Монголын эдийн засгийн ГЭРЭЛТЭЙ ТОО “17.6″
Монгол Улсын гадаад валютын албан нөөц аравдугаар сарын эцсийн байдлаар 1.032 тэрбум ам.доллар байна.
Энэ нь импортын 5.1 сарын хэрэглээг хангахаар байгааг Монголбанкнаас мэдээлсэн. Гадаад валютын нөөц их байх нь төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй бөгөөд эдийн засгийн хүчин чадлыг харуулдаг том үзүүлэлт юм.
Харин валютын нөөцийг бүрдүүлэгч нэг хөшүүрэг нь АЛТ.
“Алт бол гадаад валютын найдвартай эх үүсвэр учраас дэлхийн улс орнууд алтаар валютын нөөцөө бүрдүүлдэг. Улс орнуудын Төв банкууд нийлээд 32,803 тонн алт эзэмшиж байна. Олон Улсын Валютын Сангийн мэдээллээс харахад 2016 оны наймдугаар сарын байдлаар АНУ 8,133 тонн алт, Герман улс 3,378 тонн алт дангаараа эзэмшдэг” гэж эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ хэлэв. Дээрх тоон үзүүлэлтээс харахад дэлхийн хамгийн чинээлэг, хүчирхэг эдийн засагтай улсууд хамгийн их алттай байна хэмээж дүгнэж болно.
Манай улс алтны татварыг хөнгөлөх бодлого явуулснаар алт тушаалт жил ирэх бүр нэмэгдсээр байгаа юм. 2006 онд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авдаг болсноос жилийн дотор алт тушаалт 40 хувиар буурч , 2010 он буюу дөрвөн жилийн дотор хоёр тонн хүртлээ долоо дахин буурсан юм.
Харин 2011 оноос хойш гэнэтийн ашгийг татварыг тэглэж, рояалтиг бууруулснаар Монголбанканд тушаагдаж буй алтны тоо их хэмжээгээр нэмэгдэж энэ жил 20 тонн-д хүрэх ч төсөөлөл байна.
Жилийн эхний 11 сарын байдлаар Монголбанк иргэд, ААН-ээс 17.6 тонн алт худалдан авчээ. Худалдан авсан алт 650 сая орчим ам.доллартай тэнцэж байгаа нь ГВАН-ийн 65 хувьтай тэнцэж байгаа тухай Монголбанкны ОНБМТ-ийн эдийн засагч Б.Мөнхзул мэдээлэв.
Жил бүр Монголбанканд тушаах алтны хэмжээ нэмэгдэж буйг та доорх графикаас харж болно.
ГРАФИК: МОНГОЛ БАНКНЫ АЛТ ХУДАЛДАН АВАЛТ
2016 оны арванхоёрдугаар 19-нд Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондонгийн үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээр (London Gold Fix PM, London Silver Fix) тогтоож байхаар болсноо нийтэд мэдэгдлээ.
Энэ шийдвэр гарахаас өмнө Монголбанк алтаа грам бүрийг нь Лондонгийн металын захын үнээс 2 ам.доллараар доогуур үнээр худалдан авдаг байжээ.
“Монгол Улс жилдээ 40 орчим тонн алт олборлож байгаагийн 17.6 тонн нь Монголбанканд тушаагдлаа. Бусад нь янз бүрийн аргаар бусад улс орнууд руу гараад байна. Гадаадад борлуулж буй үнэ ханш нь манай худалдаж авч буй үнэ ханшаас тийм ч их биш байгаа. Тийм учраас бид алтны бизнес эрхэлдэг хүмүүст дохио өгч, Монголбанкандаа тушаахыг уриалж байгаа. Монголбанкны алт худалдан авч буй үнэ хамгийн өндөр болсон шүү” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэв.
Алт тушаалтын хэмжээ ийнхүү нэмэгдэж буй Монголын эдийн засгийн нэг ч болтугай гэрэлтэй мэдээлэл юм. Гэхдээ бид улсын валютын нөөц болж чадахгүй, гадагш гарсаар байгаа алтны хэмжээг бууруулахын тулд үргэлж хууль эрх зүйн орчин нөхцөлөө сайжруулж байх шаардлагатай юм.
http://www.ikon.mn/n/wfj
Б.БЯМБАСҮРЭН, IKON.MN
URL: