Хятадын “цагтай”,”цаггүй” хоёр авилгачны баригдсан хөгжилтэй түүхээс…
Энэ хэрэг явдал 2012 онд Шаньси хотод гарсан томоохон ослоос эхэлсэн. 36 хүн амиа алдсан аймшигт зам тээврийн ослын газарт инээмсэглэн зогсож байгаа түшмэлийн зураг хэвлэлээр цацагдсан даруйдаа шуугиан тарьжээ.
Үхэл аймшиг нүүрлэсэн газарт инээд алдан зогсох түшмэл тэр дороо л олны анхааралд өртсөн. “Би угаасаа л байнга инээмсэглэж явдаг хүн” тайлбарласан түшмэлийг олон нийтийн идэвхитүүд сонирхон эхэлсэн байна. Ердөө хэдхэн хоногийн дараа инээмсэглэгч түшмэл гуай дэлхийн алдартай брэнд цагны хоббитон болох нь тогтоогджээ. Хэвлэл цахимаар түүний энд тэнд зүүж явахдаа авахуулсан 12 алдартай брэнд цагных нь бүхэл бүтэн зургын цомог цацагдсан.
Тэрээр 1500-70 мянга хүртэлхи долларын үнэтэй цаг зүүдэг нь жирийн түшмэлийн хувьд байж боломгүй их мөнгө байлаа. Мөн бусад үнэт эдлэлүүд нь илэрчээ.
Инээмсэглэгч түшмэл бүх брэнд цагаа хууль ёсны орлогоороо худалдаж авсан гэж мэдүүлсэн ч хуулийн байгууллага шалгалтаа эхлүүлэн авлигал авдаг болохыг нь тогтоожээ. Шүүх цагны хорхойтой түшмэлд 12 жилийн хорих ял оноосноор тэрээр авлигалын түүхэнд “цагтай авлигач” гэж оржээ.
Үүний дараагаар “цаггүй” авлигач бас тодорсон байна. Үерийн гамшгийн газар ажиллаж байгаа Хятадын Ерөнхий сайдын дэргэд зогсож байгаа цагны ором нь тод харагдсан бугуйтай түшмэлийн зураг цахимаар цацагджээ.
“Цагтай” түшмэлийн хэргийн дараа төрийн албан хаагчид ганган хээнцэр эдлэл зүүж олон нийтийн өмнө гарах нь илт цөөрсөн байлаа. Олон нийтийн идэвхитнүүд тэр дороо л “цаггүй” түшмэлийг судалж гарчээ. Удалгүй түүнийг бас л олон тооны үнэтэй брэнд цагтай ч түүнийгээ зүүдэггүй болохыг нь илчилсэн байна. Шүүх “цаггүй” түшмэлд найман жилийн ял оноосноор “цаггүй” авлигач хэмээн алдаршжээ.
URL: