Хятадын санааг амраасан гуйлт
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятад улсаас уучлалт гуйсан тухай мэдээлэл гадны хэвлэлүүдээр цацагдав. Далай ламыг эх орондоо хүлээн авсан нь бидний буруу, энэ Засгийн газрын үед түүнийг дахин улсдаа оруулахгүй гэх утгатай үгийг Гадаад харилцааны сайд хэлжээ. Мөн Далай ламын айлчлалд харамсаж байгаагаа ч илэрхийлсэн байна. Харин энэ гуйлтад хятадууд ихэд сэтгэл хангалуун байгаа бололтой.
БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь “Хятадын тал Монгол улсын гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын ил тод мэдэгдлийг талархан хүлээж авч байна. Төвдийн асуудал бол Хятад улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолтой холбоотой, Хятадын үндэсний ашиг сонирхолд хамаатай асуудал. Төвдийн талаарх Хятадын байр суурь хөдөлшгүй бөгөөд тодорхой. Монголын тал гаргасан алдаанаасаа суралцаж, Хятадын ашиг сонирхлыг хүндэтгэн, Хятад-Монголын харилцааг сайжруулах амлалтандаа хүрэхийн тулд хичээж ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ. Түүний хэлснээр бол Монгол Улс их том алдаа гаргажээ. Харин энэ алдаанд Хятад хатуухан сануулга өгсөн учраас ухаарч, уучлалт гуйж. Монголыг Хятад “дийлжээ”.
Далай ламын айлчлалаас үүдэж, Хятад манайхыг хэд хэдэн чиглэлээр хохироосон. Шадар сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарын айлчлал цуцлагдсан.
Арваннэгдүгээр сарын 23-25-нд болох байсан хоёр улсын парламентын зөвлөлдөх уулзалт цуцлагдсан. Парламентын хэмжээнд яригддаг том асуудлаа шийдэх чухал уулзалт байв. Мөн Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэнтэй уулзах ёстой байсан. Энэ уулзалтаар хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр, нүүрснээс хий гаргах төсөл гэх мэт асуудлаар яриа хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч БНХАУ хүлээж авах бололцоогүй гэдэг хариуг өгсөн талаар тухайн үед Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ярьж байв. Энэ мэтээр төрийн хэмжээнд яригдаж, шийдэх байсан олон асуудал хойш тавигдсан. Үүнээс гадна хилийн асуудлаас болж Монголын талд дэлхийн хамгийн урт автомашины түгжрэл үүсээд байсан. Нүүрс тээвэрлэсэн автомашиныг хилээр гарахад асуудал үүсээд зогсохгүй “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”, “Бичигт” боомтоор дамжин БНХАУ руу орж буй автомашин бүрээс нэмэгдэл хураамжаа аваад эхэлсэн. Хятадын тал ингэж хураамжаа нэмсэнээр Монголын аж ахуйн нэгжүүдээс жилдээ ойролцоогоор 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр төлж эхэлсэн.
Харин одоо байдал өөрчлөгдөх үү. БНХАУ-ын гадаад хэргийн яамны байр сууриас харвал хоёр орны харилцаа эргэн хэвийн түвшинд хүрч магадгүй нь. Монгол-Хятадын харилцаанд сэв суулаа хэмээн мэдэгдэж байсан хятадууд тайвширсан бололтой.
В.Бат
http://www.shuud.mn/content/read/477450.htm
URL: