэв энэ чиглэлийн замын стандарт, арчлалт нь энэ шаардлагыг хангаж чадахгүй бол зах зээл дээр үнэ өссөн ч Тавантолгойн нүүрс тээврийнхээ “боол” хэвээр үлдэнэ. Ер нь бол Тавантолгойн нүүрс нь бус, төмөр зам, авто зам бүхий тээвэр нь анхдагч юм шүү дээ.

Г.БАТЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих