Шинэ цагийн “Алунгоо”-гийн дүрд тоглосон З.Энхболдын дараагийн паян
Өчигдөр АН-ын даргад нэр дэвшигчдэд хувиасаа тус бүр 1 сая төгрөг хандивлах болсноо АН-ын дарга З.Энхболд фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Ардчилсан намын нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авахдаа Алунгоо эхийн домгийг дууриаж даргаасаа таван сум аваад сошиал ертөнцөөр дүүрэн онигоонд оржээ.
Арай л эвтэй найртай явахын захиас захиж байна гээд нэр дэвшигчдэдээ сум хугалж өгөх нь холгүй хөөрцөглөж байсан З.Энхболд намын даргын суудал горилогсдод хувиасаа тус бүр нэг сая төгрөг хандивлаад бас л баахан хүний эгдүүцлийг хүргээд амжжээ.
Тэртэй тэргүй олон зуун саяын дэнчин төлж намын даргын сунгаанд оролцож байгаа мөнгөтэй улстөрчдөд нэг сая төгрөг хандивлаж элдвийн яриа хөөрөөнд унаж байхын оронд мөнгө нь хүрэхгүй сунгаанаас хасагдсан өнөө муу залуу шинэчлэгч М.Чимэддорждоо таван саяа багцлаад хандивлачихгүй дээ хэмээн шинэчлэгч залуучууд нь халаглацгааж байна.
Нээрэн л М.Чимэддоржийг мөнгө төгрөг нь хүрэхгүй байна, цувуулж увуулаад ч болов намын даргын сунгаанд оролцъё гээд гуйгаад байхад нь нүүр буруулалгүй зөвшөөрчихгүй хэрнээ, намын даргын суудлын төлөө 200, 300 саяар нь цацахад ч бэлэн байгаа шигшмэл тавын тоож харахгүй хэмжээний мөнгийг хандивлаж намаа шинэчлэе гээд байгаа хөдөлгөөний залуучууд, намын гишүүдийнхээ эгдүүцлийг төрүүлж байх гэж.
Энэ үйлдлийг З.Энхболд дарга учиргүй өгөөмөр гар султайдаа ч биш хоёрдугаар сарын 12-нд болох Ардчилсан намын ээлжит Их хурлаас энэ тавын хэн нэг нь намын дарга болох тул араа бодож бүгдэд нь тал зассан ядруухан мэх гэж намынх нь гишүүд элэглэж байгаа дуулдана.
URL: