Өгийнуур сумыг өөрийн ах дүүсээр тойрон хүрээлүүлэгч хэн бэ
Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргаар томилогдон ажиллахаар завдаж буй Л.Алтангэрэл нь 2012-2016 онд сумын Засаг даргаар ажилласан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д зааснаар Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх заалт бий. Уг хуульд 23.6-д зааснаар Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтад мэдэгдэнэ гэж заасан байдаг. Гэтэл өнгөрсөн 4 жил аймгийн Засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтан нь энэ заалтыг хэрэгжүүлж урьдчилсан мэдүүлгийг нь хянуулаагүй төдийгүй Л.Алтангэрэлийг Засаг даргаар томилж 4 жил Засаг даргаар ажиллуулсан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-д зааснаар “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлдэг. Л.Алтангэрэлийн эхнэр Б.Бадамханд нь соёлын төвийн эрхлэгчээр 10 гаруй жил ажиллаж байгаа. Соёлын төвийн эрхлэгч Бадамхандтайгаа энэхүү хуулиар зөрчилдөж байгаа. Л.Алтангэрэлийн эхнэр Б.Бадамханд ЗДТГ-ын газрын дарга Ж.Батмагнай хоёр төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Ж.Батмагнайг Засаг дарга Л.Алтангэрэл 2016 оны 10 дугаар сард ЗДТГ-ын даргаар томилсон. Мөн Ж.Батмагнайгийн эхнэр н.Мөнхцэцэгийг ЗДТГ-ын санхүү тасгийн даргаар 2016 оны 10 дугаар сард томилсон. Дээрх хүмүүс нь шийдвэр гаргах бүрд 1, 2-р гарын үсэг зурдаг эрх мэдэлтнүүд. Эдгээрийн энэ үйлдэл гаргах нөхцлийг уг нь ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар хориглосон байдаг. Гэтэл хуулийг үл ойшоон өнөөдрийг хүртэл хууль зөрчсөн үйлдэл хийсээр байна. Энэ байдлаас харахад төрийн алба төрлийн алба болжээ.
Засаг даргаар томилогдох гэж буй албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэх мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтан нь хүлээн авах учиртай. Үүнийгээ ч АТГ-т мэдүүлэх ёстой. Гэтэл энэ бүгдийг Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан анзаарахгүй өнгөрөв үү. Аль эсвэл өөр ашиг сонирхол байна уу.
Галт
Цензургүй.мн
URL: