АН 5 хуваагдах вий дээ
Шинэчлэл… Энэ үгийг АН-ын гэсэн тодотголтой хүн бүр ярьж байгаа. Энэ нам шинэчлэгдэхгүй бол өнгөрлөө, шавар шавхайтайгаа хутгалдаж байна. Шинэчлэл хийж байж л намаа аврах боломжтой гэж “бархирах” хүн ч чамгүй олон бий. Бүр АН-ыг шинэчлэх хөдөлгөөн ч гэх шиг. Хэдэн залуус нийлээд хөдөлгөөн өрнүүлээд, намыг шинэчилчих бололтой юм. Тийм амархан юм билээ тэр шинэчлэлийг чинь хаа сайгүй л хийгээд байж болно биз дээ.
Харамсалтай нь, шинэчлэл гэдэг тийм амар зүйл биш. АН энэ жил намын Их хурлаа хийсэн. Улмаар намын дүрмээ шинэчилсэн гээд байгаа. Яах вэ, шинээр цөөнгүй зүйлийг оруулж өгч байгаа юм билээ. Дээрээс нь намын даргаа ҮЗХ-ны хэдхэн хүнээс биш намын бүх гишүүдийн саналаар сонгодог байхаар болсон. Ингэснээр намын даргад өрсөлдөх таван хүний нэр тодорч, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваад, сонгуулийн сурталчилгаа нь албан ёсоор эхэлчихээд байна.
Даргын сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсролын сайд асан Л.Гантөмөр нар өрсөлдөнө. Энэ хүмүүс 40 хоногийн хугацаанд хамтдаа хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын дүүргүүдээр явж, иргэд, сонгогчидтойгоо уулзаж, ярилцах юм билээ.
Ингээд нэгдүгээр сарын 29-нд АН-ын даргын сонгуулийг орон даяар зохион байгуулж, нэг нь дарга болох учиртай. Намын даргын сонгуулийн марафон эхлэхээс өмнө 10-аад хүн өрсөлдөж магадгүй гэсэн таамаг явсан. Гэвч П.Цагаан, Г.Батхүү, Л.Болд зэрэг намын лидерүүд өрсөлдсөнгүй. Харин зарим нэг залуучууд өрсөлдөхөөр материалаа өгсөн ч намаас тавьсан зарим нэг шалгуурыг хангаж чадсангүй.
Намын даргыг бүх гишүүдийн санал авч сонгож байгаа юм чинь ядахын мууд дөрвөн жил солигдохгүй ажиллах байх. Цаашлаад өөрөө огцрох өргөдлөө өгөх хүртэл ажилласан ч болох учиртай. Шинэчлэл гэдэг чинь угтаа энэ юм. Хэрвээ сонгуулийн үр дүн энэ тэрээс хамаараад огцрохоо мэдэгдвэл хамаа алга. Бусдаар бол өөрчлөгдөхгүй л байвал сайн. АН-д байсхийгээд л сонгууль явуулаад байх мөнгө бэлэн ургаад байхгүй шүү дээ.
Энэ нам хурлаа хийгээд, дүрмээ шинэчлээд, даргын сонгуулиа сүр дуулиантай хийхээр болсон. Цаашлаад фракци гэж байхгүй болно гээд байгаа. Зарим нь фракциа татан буулгаснаа зарласан. Фракци татан буугдана ч гэж яадаг юм, хоорондоо дахиж уулзахгүй гэсэн үг юм уу, бүү мэд. Гэх зэргээр шинэчлэл нэртэй зарим нэг зүйл өрнөж байгаа ч намын даргын төлөө фракци бүрээс л нэг хүн нэр дэвшлээ шүү дээ.
Тухайлбал, Д.Эрдэнэбат гэхэд МҮДН фракцийнх гэгддэг. Н.Алтанхуягийн тухайд “Алтан гадас”-ынх. С.Эрдэнэ болохоор “Шонхор” фракцийнх. Л.Гантөмөр бол “Нэг ардчилал” гэдэг жижиг фракцитай байж байгаад татан буулгалаа л гэсэн. Ж.Батзанданг бол тэр энэ гэж хэлэхэд хэцүү. Иргэний хөдөлгөөний нам энэ тэр байгуулж яваад, гэнэт л АН-ын хаяаг түшиж, түүнийхээ ачаар хоёр удаа УИХ-д сонгогдоод явж байгаа нөхөр.
Ерөөсөө таван өөр эрх ашиг үнэртээд байгаа байхгүй юу. Яах вэ, одоогоор АН-ын дарга гэгдэж байгаа З.Энхболд хэн нь ч ялсан, ялагдсан, дарга болсон нэгнийгээ дэмжээд ажиллаарай гэж захисан. Энэ хэд нь ч тэгж амлаад байгаа. Гэхдээ яг тэгж чадах уу гэдэг асуулт санаа зовоож байна. Уг нь энэ нам шинэчлэгдээд, зангарагтай улстөрч дарга нь болоод, бусдыгаа зангидаад, улс орны төлөө зөв ажил хийгээд явбал ард түмэнд л хэрэгтэй. Гэвч яг амласан ёсоороо шинэчлэгдэж, өөрчлөгдөж чадах уу. Уг нь намын даргын төлөө илүү олон хүн өрсөлдсөн бол дээр байх байсан гэж санагдаад байгаа юм.
Гэтэл нэр дэвшинэ гэж байсан хүмүүс нэрээ татаж, зарим нь марафонд оролцохгүй орхисон нь нэг фракциас хоёр хүн давхардах гээд байснаас болсон юм биш биз гэсэн хардлага ч төрж байгаа. Нөгөө талаар сонгууль гэдэг өрсөлдөөн. Хэдийгээр энэ хүмүүс хамтдаа сурталчилгаагаа хийгээд явсан ч цаагуураа юмаа хийнэ, дарга болохын төлөө зүтгэнэ.
Магадгүй нэгийгээ муулна, янз бүр л болно. Өдий болтол фракци хоорондын “дайн”-д нэрвэгдсэн АН гэнэт л одоо өөрчлөгдөөд, нөхдүүд нэгэн эхийн хэвлийгээс төрсөн хүүхдүүд шиг болчихно ч гэж юу байх билээ. Дээрээс нь гишүүд, дэмжигчид нь хүртэл тэрүүхэндээ фракцид хуваагдчихаад өдийг хүрч байгаа. Ингээд л даргын сонгууль гээд намаа хэд хуваачих вий дээ гэж айгаад байна. Мэдээж фракци бүр өөрийнхөө төлөөллийг гаргах гэж оролдоно, ил, далд бага сага ч болов юм хийнэ.
Энэ нь түр зууртаа ч болов унтраад байгаа “гал зогсоох” хэлэлцээрийг үгүй хийчихгүй байгаа даа гэж айх юм. Цаашлаад хэн намын дарга болохоос их зүйл шалтгаална. Мэдээж нэг нь ялна. Тэр хүн өөрсдийнхөө фракцийн хүмүүсийг өөд нь татаад, бусдыгаа жийгээд, хэвлэлээр л дүүрэн “байлдаж” тоглохгүй л байх ёстой. Энэ дундаас намын дарга болгомооргүй хүний нэгдүгээрт Ж.Батзандан гишүүнийг нэрлэж болж байна. Сонгууль хийнэ гэдэг мэдээж зардал гарна.
Тэр зардлынхаа асуудлыг яаж шийдэхээ нам дээрээ яриад, тохирсны дараа хэвлэлийн хурал хийгээд, мөнгө хураах гэлээ, баячуудад боломж олголоо энэ тэр гээд хоосон пи ар хийж, дөвчигнөж байгаа хүн намыг өөд нь татлаа юу. Ёстой хол хэвтэнэ. Түүний оронд зүгээр л чуулган дээрээ ганц нэг үгээ дөмөгхөн хэлээд явж байсан нь дээр. Сайд асан Л.Гантөмөрийн хувьд хий хуй багатай, буурьтай, ид ирэн дээрээ яваа улстөрч. Түүнд туршлага, мэдлэг, чадвар гээд бүх зүйл бий.
Гагцхүү арай л бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй байна. Тэр намын дарга болоод, АН-ыг хутгалдчихаад байгаа “шавар”-наас нь татаж гаргаж чадах уу. Тийм бяд суух арай л болоогүй байна гэж хараад байгаа. Магадгүй 4-5 жилийн дараа бол түүнээс өөр дарга хийчих хүн бараг олдохгүй байх. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хувьд бүх тохироо нь бүрдчихсэн. Тэр дарга хийж чадна, туршлага байна уу бий.
Хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч. Гэхдээ л нам дотроо жаахан нэр хүнд муутай шүү дээ. Гол нь дарга болчихоод, дараа нь фракци биш нийт намын асуудлыг харах л хүн хэрэгтэй байна. Зөв шударга ажиллаж, энэ намын үнэхээр эвлэлдэн нэгтгэж, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг балиар байдлаас нь салгах хүн хэрэгтэй. Харин С.Эрдэнэ гишүүн үүнийг хийж барах уу гэдэг л эргэлзээ байна.
Түүнээс биш түүнд дутаад байх юу ч байхгүй. Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат хоёрын хувьд ч аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн, буурьтай, суурьтай, чадвартай улстөрчид. Н.Алтанхуяг намын даргаар ажиллаж, Д.Эрдэнэбат Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа намаа сонгуульд ялуулж дөнгөө биз дээ.
Цаашлаад АН, “Шинэчлэлийн” Засгийн газар энэ улс орныг ямар хэмжээнд хүргэсэн билээ. Бүтээн байгуулалтыг яаж хийж чадав. Саяхныг болтол сох хаягдсан байсан бүтээн байгуулалтыг зоригтой хийсэн, шийдсэн. Тиймээс дахиад намын удирдлагыг гартаа атгахад болохгүй зүйл байхгүй. Тэр дундаа Д.Эрдэнэбат бол бүр ч буурьтай, фракци гэж далдаганаад байхгүй, нэгдмэл нэг намыг бий болгочих чадалтай улстөрч гэж хараад байгаа. Гол нь тийм л хүмүүс энэ намын “жолоог” атгах хэрэгтэй байна.
mminfo.mn
Н.Пунцагболд
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
сумтай тэнэгүүд
”Ямар нэг нам нь сонгуульд олонх болж, торийн эрхийг барьж бодлогоо хэрэгжуулэхийг ТОРООС ХУЛГАЙ ХИЙХ БОЛОЛЖ” гэж уздэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын бутэхгуй нохдуудээс болж АН нь УНЭНДЭЭ СУЙРЛИЙН ИРМЭГТ ИРСЭНДЭЭ. Ийм хэцуу цаг уед ”ХУНИЙ ХУУЧИН НЬ, ДЭЭЛИЙН ШИНЭ НЬ ДЭЭР” гэдэг Монгол ухааны дагуу Н.АЛТАНХУЯГИЙГАА АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛГОЖ, НАМАА АВЧ УЛДЭХ, АН-ын ГИШУУД, ДЭМЖИГЧИД ЭЭ ХАМГААЛЖ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙЛГУЙ ЯАХАВ ДЭЭ. Ядаж энд нэр дэвшсэн хумуусийн дотор АРДЧИЛСАН НАМЫГ БУХ ШАТНЫ СОНГУУЛЬД УНАГААЖ, ард тумний дотор тэр нам шиг МУУ МУУХАЙ ЗУЙЛ БАЙХГУЙ ЮМ ШИГ ХАРАГДУУЛААД БАЙГАА Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ООДООС ХАРЖ БАЙГААД “ХУЦ” ГЭЖ ХЭЛЭЭД АРДЧИЛСАН НАМАА ХАМГААЛЧИХ ХУН Н.АЛТАНХУЯГААС ООР БАЙХГУЙ ШУУ ДЭЭ. С.Эрдэнийг “Нас барсан олон хуний нэрээр тэтгэвэрийн их хэмжээний монго авсан нь тогтоогдсон” гэх шиг Нийгмийн даатгалтай олон юм сохоод л ирвэл, энэ хуний алдааг залруулах гэсээр байгаад АН нь суйрнэ. Элбэгдоржийн байгуулсан “нэг ардчилал” хэмээх фракцын гишуун Гантомор нь АН-ын дарга болвол намын даргыг Элбэгдоржид ирэх жил хулээлгэж огоод л АН нь УУСААД БАЙХГУЙ БОЛНО. Монголын Ундэсний Дэвшлийн намын ул суурин дээр байгуулагдсан “МУДН фракцын гишуун Эрдэнэбатыг АН-ын дарга болговол Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан уйлдлийг нь МАН-ынхан гаргаж ирээд АН нь сэхэх биш суйрнэ. Ер нь намыг “хулгай хийх хэрэгсэл” болгосон нохдуудийг намаас хол байлгах нь зуйтэй. Батзандан бол одоохондоо АН-ын дарга хийх хэмжээнд хараахан очоогуй, бэлтгэгдээгуй хун тул “жижигдэнэ” шуу дээ.