Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан марк гарлаа
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан маркийг Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хийж гүйлгээнд өнөөдрөөс гаргаж байна. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Ю.Цэдэнбалын дүү Ю.Жавзан, Юмжаагийн Цэдэнбалын Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч С.Галсан, УИХ-ын гишүүд, хүндэт төлөөлөгчид оролцлоо.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар анхны өдрийн дугтуйг тамгалж гарын үсэг зурж баталгаажууллаа.
100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоол, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын 333 дугаар тогтоолын хүрээнд Монголын үндэсний Төв музейд “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн, Ц.Жамбалсүрэн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат “Маршалын нууц товчоон” ном гаргасан, Ю.Цэдэнбал агсны төрсөн газар Дурсгалын гэрэлт хөшөө босгосон, эрдэм шинжилгээний томоохон хурал зохион байгуулсан, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгосон зэрэг ажлыг зохион байгуулсан гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: