Тавантолгойн гэрээнээс болж, Засгийн газар унах уу
Мэргэжлийн Засгийн газрыг Тавантолгойн гэрээтэй холбоотойгоор огцруулахаар ярьж эхэлсэн гэх бор шувуу шаргал ордоноор нисч эхэллээ. Тодруулбал Ц.Даваасүрэн тэргүүтэй зарим гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар ярьж эхэлжээ.
Засгийн газар Тавантолгойн гэрээг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Хятадын Шиньхуа групптэй хамтран ажиллаж эхэлсэн. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэж үзэх хүмүүс бий. Гэтэл үүний цаана ноцтой асуудал нуугдаж байгаа талаарх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, Тавантолгойн 49 хувийг Хятадын талд 400 хан сая доллараар зарах тохироог хийсэн, уг асуудал Засгийн газрын түвшинд яригдаж эхэлсэн аж.
Эрх баригчид хоёрдугаар сарыг хүлээхгүйгээр үлдэгдэл өрийг 49 хувиар солих тухай яриаг өрнүүлж буй нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс Тавантолгойн асуудлаас болж Засгийн газрын суудал ганхаж магадгүй болоод байна.
Тэгвэл үүнийг Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд эсэргүүцэж байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт Ц.Даваасүрэн гишүүний өрөөнд 20-иод гишүүн цуглаж, энэ гэрээний талаар ярилцсан байна. Тэд “…Хэрэв Засгийн газар одоо яригдаж байгаа гэрээгээ УИХ-д оруулж ирвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина” гэж тохирцгоожээ. Ямартай ч Засгийн газар Тавантолгойн хувийг хятадуудад хямд зарах шийдвэрийг гаргавал тэд огцруулах асуудлыг хөндөх бололтой.
Сү.Батболдын Засгийн газар Тавантолгойн нүүрсийг барьцаанд тавьж Хятадын Чалко компаниас 350 сая долларыг зээлсэн. Энэхүү мөнгийг эх орны хишиг хэмээн 20 мянган төгрөг болгон иргэдэд тарааж дуусгасан байдаг. Энэхүү 350 сая долларын зээл тун удахгүй буюу ирэх оны хоёрдугаар сард дуусах гэж байгаа юм. Тэгвэл Шиньхуа группийнхэнтэй уулзсан уулзалтаар Хятадын тал уг зээлийн үлдэгдлийг тэглээд хариуд нь 49 хувийг авахаар манай талтай тохирсонгэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. Чалкотой байгуулсан гэрээний дагуу үлдсэн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компаниас 85 сая долларын өртөг бүхий нүүрсийг Хятадад нийлүүлэх үүрэгтэй. Энэ хэвээр нүүрсээ нийлүүлбэл ирэх оны хоёрдугаар сард Чалкогийн өрийг тэглэж дуусах юм.
Гэвч эрх баригчид хоёрдугаар сарыг хүлээхгүйгээр үлдэгдэл өрийг 49 хувиар солих тухай яриаг өрнүүлж буй нь анхаарал татаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд манай улс нүүрсээ Чалкод зах зээлийн үнээс маш хямд үнээр нийлүүлсэн. Тодруулбал, тонн тутмыг нь 70 доллараар нийлүүлсэн. Тавантолгойн 49 хувийг 485 сая доллараар үнэлсэн энэ наймааны цаана ямар нэгэн асуудал нуугдаж буй нь тодорхой.
Тавантолгойн төмөр замыг барихаар болбол Хятадын тал 49 хувийн давуу эрхтэйгээр оролцохоос гадна төмөр зам тавьсаны дараа 49 хувийг мөн эзэмшинэ гэх мэдээлэл ч байгаа юм. Тавантолгой бол коксжих нүүрсний нөөцийн хэмжээгээрээ дэлхийд эхний 10-т багтдаг. Үүнээс дөрвөн давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай буюу Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс чанараараа илүү. 6.5 тэрбум гаруй тонн нөөцтэй. Хамгийн сайн нөөцийн хувьд 100 аас дээш жил үргэлжлэх боломжтой. Тэгэхээр энэ их баялагийн 49 хувийг маш хямд үнээр зарахаар эрх баригчид тохирсон нь ийнхүү МАН-ын бүлгийн зарим гишүүдийн дургүйцлийг хүргэжээ.
Мэдээж 49 хувийг зарах дээрээ тулбал стратегийн чухал орд гэдэг үүднээс УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх учиртай. Уг асуудлыг оны өмнөхөн буюу бүх нийтийн амралтын өдрүүдээр УИХ-аар сэтхэн хэлэлцэж магадгүй гэх хардлага ч байгаа юм.
Түүнчлэн дээрх асуудалтай холбоотойгоор буюу Тавантолгойг ашиглах түншүүдийн гэрээ хэлцэхтэй холбогдуулж парламентад суудалгүй намууд байр сууриа нэгтгэжээ. Тэд нэгдүгээрт, мэдээлэл ил тод биш, Их хурлын гишүүдэд төслийн эхийг ирүүлээгүй. Хоёрдугаарт, гэрээ хэлцлийг хөшигний ард салбарын сайд, ажлын хэсэг, түншүүд гэсэн бүрэлдэхүүнтэй хийж байгаа. Гуравдугаарт, Монгол улсын сайд асан М.Энхсайханы хийсэн гэрээний эх дээр нөхцлийг шинэчлэх байдлаар гэрээ хэлцлийг үргэлжлүүлэн ярьж байгаа юу, шинэ төсөл боловсруулсан уу гэдэг нь бүрхэг байгааг парламентад суудалгүй намууд шүүмжилж байгаа юм. Тиймээс тэд тус асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болоод байна. Ямартай ч Тавантолгойн асуудлаас болж Засгийн газрын суудал ганхаж магадгүй болоод байна.
Б.Энхжин
http://www.24tsag.mn/content/144220.shtml
URL: