”Цэнхэр үст” Цэрэн, Ц.Туяацэцэг нар бусдаас будаа идсэн үү?
Монголын Байгаль Орчны Төлөөх Хуульчдын Холбооны хүсэлтээр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтод Швейцар улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар тус холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг, иргэн Д.Цэрэндолгор нар мэдээлсэн.
Мөн тэдний зүгээс ийнхүү хэрэг үүсгэх болсон шалтгаанийг, “Credit Suisse” банкин дахь С.Баярцогтын дансанд хадгалагдаж буй 9.2 сая ам.доллартой холбоотой гэх мэдээллийг олон нийтэд өгсөн нь шуугиан тариад байна.
Ингэж мэдээлэхдээ тэд таны харж буй уг баримтыг нотолгоо болгож сошиал орчинд нийтэлсэн юм. Тэгвэл С.Баярцогттой холбоотой тус баримт нь 2016 оны сонгуулийн өмнө Монгол HD телевизэд эх сурвалжаас ирүүлж байсан баримт аж. Ирүүлсэн мэдээллийн үнэ зөвийг баталгаажуулах үүднээс Монгол HD тв-ийн мэдээний алба тухайн үед С.Баярцогтоос тодруулга авч, мэдээ бэлтгэж байсан болохыг тус телевизээс өчигдөр орой мэдээлэв.
Үүнтэй холбоотойгоор Иргэн Д.Цэрэндолгор, Ц.Туяацэцэг нарыг нийгэмд шуугиан тарьж, зориуд олны анхаарлыг татах зорилгоор хуучирсан баримтыг шинээр олж авсан мэтээр ойлголт төрүүлж, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж байна хэмээн буруутгах хандлага сошиал орчинд давамгайлж байна.
Эх сурвалж: Zuv.mn
URL: